Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өглөөний цай нь хүний ТАРХИЙГ СЭРГЭЭЖ, сурагчдад СУРЛАГЫН АМЖИЛТ үзүүлэхэд тусалдаг

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

- ЗӨВЛӨГӨӨ -

Хоол хүнсээ тохируулж хэрэглэх нь эрүүл амьдарлын үндэс билээ. 

Тухайн хүн нас хүйс, ажил хөдөлмөр, байгаль цаг уурын онцлог, хөдөлгөөний идэвх, эрүүл мэндийн байдалдаа зөв тохируулан хооллохыг зохистой хооллолт гэнэ.

Зохистой хооллох нь ямар ашигтай байдаг, мөн Монгол хүн ямар хоол идвэл байгаль цаг уур, бидний биеийн онцлогт тохирох талаар Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн (НЭМҮТ) хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Д.Ганболороос дараах мэдээллүүдийг авлаа. 

Уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис, амин дэм, ус зэрэг зургаан төрлийн шим тэжээлийн бодисыг бид 6 бүлэг хүнсний бүтээгдэхүүнээс авдаг. Үүнд, үр тариа, мах, ногоо, жимс, сүү, тос гэсэн 6 бүлэг хүнсний бүтээгдэхүүн орно. Эдгээрийг зөв зохистой тохируулж хэрэглэж байж эрдэс бодис, шим тэжээлийг хангалттай сайн авч чадах юм.

Манай улс маш эрс тэрс уур амьсгалтай орон учраас Монголчууд цаг агаарынхаа нөхцөл байдалдаа тааруулж аль болох амин дэмээр баялаг, шим тэжээллэг эрүүл хоол хүнсийг сонгож хэрэглэх хэрэгтэй талаар Д.Ганболор зөвлөж байлаа. 

Судалгаагаар Монгол хүн бүрийн хоногт авах илчлэгийн хэмжээ харилцан адилгүй байдаг байна.

2017 онд Эрүүл Мэндийн сайдын (ЭМС) судалгаагаар хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодисын зөвлөх хэмжээг баталжээ. Энэ хэмжээгээр: 

Хүүхэд, өсвөр нас:  

Нас

Эрэгтэй

Эмэгтэй

1-3

1060 ккал

980 ккал

4-6

1470 ккал

1330 ккал

7-10

1820 ккал

1650 ккал

11-14

2500 ккал

2170 ккал

15-18

2700 ккал

2280 ккал

Насанд хүрэгчид:     

Нас

Эрэгтэй

Эмэгтэй

18-29.9

2400 ккал

1990 ккал

30-59.9

2380 ккал

1850 ккал

Хоногт авах илчлэгийн тоог 100 хувь гэж үзвэл:

  • өглөөний цай нь 25 хувь,
  • бага үдийн цай 10-15 хувь,
  • өдрийн хоол 35-40 хувь,
  • оройн хоол нь 20-25 хувиас ихгүй гэж үздэг байна. Зуны цагт оройн хоолыг 10-15 хувиас хэтрүүлэхгүй байх нь зүйтэй.
Түүнчлэн, өглөөний цайг заавал идэх ёстой. Өглөөний цай нь хүний тархийг сэргээж, үдээс өмнө ажиллахад нь эрч хүч өгж, сурагчдад сурлагын амжилт үзүүлэхэд тусалдаг нь судалгаагаар батлагджээ. Мөн, эрдэмтдийн судалснаар таргалалттай хүмүүсийн 75 хувь нь өглөөний цайгаа уудаггүй зуршилтай байдаг аж.

Монголчуудын 15-64 насныхны 34.8 хувь нь илүүдэл жинтэй

Судалгаагаар халдварт бус өвчлөлийн шалтгааны 80 хувь нь хоол хүнснээс шалтгаалдаг гэж үздэг. 

Сүүлийн үед зохисгүй хооллолтоос болж илүүдэл жин, таргалалт ихсэж байна. НЭМҮТ-өөс 2013 онд халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан судалгааг хийжээ.

Судалгааг 15-64 насны 6,013 хүний дунд явуулсан байна. Тэдгээрээс 34.8 хувь нь илүүдэл жинтэй байсан ба эрэгтэй 33.9 хувь, эмэгтэй 35.7 хувь эзэлжээ. Харин таргалалаттай хүн амын эзлэх хувь 19.7 хувь байснаас эрэгтэй 15.2 хувь, эмэгтэй 24.2 хувь байсан байна. Тиймэс та бүхэндээ зохистой хооллолтын хамгийн энгийн 11 зөвлөмжийг өгч байна. 

Зөв, зохистой хооллолтын 11 зөвлөмж 

  1. Өглөөний цайг заавал уух
  2. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдхүүнийг давамгайлан хэрэглэх
  3. Эслэг агуулсан хүнс хэрэглэх
  4. Төрөл бүрийн жимс, жимсгэнэ, хүнсний ногоо , ногоон өнгийн навчит ургамал зэрэг кальц ихээр агуулдаг бүтээгдхүүнийг түлхүү хэрэглэх
  5. Сүү, сүүн бүтээгдэхүүн, загасны мах хэрэглэх    
  6. Өөх тосыг тохируулан, амьтны гаралтай өөх аль болох бага хэрэглэх
  7. Транс тосноос татгалзах
  8. Сахар, чихэр, иоджуулсан давсыг тохируулан хэрэглэх
  9. Хөдөлгөөний хомсдолгүй, илүүдэл жингүй байх
  10. Аюулгүй цэвэр ундны ус хэрэглэх 
  11. Архи, согтууруулах ундааг хязгаартай хэрэглэх