Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Унгар дахь Жорж Соросын байгуулсан их сургуулийг хаахын эсрэг тэмцлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Унгарын болон гадаадын мянга мянган оюутнууд, багш профессорууд, иргэд санхүүч Жорж Соросын байгуулсан сургуулийг хаах хуулийг эргүүлэн татахыг засгийн газраас шаардаж жагсжээ.

Жагсагчид 1991 онд Соросын байгуулсан Төв Европын Их сургуулийг хаах нь боловсролын эрх чөлөөнд халдаж буй хэрэг гэж үзэн парламентад шаардлага хүргүүлсэн байна. Дээрх хуулийг парламент ойрын үед хэлэлцэхээр бэлдэж байгаа юм.

Соросын санг хүчтэй шүүмжлэгч ерөнхий сайд Виктор Орбан өнгөрсөн Баасан гарагт үг хэлэхдээ Төв Европын Их сургуулийг хууль бус замаар төгсөгчдөд диплом олгодог гэсэн байна. Харин сургуулийн зүгээс өөрийгөө хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, Унгар, АНУ-ын диплом олгох зөвшөөрөлтэй гэжээ.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр засгийн газар гадаадын их дээд сургуулиудад хэд хэдэн шинэ стандарт тогтоох хуулийн төсөл парламентад хүргүүлсэн юм. Энэ хуулийн шаардлагаар бол Төв Европын Их сургууль тус улсад ажиллах боломжгүй болохоор байна.

Шинэ хуулийн төсөлд гадаадын их сургуулиуд нь зөвхөн Будапештэд төдийгүй, өөрийн улс орондоо оюутны хотхонтой байхаар тусгасан байна. Гэтэл Төв Европын Их сургууль Будапештээс өөр газарт салбаргүй юм.

Унгарын боловсролын байгууллагууд, олон улсын 500 гаруй эрдэмтэд, 17 Нобелийн шагналтан Соросын байгуулсан сургуулийг Унгарт үлдээхийн тулд нэгдсэн байна. Баасан гарагт АНУ-ын төрийн департмент мэдэгдэл гаргаж, Төв Европын Их сургуулийн үйл ажиллагаа, хараат бус байдалд нөлөөлөх хууль гаргахгүй байхыг Унгарын засгийн газарт уриалжээ.

 

Эх сурвалж: Reuters