Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол улсын нэр холбогдсон тагнуулын хэргийг Германы засгийн газар шалгаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Туркийн засгийн газрын “Diyanet” шашны хэрэг эрхлэх газар өнгөрсөн онд тус улсад төрийн эргэлт хийх гэж оролдсон гэгддэг Фетхуллах Гюлений хөдөлгөөний гишүүдтэй холбоотой мэдээлэл цуглуулж өгөхийг 35 улсад суугаа өөрийн элчин сайд нартаа даалгасан тухай материал саяхан дэлгэгдсэн юм.

Эдгээр 35 улсын дотор Австрали, Нигери, Мавритани, Монгол зэрэг улсууд багтаж байгааг дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлсэн байна. 

Тэгвэл Германы засгийн газар өөрийнх нь нутаг дэвсгэрт Гюлений “Хизмет” хөдөлгөөний гишүүдийг тагнаж чагнах ажиллагааг Туркийн талаас явуулсан эсэхийг мөрдөн шалгаж эхэлжээ.

АНУ-д цагаачлан амьдардаг, номлогч Фетхуллах Гюленийг өнгөрсөн оны долдугаар сард Туркэд гарсан төрийн эргэлт хийх оролдлогын гол зохион байгуулагч гэж ерөнхийлөгч Эрдоган үздэг. Тэрээр Америкийн талаас Гюлленийг шилжүүлж өгөхийг шаарддаг ч Вашингтон үүнд хангалттай баримт нотолгоо байхгүй гэж үзээд татгалздаг юм.

Өнгөрсөн оны есдүгээр сард Анкарагийн хүсэлтээр дэлхийн дөрвөн тивд суугаа Туркийн элчин сайдын яамд өөр өөрийн хариуцсан улс орнуудад байгаа Гюлений дэмжигчдийн талаарх мэдээллийг цуглуулж өгсөн гэх бичиг баримтыг Австрийн улс төрч өнгөрч байгаа долоо хоногт нийтэд зарлажээ.

Түүний баримт дээр үндэслэн Германаас гадна Австри, Швейцарь улсуудын эрх баригчид Туркууд өөрийн газар нутагт нь тагнуулын үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгаж эхэлсэн байна.

Австрийн парламентын гишүүн Питер Пилц “Дэлхий даяар тагнуулын сүлжээ үүсгэсэн байгаа нь тодорхой байна” гээд “Ийм сүлжээ бий болгоход хэр их хугацаа орсныг бид хэлж чадахгүй. Гэхдээ миний үзэж байгаагаар олон жилийн ажиллагааны үр дүн байх” гэж дэлгэсэн баримтынхаа талаар ярьжээ.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 20-нд Туркийн засгийн газар, “Diyanet” байгууллагаас элчин сайд нартаа илгээсэн даалгавар, мөн хариуд нь ирсэн Гюлений талын хүмүүсийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг олж авснаа ноён Пилц саяхан ил болгосон юм.

Баримтад 300 гаруй хүний гэрэл зураг, нэр, зарим хяналтын камерын нууц бичлэг байгаа нь тэд хэр өргөн хүрээнд ажиллаж байсныг харуулжээ.

Гюлений хөдөлгөөний гишүүдийг тагнаж чагнасан гэх энэ хэрэг сүүлийн үед эрс муудаад байгаа Турк-Европын харилцааг улам дордуулахаар байна.

 

Эх сурвалж: Independent