Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Парагвайн иргэд эрх баригчдын эсрэг тэмцэж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америкийн Парагвай улсын парламент Баасан гарагт үндсэн хуульд нууцаар нэмэлт өөрчлөлт хийж, одоогийн ерөнхийлөгч Хорацио Картесийг 2018 онд дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг нээж өгчээ.

Энэ үйл явдлыг сөрөг хүчнийхэн “төрийн эргэлт” гэж нэрлэсэн бөгөөд Баасан гарагийн үдээс хойш нийслэл Асунсионд иргэдийн тэмцэл эхэлсэн байна. 

1989 онд Парагвайн сүүлчийн дарангуйлагч унасны дараа1992 оноос эхлэн үндсэн хуулиндаа ерөнхийлөгч нарыг дахин сонгогдохыг хориглосон байсан юм.

“Төрийн эргэлт боллоо. Ард иргэдийг бидэнтэй хамт тэмцэхийг уриалж байна” хэмээн тус улсын сөрөг хүчний удирдагчдын нэг Дэсире Маси мэдэгджээ.

 

Тэмцлийн улмаас Баасан гарагийн шөнө конгрессын байранд түймэр гарсан байна. Олон тооны жагсагчид, цагдаа, улс төрчид гэмтэж бэртсэн тухай дотоод хэргийн сайд мэдээлжээ. Энэхүү тэмцэл нь Өмнөд Америкийн харьцангуй нам гүмд тооцогддог Парагвай улсын хувьд ховор үзэгдэл юм.

Баасан гарагийн өглөө парламентын дээд танхим хаалттай хаалганы цаана хуралдаж, 45 сенаторын 25 нь үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн санал өгчээ. Шийдвэрийг парламентын доод танхим батлах ёстой.

Ерөнхийлөгчийг хүчтэй дэмжигчид ихэнх нь байгаа доод танхим Бямба гарагийн өглөө хуралдаж, үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах байсан юм. Гэвч олон нийтийн эсэргүүцэл, тэмцэл өрнөсөн тул байдал тогтворжтол хойшлуулаад байна.

Бямба гарагийн өглөө цагдаа, иргэдийн хооронд мөргөлдөөн эрчимжиж, тэмцэгчдээс 25 настай залуу амиа алдсан нь байдлыг улам хурцатгалаа.

 

25 настай Родриго Квинтана цагдаа нартай мөргөлдөх үеэр буудуулж шархтаад сүүлд эмнэлэгт амиа алджээ. Энэ явдал 6.8 сая хүн амтай Парагвай улсад гарсан иргэдийн тэмцлийг эрчимжүүлж магадгүй болсон байна.

Харгис дэглэмийн түүхийг амссан Парагвай, Перу, Чили зэрэг хэд хэдэн Латин Америкийн орнуудад ерөнхийлөгчийг дахин сонгогдохыг хориглодог юм. Сүүлд Колумби, Венесуэль улсууд үндсэн хуулиа өөрчилж, дахин сонгогдох боломжийг нээсэн байдаг.

2013 онд Парагвайн ерөнхийлөгчөөр ус ундаа, тамхины үйлдвэрлэлийн магнат Хорацио Картес сонгогдож, таван жилийн хугацаанд ажиллах эрхээ авсан. Хэрвээ Парагвайн үндсэн хуульд өөрчлөлт орвол тэр 2018 онд дахин нэр дэвших юм.

 

Эх сурвалж: The Guardian