Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп зарлигт гарын үсэг зурах ёслолыг хаяж явжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шинэ зарлигт гарын үсэг зурах ёслолыг гэнэт орхин явсан байна. Тэр хууль бус худалдаатай тэмцэх зарлигт гарын үсэг зурах ёстой байсан юм.

Олон тооны сэтгүүлчид, зураглаачдын өмнө товчхон үг хэлснийхээ дараа Трамп зарлигт гарын үсэг зуралгүйгээр шууд танхимаас гарч явжээ. Дэд ерөнхийлөгч Майк Пэнс түүнийг буцаах гэж оролдсон ч Трамп хаалганы цаанаас түүнд үг хэлчихээд цааш явсан юм.

Үүний дараа дэд ерөнхийлөгч зарлигийн баримт бичгийг ширээн дээрээс аваад араас нь явжээ. Трамп сүүлд гарын үсэг зурж, зарлигийг баталсан тухай мэдээлэл ирсэн байна.

Трампын ойрын хүмүүс сонгуулийн үеэр Оросын тусгай албадтай холбоотой байсан гэх мэдээлэл гарах болсон юм. Түүний үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флинн хэрвээ шүүхээс халдашгүй эрх өгвөл энэ хэргийн талаар мэдээлэл өгнө гэж мэдэгдсэн нь Трампыг нэлээд дарамтад оруулаад байгаа.

Баасан гарагт зарлигт гарын үсэг зуралгүй гарч явсан нь Трампын сэтгэл санаа ямар байгааг харуулж байж болзошгүй байна.

 

Эх сурвалж: Business Insider