Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Пак Гын Хэ ямар өрөөнд хэрхэн хоригдох вэ?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 1
iKon.MN

Хэдхэн хоногийн өмнө Азийн дөрөв дэх том эдийн засагтай Өмнөд Солонгосын ерөнхийлөгч байсан хүн өнөөдөр жижигхэн өрөөнд хоригдож байна.

Хоригдлын хувцас өмсөж үзсэн тус улсын гурав дахь ерөнхийлөгч болж байгаа Пак Гын Хэг Баасан гарагийн шөнө 03:00 цагт хорих шийдвэр гаргаж, 15 минутын дараа Сөүлийн захад хорих газарт хүргэсэн юм. Түүнд авлига, албан тушаал хэтрүүлэн ашигласан, төрийн нууцыг задалсан зэрэг нийт 13 хэрэг тулгаж, баривчлахаар болсон байна.

Пак Гын Хэгийн хоригдлын амьдрал үзлэгээр эхэлжээ.

Түүнийг эхлээд Пак Гын Хэ мөн эсэхийг шалгаж, дараа нь эрүүл мэндийн үзлэгт оруулсан байна. Энэ үзлэг тун нарийн явагддаг ба шулуун гэдсэндээ элдэв зүйл нуусан үгүйг нь хүртэл дурангаар шалгадаг гэнэ. Дараа нь шүршүүрт оруулж, хоригдлын дүрэмт хувцас, нүүр гарын алчуур, ор дэрний хэрэгсэл, шүдний оо сойз зэргийг олгоод өрөөнд нь оруулсан байна.

Цайвар ногоон өнгийн дүрэмт хувцасны баруун энгэрт өрөөнийх нь дугаар байдаг бол зүүн энгэрт нь хоригдлын дугаар хадаастай байгаа гэнэ.

Экс ерөнхийлөгчийн хоригдох өрөөний талбай 6.56 метр.кв. Энд жорлон, телевиз, эвхдэг гудас, угаалтуур, шүүгээ, ширээ, цахилгаан халаагууртай шал багтдаг.

 

Ерөнхийлөгч байсан хүний хувьд түүнд ийм өрөөнд ганцаар суух боломж олгожээ. Бусад хоригдлууд үүнээс жижиг талбайтай өрөөнд зургуулаа хоригддог гэнэ.

Хорих төвд өдөрт гурван хоол өгдөг. Баасан гарагийн өглөө Пак Гын Хэ анхны өглөөний цайгаа зооглосон ба үүнд бяслаг, улаан лоольны нухаштай талх өгсөн байна.

Хоригдлууд өглөө 06:00 цагт босох, орой 08:00 цагт орондоо орох дүрэмтэй. Орой 08:00 цагт гэрэл, цахилгааныг нь салгадаг гэнэ.

Ням гарагаас бусад өдөр экс ерөнхийлөгч өдөрт 45 минут салхинд гарах эрхтэй. Албан ёсоор ял оноогоогүй байгаа тул тэр ажил хийхгүй юм байна.

08:30-аас 16:00 цагийн хооронд өдөрт нэг удаа 30 минутаас хэтрэхгүйгээр эргэлт авах боломжтой. Харин өмгөөлөгчтэйгээ хэдэн ч удаа уулзах боломжтой гэжээ.

Хорих газрын хангамжаас гадна Пак Гын Хэ бусад хоригдлуудын нэгэн адил сард 3 сая вон ($2,670) хүртэл мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулах эрхтэй. Ийм мөнгөөр тэр хувцас, ор дэрний хэрэгсэл, эм, ном зэрэг зүйл захиалж авч болох гэнэ. Мөн өдөрт 20,000 воныг нэмэлт хоол хүнсэнд зарцуулах эрхтэй.

Харин Пак олонд танил болсон үс засалтаа хадгалж чадахгүй болсон байна. Гаднаас үсчин оруулдаггүй тул тэр хорих газрын нийтийн үсчнээр сард нэг удаа үсээ тайруулах л эрхтэй болжээ.

 

Эх сурвалж: Korea Times