Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт амьдардаг Африкчууд хүнд байдалд байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн хойд хэсэгт амьдардаг Африк хүмүүс гэрээс цухуйвал хүчирхийлэлд өртөх аюултай болоод байна. Делигийн ойролцоох Нойда дүүргийн их дэлгүүрт Нигерийн нэг оюутан ухаангүй болтлоо бүлэг хүмүүст зодуулсан бол таван оюутан мөн нэмж зодуулжээ.

Хутга, тоосго чулуугаар зэвсэглэсэн хүмүүс оюутныг ухаангүй болтол нь зодож байхад хэн ч хориглоогүй, цагдаа дуудаагүй байна. Үүний дараа дахин хоёр Африк оюутан руу багтай хүмүүс довтолсон хэрэг гарчээ.

Энэ бүх хүчирхийллийн шалтгаан нь мансууруулах бодис хэтрүүлж хэрэглэсэн өсвөр насны хүү амиа алдсантай холбоотой. Талийгаачийн эцэг, эх нь Нигерийн оюутнууд хүүд нь мансууруулах бодис зардаг байсан гэж буруутгаснаас Энэтхэгийн иргэд Африкчуудын эсрэг түрэмгийлэл үйлдэх болсон юм.

Энэ хэргийн дараа цагдаа нар таван Нигери оюутныг баривчилж шалгасан ч тун хэтрүүлснээс болж амиа алдсан гэх нотолгоо олоогүй тул сулласан байна. Цагдаагийн шийдвэрийн дараа Энэтхэгчүүд хууль бус замаар Африк хүмүүсийг хашрааж эхэлсэн нь энэ ажээ.

Саяхан Энэтхэг дэхь Африк Оюутнуудын Холбооноос мэдэгдэл гаргаж, байдал сайжиртал нутаг нэгтнүүдээ гэрээс гарахгүй байхыг анхааруулсан байна. Энэтхэгийн гадаад хэргийн сайд Сушма Свараж “Уттар Прадеш мужийн захиргаанаас Нойда дахь Африк оюутнуудад халдсан хэрэгтэй холбоотой мэдээлэл” шаардсан тухайгаа твиттер хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: Independent