Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хаврын чуулганаас юу хүлээх вэ

С.Шийлэгт, Ардын эрх
2017 оны 4 сарын 3
Ардын эрх
Зураг зураг

Олон улстөрчийн ойрын ирээдүйг шийддэг УИХ, орон нутгийн сонгууль өнгөрсөн жил болоод өнгөрсөн учраас энэ хаврын улс төрийн уур амьсгал нам гүмхэн байна. УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар МАХН-д “хадаг барьж байгаа”-г эс тооцвол удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн сураг ч алга.

Хий хоосон улстөржилтгүй, элдэв поп амлалтгүй байна гэдэг сайн. Гэхдээ улс төр өөрөө нийгэм, эдийн засагт хэтэрхий их хүлээлт үүсгэж байна. Ялангуяа эдийн засагт. Татвар нэмэгдэх үү, хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах уу, автомашин, шатахууны үнэ нэмэгдэх үү гэх мэт хүлээлт олон нийт, бизнес эрхлэгчдийн дунд хэдийнээ үүсчээ.

Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. УИХ ээлжит бусаар хуралдах ч юм шиг, үгүй ч юм шиг байсаар ээлжит чуулгантай золгох гэж байна. Тиймээс энэ хаврыг “Хүлээлтийн хавар” гэж нэрлэж ч болох юм. Энэ бүх хүлээлтийн хариултыг тодорхой болгох УИХ-ын хаврын чуулган энэ долоо хоногт нээлтээ хийнэ. Гэхдээ УИХ-ын даргын захирамж хараахан гараагүй байна.

УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад айлчилж байгаа бөгөөд залгуулаад Бангладеш улсад энэ сарын 2 хүртэл үргэлжлэх Олон улсын парламентын холбооны Ассамблейн 136-р чуулганд оролцоно. Хаврын чуулганыг хуулийн хугацаанд нь эхлүүлэх бол тэрбээр ирсэн даруйдаа захирамж гаргана.

Дараагийн чуулганаар хэлэлцэх төслүүдийнхээ жагсаалтыг өмнөх чуулганаараа баталдаг хуулийн заалттай. Үүний дагуу намрын чуулганаар 34 төсөл хэлэлцэхээр төлөвлөж баталсан. Гэхдээ чуулган бүрийн эхэнд УИХ-ын дарга захирамж гаргахдаа тухайн чуулганаар эхний ээлжинд хэлэлцэх төслүүдийн жагсаалтыг хамт гаргадаг. Тэгэхээр түүний гаргах захирамж олон нийтийн хүлээлтэд урьдчилсан байдлаар хариулт өгнө гэсэн үг. Түүний захирамжаас юу хүлээх вэ гэдгийг онцлон хүргэе. 

ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ 

Хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол 2017 оны төсөвт тодотгол хийх. УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулган завсарласны дараа хуралдаж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй гэж олонхоороо шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, эрх баригчид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах улс төрийн шийдвэрээ гаргачихсан гэсэн үг. Гэвч хөтөлбөрт хамрагдахын тулд гаргах шийдвэрүүд нь 65-ын бүлгийнхнийг эргэлзүүлж эхэлжээ.

ОУВС-гийн шаардлагын дагуу зургаан төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэх зэрэг шийдвэр гаргах нь тийм ч амаргүй. Ялангуяа, Ерөнхийлөгчийн сонгууль хаянд тулсан энэ үед. Тиймээс эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ бүхнийг шийдэж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг ч үгүйсгэхгүй. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар идэвхтэй ажиллаж байсан Засгийн газар Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийн хугацааг хойшлуулаад санаа амарлаа гэсэн шиг чимээгүй боллоо.

Нөгөөтээгүүр, экспортын түүхий эдүүдийн ханш өссөн, “Чалько”-гийн өрийг дарж дуусаж байгаа, “Хуралдай” бондыг гаргах үеэр 124 сая ам.долларын захиалгад нь гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам.долларын санал ирүүлсэн зэрэг нь тайвшрах шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй. Удахгүй эхлэх хаврын чуулганаас тэдний байр суурь бүр илүү тодорхой болох биз ээ. 

СОНГУУЛИАС ӨМНӨ ОФШОР ДАНСТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ХУУЛЬЧЛАХ УУ 

УИХ-ын даргын захирамжид багтаж хаврын чуулганы эхэнд хэлэлцэгдэх хуулийн төслийн нэг нь Засгийн газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байх бололтой. Учир нь, эрх баригчдын байр суурь сүүлийн үед эдийн засгийн нөхцөл байдал, ОУВС бус офшор данстнуудтай хариуцлага тооцох асуудал руу чиглэж байна.

УИХ-ын дарга М.Энхболд тойрогтоо ажиллахдаа “Офшор данстай иргэдийг төрийн албанд ажиллуулахгүй байх зүйл, заалттай хуулийн төслийг эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн юм. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ч офшор данстай хүмүүст төрийн төмөр нударганы амтыг үзүүлэх тухай ярилцлагаа олон нийтэд хүргэлээ. 

ХЭЛЭЛЦЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН ТӨСЛҮҮДЭЭ ХЭЛЭЛЦЭЖ АМЖИХ УУ 

Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 34 асуудлын дотор олон нийтийн анхаарлыг татаж буй нэлээд хэдэн төсөл бий. Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Казино байгуулах тухай, Эрүү, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах гээд нийгмийн зөвшилцөл шаардах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Ялангуяа, олон жилийн турш ярьж буй Үндсэн хуулийн өөрчлөлт болон Казино байгуулах эсэхээр эцэслэн шийдвэр гаргаж чадах эсэх нь хаврын чуулганаас хүлээх хүлээлтүүд зүй ёсоор орно. УИХ хаврын чуулганаар ямар төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөснийг хүргэе. 

  1. 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл 
  2. 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлан 
  3. Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл 
  4. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 
  5. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл 
  6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл 
  7. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  8. Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  9. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  10. Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл 
  11. Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл 
  12. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төсөл 
  13. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл 
  15. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл 
  16. Казиногийн тухай хуулийн төсөл 
  17. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  18. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  19. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  20. Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл 
  21. Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл 
  22. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл 
  23. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  24. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  25. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл 
  26. Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл 
  27. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл 
  28. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  29. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл 
  30. Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл 
  31. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл 
  32. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл 
  33. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 
  34. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл 
  35. Бусад.
Зураг