Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

70 жил лугшсан "Шүдний өвчин" эдгэх үү

Х.Батсайхан, Ардын эрх
2017 оны 3 сарын 31
Ардын эрх
Зураг зураг

-Орос Курилыг Японтой хамтарч эзэмших магадлал өндөр байна-

Аливаа үндэстэнд цээртэй тоо гэж бий. Солонгосчууд “18”-ын тооноос эвгүйцэж, энэ тоог нэг, найм буюу “Шиб паль” хэмээн хараал болгож хэрэглэдэг. Үүний адил япончууд дөрвийн тооноос цээрлэж, аль болох зайлсхийдэг аж. Дөрвийн тоо “Үхэл” гэдэг үгтэй адилхан дуудагддаг учраас ингэдэг ажээ.

Нэгэн цагт дайн дажиндаа хүрч ялж ялагдаж явсан, гол дайснуудын нэг (хоёр улс одоо ч энхийн гэрээ байгуулаагүй) ОХУ-тай харилцах харилцаанд нь энэ тоо байнга холбоотой явдаг нь хачин. Итуруп, Кунашир, Шикотан арал, Хабомай ольтриг хэмээх дөрвөн газар хоёр улсын харилцааны эмзэг цэг болсоор 70 шахам жилийг үдэж байгаа юм.

Ерөнхий сайд Шинзо Абэ энэ олон жилийн үйл ойлголцол, дайсагналыг шийдэх гарцыг “2+2” буюу хоёр талаас “Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд” гэсэн форматаар уулзах явдал гэж томьёолсон нь ч дөрвийн тоотой холбоотой түүхийг үргэлжлүүлсэн хэрэг болсон юм.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Батлан хамгаалахын сайд С.Шойгу, Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Батлан хамгаалахын сайд Томоми Инада нарын ээлжит уулзалт саяхан Токио хотноо болсон юм. 

ОРОС КУРИЛЫГ ЯПОНТОЙ ХАМТАРЧ ЭЗЭМШИХ ҮҮ 

Япон, ОХУ “2+2” форматаар анх 2013 онд уулзалт хэлэлцээр хийж байсан. ОХУ өмнө нь АНУ-аас өөр нэг ч улстай ийм форматаар хэлэлцээр хийж байгаагүй юм. Уулзалтаар хоёр тал асуудлаа нэг мөр шийдээгүй ч тодорхой ойлголцолд хүрч, дараагийн уулзалтыг товлоод салсан.

Харамсалтай нь 2014 онд Крымд өрнөсөн хэрэг явдлын улмаас эхлүүлсэн хэлэлцээр гацаанд орсон юм. Япон “Их 7” бүлгийн гишүүн, АНУ-ын холбоотон гэдгээрээ ОХУ-ын эсрэг хоригт нэгдсэн билээ. Гэсэн ч В.Путин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Японд айлчлахдаа энэ удаагийн уулзалтыг тохироод ирсэн юм.

Урьд өмнөх уулзалтуудад төдий л итгэл хүлээлгэж байгаагүй ажиглагчид энэ удаа харин талууд арлуудын асуудлаар шийдэлд хүрэх маш өндөр магадлалтай гэж тооцож байгаа нь тус, тусынх нь гадаад нөхцөл байдалтай холбоотой. ОХУ-ын хувьд, Японтой харилцаагаа идэвхжүүлснээр хүнд байдалд ороод буй эдийн засгаа сайжруулах боломжтой.

Харин Японы хувьд, ОХУ, БНХАУ нэгдэн нягтрах нь ашиггүй юм. Тиймээс л ямар нэг байдлаар шийдэлд хүрэх магадлал өндөр байгаа ажээ. ОХУ-ын эрх баригчид “Курилын арлууд дээр хамтран хэрэгжүүлж болох төслүүд, үйл ажиллагааны жагсаалт” гэгчийг боловсруулсан гэсэн мэдээлэл “2+2” уулзалт болохоос нэг хоногийн өмнө хойд хөршийн хэвлэлээр цацагдсан. Энэ жагсаалт одоо Ф.Кишидагаар дамжин Японы холбогдох албаны хүмүүст хүрсэн байх учиртай.

2015 онд ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев Итуруп аралд айлчилж, эдийн засгийг нь өөд татахын тулд хэрэгжүүлэх найман цогц төслийг танилцуулсан. Найман бүтээн байгуулалтад авто зам, 123 мянган ам.метр талбай бүхий орон сууц, жуулчны баазууд, зочид буудлууд багтаж байгаа гэдгийг арлын иргэд ч баяртайгаар хүлээж авч байлаа.

Гэтэл Д.Медведевийг 2011, 2014 онд ийм айлчлал хийхэд маш ихээр эгдүүцэж, Токио дахь ОХУ-ын ЭСЯ-ны өмнө цугларч, төрийн далбааг нь шатаах хүртэл хариу үйлдэл үзүүлж байсан япончууд жигтэй тайвнаар хүлээж авч, Ерөнхий сайд Шинзо Абэ нь “Эрч хүч, үр дүнтэй яриа хэлэлцээр эхлүүлэхэд бэлэн” гэж цоглог гэгч мэдэгдсэн нь анхаарал татсан юм. Үүнээс үзэхэд, хоёр тал арлуудыг хоёр, хоёроор нь хувааж авах, эс бөгөөс дөрвүүлэнг нь хамтран эзэмших талаар бодолцож байх магадлал өндөр байна.

Угаас ЗХУ 1956 онд Японд эвлэрлийн гэрээ байгуулах санал тавихдаа Хабомай, Шикотан арлыг санал болгож байв. Гэвч Япон дөрвүүлэнг нь авна гэж гөжүүдэлснээс эвлэрлийн гэрээ өнөө хүртэл байгуулагдаагүй байгааг бид мэднэ. Харин энэ удаа Япон асуудалд эрс өөрөөр хандаж байгаа учраас 1956 оны хувилбараар асуудал шийдэгдэж, Япон, ОХУ эвийн гэрээнд гарын үсэг зурж ч мэдэх юм.

ОХУ Итуруп, Кунашир арлуудад эргийн хамгаалалтын “Бастион”, “Бал” систем байрлуулж, “Тор-М2У” системийг бэлэн байдалд оруулсан хэр нь Хабомай, Шикотан арлуудыг хөндөлгүй орхисон нь ч нэгийг хэлнэ. ОХУ С400 агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зенитийн пуужингийн системийг БНХАУ-д нийлүүлж эхэлсэн тухай мэдээлэл “2+2” уулзалтын үеэр олон нийтэд цацагдсан нь санамсаргүй хэрэг биш ч байж мэднэ.

Ямартай ч энэ удаагийн уулзалтаар сайд нар Курилын асуудлаас гадна Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, бүс нутаг дахь хүчний тэнцвэр зэрэг өргөн сэдвээр яриа хэлэлцээр өрнүүлсэн юм. Курил, Сахалины арлуудын талаар хоёр улс цөөнгүй гэрээг байгуулж байсан бөгөөд япончууд 1855 онд байгуулагдсан анхны гэрээг мөрдлөг болгодог. Ингээд Курилын арлуудын хувь заяаг шийдэж байсан гэрээнүүдийг харцгаая.

1855 он. Симадскийн гэрээгээр Орос, Япон хоёр дипломат харилцаа тогтоов. Энэ гэрээгээр Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай арал Японд харьяалагдаж, Курилын бусад арал Оросын харьяанд үлдсэн юм. Харин Сахалиныг хоёр орны хамтын эзэмшил хэмээн зарлажээ. 

1875 он. Петербургийн хэлэлцээрээр Курилын арлууд бүхлээрээ Оросын мэдэлд ирж, Сахалиныг мөн Оросын нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн Япон зарлав. 

1905 он. Орос-Японы дайн дэгдэв. Портсмутын хэлэлцээрээр Япон Сахалины өмнөд хэсгийг орхин гарав. 

1945 он. Дэлхийн хоёрдугаар дайн. ЗХУ Японы эсрэг дайны явцад Курилын арлууд болон Сахалины өмнөд хэсгийг /Хойд өргөрөгийн 50 градусаас урагш/ эзлэн авчээ. 

1951 он. Сан-Франциско хотод холбоотнуудтай энхийн гэрээ байгуулсан ч Япон Курилын арлуудын асуудлыг оруулахаас татгалзсан. Энд ЗХУ ч бас оролцоогүй юм. Үүнээс хойно Япон Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай дөрвөн арлыг угаасаа манай нутаг хэмээн мэдэгдсэн билээ. 

1956 он. ЗХУ, Японы удирдагчид хоёр улсын хоорондох цэргийн ажиллагааг албан ёсоор дуусгаж энхийн хэлэлцээр байгуулсны дараа Москва Шикотан, Хабомай арлыг Японы талд эргүүлэн өгөх зөвшөөрлийг олгосон юм. Гэвч Японы тал дээрх дөрвөн арлыг бүгдийг нь эргүүлэн өгөх шаардлага тавьснаар энэ гэрээ байгуулагдаагүй билээ.

Зураг