Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

О.Нандин-Эрдэнэ: Сүрьеэгээр өвчилсөн хэр нь хамт олноосоо нуух асуудал их байдаг

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 31
iKon.MN
 

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв Сүрьеэгийн тархалтын судалгааг танилцуулах, “Сүрьеэтэй иргэний хөдөлмөр эрхлэлт, ялгаварлан гадуухал” сэдвийн хүрээнд өнөөдөр уулзалт зохион байгууллаа.

Монгол Улсын хэмжээнд жилд 4,000 гаруй хүн шинээр сүрьеэгээр өвчилдөг гэдэг нь сүүлийн таван жилийн хугацааны судалгаагаар тогтоогджээ.

НЭМҮТ-ийн ЭМ-ийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга, АУ-ны доктор О.Нандин-Эрдэнэ “Өнөөдөр бидний хийх ёстой хамгийн гол ажил бол ялгаварлан гадуурхалтыг зогсоох учраас салбар дундын хамтын ажиллагаа чухал юм.

Энэ удаагийн уулзалтанд томоохон зах, худалдааны төвүүдийн төлөөлөл, сургууль, хорих анги салбаруудаас ирсэн.

Одоогийн байдлаар сүрьеэ өвчний тархалт өндөр, өвчилснөө мэдсэн хэдий ч эмчид хандахгүй байх хандлага их, мөн өвчилснөө мэдсэн хэр нь хамт олноосоо нуух асуудал их байна.

Энэ нь сүрьеэ бол эдгэрдэг өвчин гэдэг ойлголтыг аваагүйгээс болон ажлаас халах, ялгаварлан гадуурхах зэрэг шалтгаанаас болж байдаг.

Тэгэхээр хэлэхгүй байх, нуух асуудал нь сүрьеэ агаар дуслын замаар халдварладаг учраас эргээд хувь хүн болон тухайн хүний гэр бүл, хамт олны дунд маш сөрөг үр дагавартай.

 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гарын авлага боловрсуулж байна. Гарын авлагад яг ямар салбарын хүмүүст ялгаварлан гадуурхалт байна гэдэг талаар тодорхой баримтуудыг тусгаж өгнө” хэмээн тайлбарлалаа.

Энэ уулзалтын гол зорилго нь сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулах, салбар дундын оролцоог хэрхэн идэвхжүүлэх, хувь хүн өөрөө хэрхэн эрүүл мэнддээ анхаарах болон салбар дундын оролцоогоор юуг илүүтэйгээр авч хэрэгжүүлэх шаардлагатай талаар талууд санал болдлоо солилцож, арга зам, гарц шийдэлд хүрэх юм.

Цаашид энэ жилийг дуустал зөвхөн Улаанбаатар хотод бус хөдөө орон нутгийн 10 аймагт зохион байгуулагдан, салбар бүрийн төлөөллүүдтэй уулзаж, төлөвлөгөө гаргах бөгөөд 2017 оны сүүлээр хэрэгжүүлж эхлэх ажээ.