Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин дэлхийн дулааралд хүн буруугүй гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр буюу Пүрэв гарагт дэлхийн дулаарал нь хүний үйл ажиллагаанаас үүсээгүй гэж мэдэгдсэн байна. Тэрээр Хойд туйлын Франц Иосифийн газар гэгддэг арлуудад очсоныхоо дараа ийм мэдэгдэл хийсэн юм.

Архангельск хотод болсон чуулган дээр Путин “Дулаарал бүр 1930-аад оны үед эхэлсэн” гээд “Хүлэмжийн хий зэрэг антропологийн хүчин зүйлс гараагүй байх тэр үед дулаарал эхэлсэн юм” гэж хэлжээ.

“Манай дэлхийн өөрийнх нь цаг уурын өөрчлөлтийн цикль явагдаж байгаа нь энэ тул зогсоох боломжгүй. Харин хэрхэн дасан зохицох вэ гэдэг нь чухал” гэж Путин тайлбарласан юм.

Тэр 1930-аад оны үед Франц Иосифийн газарт ирсэн Австрийн аялагчийн гэрэл зураг, түүнээс 20 жилийн хойно ирсэн Италийн аялагчийн баримтуудыг харьцуулж харвал мөсөн уулсын тоо багассан байсан гэж жишээ татжээ.

Ер нь Путин дэлхийн дулаарлыг зарим талаар ашигтай гэж үздэгээ илэрхийлж байсан юм. Өмнө нь тэр дулаарлын үр дүнд зарим газрын баялагийг олборлох, тээвэрлэх ажил хямд, хялбар болно гэж хэлж байсан бол агаарын хэм 2-3 градус нэмэгдэх нь Оросуудын хувьд ашигтай, зузаан хувцас өмсөх хэрэггүй болно гэж хэлж байв.

Түүнтэй ижил бодолтой явдаг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 26-нд Сицилид болох Их 7-гийн уулзалтын өмнө хүлэмжийн хийг бууруулах Парисын гэрээнд нэгдэх эсэхээ зарлах юм.

Харин олон улсын байгууллагууд Оросыг дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд хойрго хандаж байна хэмээн байнга шүүмжилдэг.

 

Эх сурвалж: South China Morning Post