Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

АРДЫН ҮГ: Монгол өв, уламжлалаа хамгаалах Ерөнхийлөгчийн ажилд 10-аас 8.4 оноо өглөө

ikon.mn
2017 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монголын медиа корпорациас зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг “Чингис” зочид буудлын хурлын танхимд өчигдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт хөндлөнгийн “МЭК” судалгааны төвийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон иргэд оролцож Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн найман жилийн ажилд 1-10 хүртэлх оноогоор нууц санал хураалтаар үнэлгээ өгсөн юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн найман жилийн хугацаанд “Монгол хэл, бичиг”, “Монгол өв соёл”, “Монголын түүх”, “Монгол судлал”, “Монгол хүнээ дэмжих” чиглэлээр хийсэн ажлын тайланг сонсож, хэлэлцсэн. Ийнхүү сэдэвчилж хэлэлцүүлэг зохион байгуулсан нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал нь өргөн хүрээтэй, найман жил буюу хамрах хугацаа урт байгаатай холбоотой.

 

Зөвлөлдөх санал асуулгын явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайланг өөрөөс нь болон зөвлөхүүдээс нь сонсож, мөн эсрэг санаа бодол, сөрөг үнэлгээ бүхий нийгмийн хэсгийнхний үгийг тэнцвэртэйгээр хүлээн авч, жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцэж, тайлан тавьсан албан тушаалтан болон эсрэг санаа бодол бүхий нийгмийн бүлэглэлүүдээс асуулт тодруулга авсны дараа нууц санал хураалтаар үнэлэлт, дүгнэлтээ гаргалаа. Энэхүү үнэлэлт, дүгнэлт өгөх явцыг хараат бус, хөндлөнгийн “МЭК” судалгааны төв зохион байгуулсан бөгөөд нууц санал хураалтад оролцсон нийт иргэдийн үнэлгээг нэгтгэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10-аас 8.4 оноо авчээ.

Ийнхүү хоёр долоо хоногийн турш тэнцвэртэй мэдээлэл хүлээн авч мэдээлэлжсэн иргэд бүтэн өдрийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцсоныхоо дараа “Монгол хэл, бичиг”, “Монгол өв соёл”, “Монголын түүх”, “Монгол судлал”, “Монгол хүнээ дэмжих” чиглэлээр хийсэн Ерөнхийлөгчийн ажилд 8.4 оноо өглөө.

БИЧЛЭГ: 

Монголын медиа корпорацийн зүгээс “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар ч зөвлөлдөх хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдээр оноо өгүүлэх замаар дүнг нэгтгэн гаргах юм.

Д.Бадамдаш: Ерөнхийлөгчийн тайланг үргэлжлүүлэн иргэдээр хэлэлцүүлнэ

 

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны энэ удаагийн хэлэлцүүлэг, үр дүнгийн талаар өнөөдөр Монголын медиа корпорацийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш, МЭК судалгааны компанийн захирал Л.Золбаатар нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм.

-"Ардын үг" иргэдийн зөвлөлдөх уулзалтыг төсвийн мөнгөөр зохион байгуулж байгаа гэх мэдээлэл мэр сэр гараад байна. Үүнд хариулт өгөхгүй юу?

Д.Бадамдаш: -Ташаа мэдээлэл байна. "Ардын үг" иргэдийн зөвлөлдөх уулзалтыг төсвийн мөнгөөр санхүүжүүлээгүй. Зөвлөлдөх ардчиллын хүрээлэн болон бусад байгууллагууд санхүүжүүлэгчээр оролцож байгаа.

Нөгөөтэйгүүр, "Ардын үг" иргэдийн зөвлөлдөх аян бол Монголын медиа корпорацийн нэг контент. Жишээ нь, “Боловсрол” телевиз "Яг түүн шиг" гэх контенттэй байгаа шиг Монголын медиа корпорацийн үндсэн контентийн нэг нь “Ардын үг” юм. Мэдээний сувагт илүү нийцсэн контент гэж харж байгаа учраас бизнесийн үйл ажиллагааны нэг чиглэл болгон хөгжүүлж байгаа.  

-Иргэдийн зөвлөлдөх уулзалтад оролцох "Ардын эксперт"-үүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?

Л.Золбаатар: -Өнгөрсөн хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт Улаанбаатар хотод оршин суудаг 1000 иргэнээр Ерөнхийлөгчийн хийсэн ажилд сэдэв тус бүрээр нь ангилж, үнэлгээ хийлгэсэн юм. Тухайн иргэдийг сонгохдоо орон нутгийн байршлыг харна. Тухайлбал, Сүхбаатар дүүргээс, Баянзүрх дүүргээс гээд дүүрэг тус бүр, хороон тус бүрээс тийм тооны иргэнээс авна гэсэн статистик тооцоог нь хийсэн байгаа. Санамсаргүйгээр сонгосон гэсэн үг. Ингэхдээ нэг хорооноос долоон хүнийг сонгоно гэсэн бол нас, хүйсийн ангиллыг тэнцвэржүүлсэн.

Санамсаргүй түүврээр сонгогдсон иргэдийн хувьд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, аянд оролцоно гэж өөрөө хүсэлт тавиагүй иргэд байгаа. Өмнөх уулзалтад хөдөө, орон нутгаас хүмүүс оролцох хүсэлт ирүүлж байсан. Гэхдээ оролцъё гэж хүсэлт тавьсан хүнийг оролцуулах боломжгүй. Санамсаргүй түүврээр сонгогдсон хүмүүс дундаас санал тавьж оруулдаг. Өөрөө оролцъё гэсэн хүн ямар ч үзэл бодолтой байж болно шүү дээ. Нэг бол Ерөнхийлөгчийг магтах зорилготой, эсвэл муулах зорилготой байж мэднэ. Тийм учраас санамсаргүй түүврийн аргаар сонгох нь хамгийн зөв шийдэл болдог. Аргалчлалыг нарийн танилцуулсан загварыг манай компанийн цахим хуудаснаас дэлгэрэнгүй харж болно.

-Ерөнхийлөгчийн ажлыг дүгнэх "Ардын үг" иргэдийн зөвлөлдөх аян хэдий хүртэл үргэлжлэх вэ?

Д.Бадамдаш: -"Ардын үг" аяны хүрээнд Ерөнхийлөгчийн хийсэн ажлыг 4-5 бүлэг болгон хувааж иргэдээр хэлэлцүүлж байгаа. Эхнийх нь Гадаад харилцаа, батлан хамгаалах чиглэл байсан. Харин хоёр дахь буюу өчигдөр болсон хэлэлцүүлэг "Монгол хэмээх нэгэн нэр..." гэдэг нэрийн дор Монгол дархлаа, Монгол судлал, түүх соёл, монгол хүнээ дэмжих гэсэн сэдвийн хүрээнд явагдаж, Ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд тайлан, мэдээллээ иргэдэд танилцуулж, дүн тавиулсан байгаа.

Харин дараагийн сэдэв бол шүүх засаглал, авлигатай холбоотой байх юм. Энэ чиглэлд Ерөнхийлөгч ямар ажил хийсэн, ямар амжилт олсон, ямар дутагдал гаргасныг иргэд дүгнэнэ гэсэн үг. Түүний дараа иргэний оролцооны чиглэлээр "Ардын үг" үргэлжилнэ. Тав дахь сэдвийн хувьд одоогоор тодорхойлоогүй байна.

Ерөнхийлөгчийн хийсэн бусад салбарын ажлыг нэгтгэж хэлэлцүүлэх учраас ямар сэдэвт нэгтгэхээ одоохондоо шийдээгүй байна. Нэг зөвлөлдөх уулзалт хийхэд гурван долоо хоног шаардагдаж байгаа. Эхний долоо хоногт иргэдийг мэдээлэлжүүлж, дараа нь иргэдийн зөвлөлдөх уулзалтаа зохион байгуулж, гурав дахь долоо хоногт дүнгээ танилцуулах үйл явц явагддаг.

 

Эх сурвалж: eagle.mn