Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нийтийн тээврийн унаанд ашиглах картаа хаанаас авах вэ?

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Дөрөвдүгээр сарын 1-ний Бямба гарагаас эхлэн хотын нийтийн тээврийн их, дунд багтаамжийн автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар болсон.

Өөрөөр хэлбэл, ирэх сараас эхлэн ИРГЭД нийтийн тээврээр зорчихдоо БЭЛЭН МӨНГӨ-өөр бус зөвхөн КАРТ-аар хөлсөө төлнө.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн нийтийн тээврийн газраас үйлчилгээний хөлс цахим картад бүрэн шилжүүлэх бэлтгэл ажил хэр явагдаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл өглөө.


Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 451 цэгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Карт цэнэглэх, борлуулах цэгийн тоог 500-д хүргэх, нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьтай уялдуулан өглөө нээх, орой хаах цагийг уртасгах талаар шаардлага тавьж, тухайн цэгүүдийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар шалгах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Картын тухайд:

Хязгааргүй зорчих эрхтэй сарын хугацаатай карт (Том хүн-25,000төгрөг, хүүхэд-8,000төгрөг) шинээр үйлчилгээнд гаргажээ. Иргэд тухайн картуудыг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хэрэглэгчийн төв болон Дүнжингарав, Мишээл, Драгон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс авах боломжтой юм байна.

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 

Картын бусад төрлүүд:

Мөн “ХААН” банкнаас гаргасан нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглах боломжтой “СИТИ ПАСС” карт, Юнителийн хэрэглэгчид “NFC” сим карт ашиглан гар утасныхаа сим картыг солиулан нийтийн тээврээр зорчиж болохыг хэллээ.

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 

“Улаанбаатар смарт карт”-аас 20,000 ширхэг картыг хороодын нийгмийн ажилчидтай хамтран, нийгмийн зорилтот бүлгийн хүмүүст үнэгүй тараана. Дээрх картыг авсан иргэд карт борлуулах, цэнэглэх төвүүдэд очиж тухайн картаа цэнэглүүлэн нийтийн тээврээр зорчино. 

Карт борлуулах цэгүүд өглөөний 06.00-19.00 цаг түүнээс хойш ажиллаж, карт цэнэглэх бүрт хоёр хувийн урамшуулал өгнө.

Хөнгөлөлттэй зорчигчид

Хөнгөлөлттэй зорчигчид хот орчмын чиглэлүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний тарифын зөрүүг төлөхгүйгээр зорчихоор шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн зорчигч зөвхөн хөнгөлөлттэй зорчих картаа уншуулаад зорчих боломжтой.

Зорчигч үүргээ биелүүлээгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

Дөрөвдүгээр арын 1-нээс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт зорилгоор Автотээврийн хяналтын улсын байцаагч нарыг хуваарь гарган дундын хяналтаар ажиллуулна.

Хэрэв зорчигч нийтийн тээврийн үйлчилгээний хөлсөө төлөөгүй зорчсон тохиолдолд Автотээврийн тухай хуулийн дагуу иргэнийг 1,000-5,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авна.


Зөвлөмж:

Нийтийн тээврийн үйлчилгээний бүх автобус, троллейбус болон карт цэнэглэх, борлуулах төвүүдэд иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор нийтийн тээврээр зорчихдоо  БЭЛЭН МӨНГӨ-өөр бус зөвхөн КАРТ-аар хөлсөө төлж зорчих, нийтийн тээврийн картын мэдээлэл агуулсан 2 төрлийн стикер наалгажээ. 

Картын борлуулалт, цэнэглэх төвүүдийн үйл ажиллагаа, автобус, троллейбусны карт уншигчтай холбоотой санал хүсэлтээ 70151289 дугаарын утсанд, Нийтийн тээврийн үйлчилгээ холбоотой санал, хүсэлтээ 326352, 323176 дугаарын утсанд өгөхийг тус газраас зөвлөлөө.

Мөн нийт иргэд зорчигчид та бүхнийг хуулийн дагуу үүргээ биелүүлэн, эрхээ эдэлж хамтран ажиллахыг уриаллаа.