Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Нямдаваа: Албан ёсны мэдээллийн эх сангуудтай тулгалт хийж, үнэн, бодит байдлыг баталгаажуулна

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 3 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өчигдөр сэтгүүлчдэд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох шинэ аргачлал танилцуулах сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтын үеэр ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваатай ярилцлаа. 

-Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг Монгол Улс гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Иргэдээс 2010, 2013 оны судалгаатай холбоотой санал, гомдол багагүй гарсан. Тиймээс юун түрүүнд амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юу. Иргэд амьжиргааны төвшнөө тодорхойлуулснаар төрөөс ямар үйлчилгээг авах боломжтой болох вэ? 

-Манай улс өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг 2010, 2013 онд орон даяар зохион байгуулсан. Гурав дахь удаагийн судалгаа 2017 оны гуравдугаар сарын 31-нд орон даяар эхэлнэ. Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын бүх иргэний амьжиргааны төвшний үзүүлэлтүүдийг багтаасан цахим мэдээллийн сан бүрдүүлэх, төр, засгаас иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг оновчтой сонгох, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажил төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Уг судалгаа нь зөвхөн иргэдийн амьжиргааны төвшин доогуур эсэхийг тодорхойлох гэсэн юм биш. Энэхүү мэдээллийг үнэн зөв өгснөөр төрөөс хэрэгжүүлж буй зарим үйлчилгээг авах боломжтой. Нэгдүгээрт, Монгол Улсын хүүхэд бүрт сар болгон 20 мянган төгрөг олгодог. 2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон.

Ингэхдээ өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны дүнг үндэслэж, амьжиргааны түвшин доогуур хүүхдүүдэд мөнгийг нь өгсөн. Тиймээс энэхүү мэдээллийн сан үнэн зөв мэдээллийг бүрдүүлсэн тохиолдолд төрөөс гаргасан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд амар болдог.

Хоёрдугаарт, Нийгмийн халамжийн тухай хуульд заасанчлан хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгодог. Насанд хүрсэн хүнд сард 13 мянган төгрөг, хүүхдэд 6,500 төгрөгийн хүнс тэжээлийн эрхийн бичиг шилжүүлдэг. Гуравдугаарт, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Дөрөвдүгээрт, орлого багатай иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгдөг. Энэ мэтчилэн ач холбогдолтой мэдээллийн сангийн бүртгэлийн ажлыг бид эхлэх гэж байна. 

-Энэ удаагийн өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны онцлог юу вэ. Судалгааны аргачлалыг шинэчилсэн гэсэн? 

-Бид өмнө нь судалгаа авахдаа тухайн айлдаа очиж асуулгаа авчихаад тухайн өрхийн өгсөн мэдээллийн дагуу оноог жагсаадаг байлаа. Харин энэ удаагийн судалгааны мэдээлэл цуглуулалтын дараа бусад албан ёсны мэдээллийн эх сангуудтай тулгах замаар мэдээллийн үнэн, бодит байдлыг баталгуужуулах боломж бүрдүүлж байгаа. Бид гурав дахь удаагийн судалгаа эхлэхээс өмнө нийт өрхийн хоёр орчим хувь буюу 14 мянга өрхийн дунд туршилтын судалгаа явуулсан.

Манай туршилтын судалгаанд оролцсон нийт өрхийн 44 орчим хувь нь худал мэдээлэл өгсөн нь илрээд байгаа. Тодруулбал, хамгийн дээд тал нь 17 байртай иргэн түрээсийн орон сууцанд амьдардаг гэх худал мэдээллийг өгсөн нь илэрлээ. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл, зарим иргэд сэтгэлгээний ядууралд автсаныг харуулж байгаа юм. 17 байртай иргэний сарын дундаж орлого дор хаяж 10 сая төгрөгөөс дээш байгаа. Зөвхөн байраа түрээслүүлээд амьдрахад шүү дээ. Энэ бол халамж хавтгайрсны нэг жишээ.

Туршилтын судалгаанд оролцсон нийт өрхийн 44 орчим хувь нь худал мэдээлэл өгсөн нь илрээд байгаа.

Өөрөөр хэлбэл, иргэд зөвхөн төрөөс авахын төлөө л байна гэсэн үг. Түүнээс гадна гурван өрөө байртай 300 гаруй иргэн манайх түрээсийн байранд амьдардаг хэмээн худал мэдээлсэн. Энэ мэтчилэн зарим иргэд өөрийн ашиг сонирхлын үүднээс өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааны асуулгад үнэн зөв хариулахгүй байгаа юм. Үүний үнэн, худал эсэхийг албан ёсны мэдээллийн эх сангуудтай тулгалт хийж мэдсэн.

Жишээлбэл, бид Улсын бүртгэлийн мэдээллийн сантай холбогдож иргэн Дорж үнэхээр 17 байртай юу, байр түрээсэлдэг үү гэдгийг мэдсэн. Ингээд шалгуулаад үзэхээр 17 байртай байх жишээтэй. Үүний адил тухайн өрхийн иргэдийн нэр дээр хэдэн машин байна гэдгийг Зам тээврийн хөгжлийн яамны мэдээллийн сангаас мэдэх боломжтой.

Хэрвээ тухайн өрхийн гишүүн машинтай бол бүртгэлтэй байгаа шүү дээ. Тэгээд л гараад ирнэ. Мөн малчдад мал нь чухал байдаг. Зарим нь малынхаа тоо толгойг дарж хэлэх тохиолдол гардаг. Тэгвэл улсын хэмжээнд мал тооллого жил бүр явуулдаг. Тэр мал тооллогоор тухайн иргэн хэдэн малтай нь тодорхой болдог. Үүнийг бид Үндэсний статистикийн газрын мэдээллийн сангаас тодруулаад Доржийнх гэдэг айл 50 малтай нь үнэн үү гэдгийг хянах боломжтой болсон гэсэн үг.

Тэгэхээр бид энэ жилийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг хийхдээ тухайн айлд очиж асуулга авахаас гадна авсан мэдээллээ үнэн зөв эсэхийг шалгана. Ингэснээр өөрийн тань хэлсэнчлэн манайхаас дээр амьдралтай айл амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхөд орчихлоо гэх юмгүй болно. Бодит мэдээлэл цуглуулах боломжтой болсон. Тиймээс манайхаас өндөр орлоготой айл амьжиргааны төвшин доогуур болчихлоо гэх зэрэг гомдол, санал цаашид ирэхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. 

-Манай улсын амьжиргааны төвшин доогуур иргэд сард хэдэн төгрөгийн орлоготой байдаг юм бэ? 

-Үндэсний статистикийн хорооноос Улаанбаатар хот, төвийн бүс, баруун, зүүн бүс гэж хуваан амьжиргааны доогуур төвшинтэй өрхийн сарын орлогын хэмжээг гаргасан байдаг. Амьжиргааны доогуур түвшинд хамаардаг өрхийн орлого бүсчлэлээсээ хамаараад харилцан адилгүй. Тухайлбал, Улаанбаатар хотод 185,400, Хангайн бүс 167,200, Баруун бүс 164,200, Төвийн бүс 164,300, Зүүн бүс 160,800 мянга гэх зэргээр Үндэсний статистикийн хорооноос 2015 онд гаргасан мэдээлэл бий. 

-Орон сууцны болон машины зээлтэй өрхүүд байгаа шүү дээ. Энэ өрхүүдийг хэрхэн судалгаанд хамруулах вэ? 

-Тухайн өрх зээл авч байна гэдэг бол тодорхой хэмжээний орлоготой байна гэсэн үг. Бидний асуулгад зээлтэй юу гэх асуулт бий. 

-Хаяг дээрээ байхгүй өрхүүд бий. Тухайлбал, нэр дээрээ хашаатай ч дүүгийнхээ хашаанд амьдардаг айл, өрхүүд байдаг. Энэ тохиолдолд яах вэ? 

-Энэ асуудлыг бид авч үзсэн. Зургаан сараас дээш тухайн газарт оршин суусан бол тухайн амьдарч байгаа газраар нь бүртгэнэ. Жишээлбэл, Дорж Сонгинохайрхан дүүрэгт харьяалалтай байлаа гэж бодъё. Гэхдээ Баянзүрх дүүргийн V хороонд сүүлийн зургаан сар тасралтгүй амьдарсан бол Баянзүрх дүүргийнхээ V хороонд судалгаанд хамрагдах хүсэлтээ өгөөд хамрагдах боломжтой.

Мөн хаяг дээрээ байхгүй асуудлыг албан ёсны хаягжилтаас үл хамаараад тухайн байршилдаа зургаан сар байхаас гадна тухайн өрх өөрийнх нь өрх мөн эсэхийг судалгааны ажилтан тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, өрхүүд өрхийн бүтцээр амьдрахгүй байж болно. Тухайлбал, гэр нь хөдөө байдаг хэр нь Улаанбаатар хотод шилжиж ирсэн байвал үндсэн гэр нь аль нь вэ гэдгийг тодруулна.

Хэрвээ үндсэн гэр нь орон нутагт байвал үндсэн гэр дээр нь бүртгэл хийнэ. Тэгэхээр системд давхардуулж бүртгэхгүй гэсэн үг. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийлгээгүй хэр нь гэр бүлээрээ Улаанбаатар хотод шилжиж ирсэн өрх байж болно. Хэрвээ тэр өрх манай судалгаанд хамрагдъя гэвэл шилжилт хөдөлгөөнөөс үл хамаарч бүртгэж авна. 

-Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дахь нийт өрхийн 81 хувийг хамруулна гэж байна. Судалгаанд хамрагдах өрхийг хэрхэн сонгосон бэ? 

-Өрхийн оноог бид 0-1,000 хүртэл оноогоор эрэмбэлдэг. 0 нь хамгийн бага орлоготой өрх, 1,000 нь чинээлэг буюу түүнээс дээш орлоготой өрх гэж ойлгож болно. Харин судалгаанд 0-400 хүртэлх хүүхдүүдийг хамруулж байгаа. Мөн судалгаанд хамрагдахыг хүссэн хүмүүс харьяа хороо, баг, сумынхаа халамжийн асуудал хариуцсан нийгмийн ажилтанд хүсэлт өгөх боломжтой. Түүнээс гадна тухайн өрхөд ямар нэгэн халамжийн үйлчилгээнд хамрагддаг иргэн байвал шууд судалгаанд хамруулж байгаа. Бид 0-400 оноотой нийт өрхүүдийг шууд хамруулж байгаа учраас зорилтот бүлгүүд орхигдохгүй гэсэн үг.

 -Малчин өрхүүдийн гол орлого нь мал байдаг. Гэхдээ айл бүрийн малын тоо толгой харилцан адилгүй шүү дээ. Малчин өрхийн амьжиргааны түвшинг хэрхэн тодорхойлох вэ? 

-Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын малчин айлд судалгааны ажилтан очлоо гэхэд тухайн айлын малыг тоолохгүй. Танайх хэдэн малтай вэ ч гэж асуухгүй. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн өрхүүдэд тавих бүх асуулга адилхан. Нэг л загвартай. Тэр 63 асуулгыг бүх л айлаас ижилхэн асууна.

Гэхдээ хөдөөний өрхүүдээс Улаанбаатар хотод орон сууцтай нэлээдгүй өрх бий. Мөн жил бүр улс орон даяар мал тооллогын ажлыг явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жилээс албан ёсны мэдээллийн сантай тулгалт хийдэг болсон. Малчин өрхийн амьжиргааны түвшинг дээр хэлсэнчлэн тодорхойлдог гэсэн үг.

 -Нийт өрхийн хэчнээн хувь нь халамжийн үйлчилгээ авдаг юм бэ? 

-Нийгмийн халамжийн үйлчилгээг давхардсан тоогоор 800 орчим мянган иргэн авч байна. Тэдгээр иргэд тодорхой хэмжээгээр өрхийнхөө тоонд хуваагддаг. Би дээр хэлсэнчлэн манай судалгааны ажилчид нийт 600 мянга орчим өрхөд очиж, асуулга авна. Ингэхдээ нийгмийн халамжийн ямар нэгэн үйлчилгээнд хамрагддаг гишүүнтэй өрх манай судалгаанд шууд хамрагдаж байгаа. Тэгэхээр нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа өрхүүд бидний судалгаанаас хоцрох боломжгүй. 

-Улсын хэмжээнд орон даяар нэлээд том судалгаа явагдах гэж байна. Хугацааны хувьд ямар байх вэ? 

-Энэхүү судалгааг 10 хоногийн хугацаанд орон даяар зохион байгуулна. Тодруулбал, гуравдугаар сарын 31-ний өглөөний 09:00 цагт орон даяар судалгааны мэдээлэл цуглуулах ажил эхэлнэ. Харин дөрөвдүгээр сарын 9-ний оройн 18:00 цагт мэдээлэл цуглуулах ажил дуусах юм. Судалгааны ажилд нийт 7,900 орчим ажилчин оролцоно. Манай ажилчид 10 хоногийн хугацаанд 600 мянган өрхөөр орж, асуулгад хариулт авах юм. Бид эхний өдөр хэчнээн айлд орох, орох айлуудын байршил зэргийг тодорхойлох гэх мэтчилэн бэлтгэл ажлыг хийж дууссан. 

-Бусад төрийн байгууллагуудтайгаа мэдээлэл солилцоход хугацаа шаардагдах уу?

 -Зарим аймагт цаг агаарын нөхцөл байдал тааруу байгаагаас болж хөдөө сумдад ажиллахад хүндрэл гарч болзошгүй. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаас судалгааны ажлыг зохион байгуулах тэмдэглэл гарсан. Судалгааны ажлыг аймгийн Засаг дарга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд, Улсын онцгой комисс зэрэг байгууллагуудтай бид хамтарч, зохион байгуулна. Тийм учраас Засгийн газрын хуралдаанаас аюулгүй байдал бүх эрсдэлийг тооцож, тухайн аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудтай хамтарч судалгааны ажлыг зохион байгуулах тухай чиглэл гарсан. 

-Бусад байгууллагуудын мэдээллийн сантай тулгалт хийнэ гэлээ. Ямар байгууллагууд байгаа вэ?

 -Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо болон Зам тээврийн хөгжлийн яамны мэдээллийн санг ашиглан тулгалт хийнэ.

Зураг