Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цогбадрах: Энэ жил нийгмийн эрүүл мэндэд анхаарч ажиллана

Р.Оюун
2017 оны 3 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрахтай ярилцлаа.

-Танай төвөөс энэ онд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Манай төв энэ онд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зоонозын хүний өвчлөлийн талаар иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Эрүүл мэндийн яамнаас энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан.

Энэ хүрээнд өнөөдөр бид Live TB-тэй хоёр жилийн хамтын ажиллагааны гэрээ, тухайн ТВ-ээр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, иргэдийг эрүүл мэндийн боловсролтой болгох, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хамтарч хийхээр төлөвлөсөн. Энэ жил нийгмийн эрүүл мэнд, тусламж, үйлчилгээнд түлхүү анхаарч ажиллана.

ЗӨСҮТ нь мал амьтнаас хүнд халдварладаг өвчлөлийг тандах, судлах, эрт илрүүлэх, хүний өвчлөл гаргахгүй байх талаас нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна. Мөн эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах, сургах, мэдээллээр хангах, улс орны хэмжээнд лавлагаа, лабораторийн үүргийг гүйцэтгэх мөн бүх аймгийн Эрүүл мэндийн газар, ЗӨСҮТ болон мэргэжлийн бусад байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангах үүрэгтэй байгууллага. Энэ хүрээнд олон ажлыг төлөвлөсөн байгаа.

-Шинээр сэргэж байгаа халдварт өвчний талаар юу хэлэхсэн бол?

-Дэлхий нийтэд шинэ болон шинээр сэргэж байгаа халдварууд анхаарал татсан асуудлын нэг болсон. Хил залгаа хоёр оронд энэ өвчлөлүүд байнга гардаг. Нөгөө талаар дэлхий даяаршсан. Манай орон 200 гаруй улстай хамтын ажиллагаатай учраас жилд 400 гаруй жуулчин хүлээн авч байна.

Монголын 300 мянга гаруй иргэн гадаадад амьдарч байгаа бол 118 улсын 22 мянга мянга гаруй иргэн манай улсад амьдарч байна. Өөрөөр хэлбэл, хүн амын шилжилт хөдөлгөөн өссөн. Дээрээс нь спорт, урлагийн том тэмцээн, хурал зөвлөгөөн, өнгөрсөн жил АСЕМ-д 50 гаруй орны төлөөлөгч ирсэн. Тиймээс шинэ болон шинээр сэргэж байгаа халдварууд богино хугацаанд тархах эрсдэлийг нэмж байгаа юм.

Энэ чиглэлээр бид нэлээд судалгааны ажлыг хийж ОХУ, Хятадтай хамтарсан хил орчмын тандалт судалгаа, ялангуяа, хилээр дамжин халдварладаг халдвараас сэргийлэх тодорхой ажлыг хийхээр төлөвлөөд байна. 

-Тарваган тахлын голомттой аймгуудад хэр анхаарч ажиллаж байна?

-Тарваган тахлын байгалийн голомт нутгийн баруун, төв хэсгээр илүү идэвхтэй байгаа. Өнгөрсөн онд Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймагт голомт идэвхжилтэй байсан ч хүний өвчлөл гараагүй. Өмнөх 15-20 жилийн материалд үндэслэсэн тандалт хяналтыг явуулаад, тухайн орон нутагт ухуулга сурталчилгааг сайн хийж, вакцинжуулалтад сайн хамруулсан.

Эмч, мэргэжилтнүүдийг давтан сургалтад хамруулж, орон нутаг дахь төвүүд сумдынхаа бүх эмчийг энэ чиглэлийн мэдлэг, дадлагатай болгох, вакциныг зорилтот бүлгийн хүмүүст хийх, сургалт сурталчилгааг нэлээд хийсэн. Энэ онд ч гэсэн энэ газрууддаа нэлээд анхаарч байгаа.

Хойд хил дагуух тарваган тахлын голомттой байгаа Баян-Өлгий аймгийн сумдад хамтарсан тандалт судалгааг хийнэ. Баруун аймгуудын дунд дадлага сургалтыг наймдугаар сард хийхээр төлөвлөж байна.

-Он гарсаар галзуугийн өвчлөл багагүй гарсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ жилийн хувьд он гарсаар галзуугийн өвчлөл өндөр байна. Одоо Ховд, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс, Өмнөговь гэсэн 10-аад аймаг, нийслэлийн Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуугийн эрсдэлд өртсөн 40 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Галзуу аюултай вирусээр үүсгэгддэг. Хэрэв өвчилсөн тохиолдолд ямар ч эмчилгээ авдаггүй.

Мэдрэлийн системийг голчлон гэмтээж улмаар саажилтад оруулж амьсгал, зүрх судасны дутагдлаар нас бардаг аюултай гоц халдварт өвчин. Дэлхийн 100 гаруй оронд гардаг. Жилд 55 мянган хүн, сая орчим мал амьтан энэ өвчлөлөөр нас бардаг. Улс орны эдийн засагт хохирол учруулдаг, дэлхийд тавдугаарт ордог өвчин.

Ялангуяа, Азийн хөгжингүй оронд нийт халдварын 59 хувь нь байна. Монголын 21 аймгийн 271 сум, дүүрэгт энэ өвчний голомт идэвхтэй байгаа. Энэ өвчнөөр нохой, таван хошуу мал, үнэг, хярс гээд зэрлэг махчин амьтад өвчилдөг. Өвчилсөн амьтны шүлс, хазуулсан, үхсэн сэг зэмтэй харьцсан тохиолдолд хүн өвчлөх эрсдэлтэй. Тиймээс иргэд энэ өвчлөлийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.

Хэрэв сэжигтэй тохиолдол илэрвэл манай байгууллагад хандаж мэргэжлийн тусламж авахгүй бол эдгэрдэггүй аюултай өвчин байгаа. Иргэд өөрийн тэжээвэр амьтдаа бүртгүүлж, тэмдэгжүүлэх, уядаг, урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, вакцинжуулах, туулгад хамруулахгүй бол энэ өвчлөл гарах өндөр эрсдэлтэй.

-Одоо хаврын улирал. Энэ улиралд ямар халдварт өвчнөөс сэргийлэх ёстой вэ. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юү?

-Зоонозын гаралтай хүний өвчлөл ихэнхдээ улирлын чанартай байдаг. Ирэх сараас хачгийн халдварууд гарна. Хавар, зун малчид ноос ноолуур гээд мал аж ахуйн ажил ихэснэ. Мөн сургуулийн хүүхдийн амралт эхэлж, хүмүүс амралтаа авч аялал жуулчлал, хээр гадаа модонд явж байгаад хачигт хазуулах нь ихэсдэг. Тиймээс иргэд онцгой анхаарч бага насны хүүхдийг байнга хянаж, тод өнгийн хувцас өмсүүлэх хэрэгтэй.

Зураг