Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Парис дахь хятад иргэдийн тэмцэл үргэлжилж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Парисын цагдаа 56 настай Хятад гаралтай иргэний амийг буудан хөнөөсөн нь тус хот дахь хятадуудыг эсэргүүцэл үзүүлэхэд хүргэсэн юм.

Даваа гарагийн өглөө цагдаагийн газрын гадаа эхэлсэн тэмцэл өнөөдрийг хүртэл сунжирч байна. Тэмцлийн хоёр дахь өдөр цагдаа нар 10 хүнийг нэмж баривчилснаар баривчлагдсан хүний тоо нийтдээ 45 болжээ.

Гэр бүлийн маргаантай холбоотой дуудлага авсан цагдаа нар Ням гарагийн орой таван хүүхдийн эцэг Шаоё Люгийн гэрт дайран орохдоо гартаа хайч барьсан түүнийг шууд буудан хороосон юм.

Цагдаа түүнийг зэвсэглэж, эсэргүүцэл үзүүлэхийг оролдсон гэж буруутгасан байна. Харин гэр бүлийнхэн нь түүнийг загас янзалж байсан гэж гэрчилжээ. Тиймээс цагдаа нар анхааруулга өгөлгүй гал нээж, гэмгүй хүний амийг хөнөөсөн гэж хятад иргэд үзэн тэмцэж байгаа юм.

Хятадын гадаад хэргийн яам Мягмар гарагт Францын талд мэдэгдэл хүргүүлж, иргэдээ хамгаалахыг уриалжээ.

Парис хотод хятад гаралтай 200-300 мянган хүн амьдардаг. Тэдний ихэнх нь 1980-аад оны үед оёдлын салбарт ажиллахаар анх Хятадаас ирж суурьшсан байна.

 

Эх сурвалж: South China Morning Post