Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Чалко"-д дахиад таван жил Зүүн цанхийн олборлолтынхоо 80 хувийг өгөх гэрээтэй

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-ын Чалко компанид төлөх өрийг 100 хувь төлж барагдуулсан байна. 

Энэ талаар "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/645651595620412/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

"Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд ""Эрдэнэс Тавантолгой" ХК БНХАУ-ын "Чалко" компаниас "Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй"-гээр хийсэн 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг  3 сарын  30-ны өдөр 100 хувь төлж барагдуулснаа дуулгахад таатай байна.

Ингэснээр Баруун болон Зүүн цанхийн уурхайгаас олборлосон нүүрсний орлого Улсын төсөвт орохоор боллоо.

Зургаан жил сунжирсан өрийг 7 сарын хугацаанд төлж барагдууллаа. Энэ бол Засгийн газрын зөв бодлого, чиглэлийн үр дүн юм.

Энэхүү өрийг барагдуулахад Монгол Улсын Засгийн газраас өгсөн оновчтой чиглэл болох нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоох үнийн бодлого. Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлсэн шийдвэрүүд голлон нөлөөлсний дээр “Эрдэнэс-Таван толгой’ ХК-ийн зөв менежментийн үр дүн юм.

2016 оны 9 дүгээр сард тонн тутамд 27 ам доллараар борлуулж байсан нүүрсний үнийг 10 сард 33 ам.доллар. Олборлогч компанитай хэлэлцсэний дүнд 12 дугаар сард 50 ам.доллар. 2017 оны 1 дүгээр сараас 59.3 ам доллар болгон 120 хувиар өсгөсөн бол Цанхийн Баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан борлуулснаар үнийг 72.5 ам.долларт хүргэж өмнөх үнээс 169 хувиар өсгөсөн.

Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн тендерт “Монгол Уурхайчид" түншлэл шалгарсан.

Үндэсний оператор компани олборлолт хийснээр олборлолтын зардал болох 200 тэрбум төгрөг Монголдоо үлдлээ.

Ингэснээр Баруун уурхайн олборлолтын зардал Зүүн уурхайн олборлолтын зардлаас ойролцоогоор 2 дахин буурч, Тавантолгойн ордыг Монголчууд өөрсдөө олборлож чаддагийг батлан харуулсан явдал боллоо.

2017 онд Цанхийн Баруун, Зүүн уурхайгаас зэрэг 11.5 сая тонн нүүрс олборлож, 550 сая ам.долларын борлуулалтын орлого олохоор төлөвлөсөн.

Ойрын хугацаанд Таван толгойн хувьцааг "амь оруулах"-ыг хичээх болно.

Энэ жил хийхээр төлөвлөж буй ажлуудын хувьд "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ ондоо багтаж "Хуралдай" бондтой тэнцэх хэмжээний мөнгийг  олохыг хичээж байна.

Мөн энэ ондоо IPO гаргах ажлын бэлтгэл ажлыг хийнэ. Чадвал оны сүүлээр IPO хийнэ.

2020 он хүртэл хийх ажлын тухайд чанар стандартын тогтолцоог бүрдүүлнэ. Таван сая хүртэлх тоннын хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барина. Цанхийн уурхайд өөрсдөө олборлолт хийдэг болно" гэлээ.

Дашрамд дурдахад. 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй“-өөр хийгдсэн урьдчилгаа төлбөр авах Ажлын хэсгийг тухайн үеийн Хамтарсан Засгийн газрын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг ахалж байсан аж.

""Чалко"-д дахиад таван жил Зүүн цанхийн олборлолтынхоо 80 хувийг өгөх гэрээтэй юм байна лээ"

 
Гэрэл зургийг mpa.mn

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Чалкогийн өрийг дарснаар дэлхийн зах зээлийн үнээр зарах боломж нээгдэх байх. Нүүрсээ нэг тонныг нь хэдээр зарах вэ?

-"Чалко"-д дахиад таван жил Зүүн цанхийн олборлолтынхоо 80 хувийг өгөх гэрээтэй юм байна лээ. Энэ бол хоёр улсын төрийн өмчит компаниудын хооронд 4, 5 жилийн өмнө байгуулсан урт хугацааны гэрээ. 

Бид 20 хувийнхаа олборлолтыг зах зээлийн үнээр зарахыг хичээнэ.

-Өөр өр төлбөрийн талаар?

-Хүний хөгжлийн санд төвлөрсөн 230 сая ам.долларын өр бий. Энэ өрийг энэ ондоо багтааж шийдэх арга хэмжээг авна. Энэ ондоо багтаж өр төлбөрөө цэгцэлнэ. Ингэж балансаа цэгцэлж байж гадны хөрөнгө оруулалтыг татна.

Энэ жилдээ багтаагаад ноогдол ашиг өгөх боломжийг эрэлхийлнэ.

Хэвлэлийн хурлын төгсгөлд "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд "Та бид бүгдээрээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчид. Өнөөдөр бол бид бүгдийн баярын өдөр шүү" хэмээв.