Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батболд: Орчлон сургуулийн үйл ажиллагааны цогц тогтолцоо бол Монголын боловсролын брэнд болох боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 3 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Орчлон ОУ-ын сургуулийн Сүхбаатар дүүрэг дэх салбарын захирал Боловcрол судлалын доктор (PhD), Монгол Улсын Зөвлөх багш Даваагийн Батболдтой салбарын болоод Орчлон сургуулийн үйл ажиллагааны талаар ярилцлаа. 


- Сургууль бүр л өөр өөрийн онцлог, давуу талуудтай байдаг. Орчлон сургуулийн хувьд бусдаасаа ялгарах үнэт зүйл нь юу вэ?

- Орчлон сургууль нь байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн түвшний боловсролын үйлчилгээг эх орондоо нэвтрүүлэхийг зорьсон. Түүнийгээ ч биелүүлсэн.

Орчлон бол Кембрижийн Олон Улсын Сургууль болсон монголын анхны сургалтын байгууллага. Бага, Дунд боловсролын түвшний шалгалтын ОУ-ын дундаж 3.0-4.0, дээд оноо 6 байдаг бол Орчлонгийн хүүхдүүдийн энэ түвшний хөтөлбөрийн шалгалтын сүүлийн 3 жилийн дундаж

  • Англи хэлний хичээлээр 3.5,
  • Математикийн хичээлээр 5.2,
  • Байгалийн ухааны хичээлээр 4.5 байгаа.

Төгсөгчдийн маань 88% нь гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудад элсэн суралцдаг гээд бодохоор чанартай, чансаатай сургууль гэж хэлж болно. Манай сургуулийн үйл ажиллагаа чанартай гэдгийг батлах үүднээс бид энэ жилээс эхлэн үйл ажиллагаандаа ISO 9001:2015 Олон Улсын Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Орчлон сургуулийн үнэт зүйл бол

  • 1-рт хос хэлний (монгол, англи) хөтөлбөртэй Олон Улсын сургууль,
  • 2-рт хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй сургалтын технологи,
  • 3-рт судалгаанд суурилсан, оролцоог хангасан, хүний нөөцийн хөгжлийг дэмжсэн менежмент юм.

Энэ утгаараа Орчлон сургуулийн үйл ажиллагааны цогц тогтолцоо бол монголын боловсролын салбарт үндэсний бренд болох боломжтой гэж би боддог.

- Монголд үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын сургуулиудыг харж байхад дэлхийн алтан стандарт гэгддэг Кембрижийн А левелийн хөтөлбөрөөс гадна IBDP хөтөлбөрөөр сургалт явуулдаг дунд сургуулиуд цөөнгүй байх юм. Энэ хоёр хөтөлбөр яг ямар ялгаатай вэ?

- Бид олон улсын ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлдэг эдгээр хөтөлбөрүүдийг судалж үзээд монголд хамгийн сайн тохирох нь Кембрижийн Олон Улсын хөтөлбөрийг гэж үзсэн.

Учир нь Кембрижийн хөтөлбөрийг тухайн улс орон Үндэснийхээ хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлэх боломжтой байдаг. Бид Дэлхийн Монгол Иргэдийг бэлдэх гэж байгаа шүү дээ. Тэгэхээр үндэснийхээ хэл соёл, үнэт зүйлээ эрхэмлэн дээдлэх учиртай.

- Ямар эрэлт хэрэгцээ, хүлээлттэй эцэг эхчүүд ихэнхдээ танай сургуулиар үйлчлүүлдэг вэ?

- Эцэг эхчүүд 1-рт хүүхдийн хөгжилд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэхийг, 2-рт хүүхдийнх нь онцлогийг тооцож чаддаг, мэргэжлийн ур чадвар сайтай багш нараар үйлчлүүлэхийг, 3-рт хүүхдийнхээ мэдлэг, чадварт ахиц, өөрчлөлт гарсан байхыг хүсдэг.

Эцэг эхчүүдээс авсан сэтгэл ханамжийн судалгааны үр дүнгээс харахад 96%-ийн сэтгэл ханамжтай гэхээр эдгээр эрэлт хэрэгцээг бид цогцоор нь хангаж чаддаг гэсэн үг.

- Миний санаж байгаагаар Орчлон сургууль Дэлхийн Монгол Иргэдийг Бид бэлдэнэ гэдэг уриатай. Өнөөдөр энэ нь монгол иргэн бүрт хамаатай уриа гэж ойлгогдох болжээ. Дэлхийн Монгол Иргэн гэдгийг доор яг ямар хүнийг ойлгох вэ?

- Тийм шүү. Улам бүр даяарчлагдаж буй өнөөгийн нийгэмд манай төгсөгчдийн мэдлэг, чадвар, хандлага, төлөвшил, хүмүүжил нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх явдал нэн чухал.

Дэлхийтэй нэг хэлээр ярьж, сэтгэж, хийх хэрэгтэй. Ингэж байж гэмээнэ монгол улс хөгжингүй улс орнуудтай мөр зэрэгцэн хөгжих, тусгаар тогтнолоо хамгаалах боломжтой болно. Бид зах зээлийн шударга өрсөлдөөнт нийгэмд амьдарч байгаа. Тэгэхээр Монгол хүний өрсөлдөх чадвар сайн байх учиртай биздээ. Тэгж байж манай улс оршин тогтнож хөгжинө шүү дээ.

Үндэсний хэл, соёлын дархлаатай, улс үндэстнээрээ бахарсан, монгол зан заншлаа тээж өвлөсөн, түгээн дэлгэрүүлсэн Дэлхийн Монгол Иргэд л улс орныг маань 21-р зуунд авч явна.

- Монгол хүүхдүүд гадаадын сургуулиудад очиж суралцахаараа их мундаг байдаг гэж хүмүүс ярьцгаадаг. Манай сургалтын чанар үнэхээр сайн гэсэн үг үү?

- Энэ бол хэлбэр талаас нь харсан алдаатай ойлголт юм даа. Гадаадын сургуулиуд хүүхдийг зүгээр л тоглуулаад хичээл заадаггүй юм байна.

Хичээлийн агуулга, хөтөлбөр нь дэндүү хөнгөхөн гэх мэтээр хүмүүс ярьцгаадаг. Гэтэл жишээ нь Кембрижийн А левелийн хөтөлбөрийг тэд хэтэрхий хүнд гэж үздэг. Үнэндээ ерөнхий боловсролын бүх түвшний хөтөлбөрүүд хоорондоо залгамж холбоотой, нэг нь нөгөө дээрээ суурилсан байдаг. Иймд хөтөлбөрийн түвшин огцом хүндэрнэ гэсэн ойлголт байхгүй л дээ.

Барууны хөтөлбөрүүд бага ангид судлагдахууны агуулга гэхээсээ суралцагчдын цогц чадамж, хандлага, төлөвшил, хүмүүжилд илүү ач холбогдол өгдөг. Бэлэн загас барьж өгөх биш, харин загас барих аргад сургадаг гэсэн үг. Чээжилсэн мэдлэгийг богино хугацаанд харж, мэдэрч болно.

Харин асуудал шийдвэрлэх түвшний чадвар, чадамж, ур ухаанд гарч буй өөрчлөлт бол богино хугацаанд харагддаггүй. Тэгэхээр тэр тоглуулаад байгааг хүмүүс сургалтыг идэвхтэй, бүтээлч байлгах замаар чадвар, чадамж эзэмшүүлэх үйл явц гэж харах хэрэгтэй. Үр дүн нь богино хугацаанд харагдахгүй гэхдээ А левелийн хөтөлбөр хэрэгжүүлэхээс өмнө эзэмшигддэг гэсэн үг л дээ.

Манай улсын олон жил дагаж мөрдөж ирсэн хөтөлбөрийн хувьд агуулгын академик түвшин бага, дунд ангиуддаа их өндөр. Түүнийгээ чээжилж тогтоолгох замаар дамжуулдаг технологитой. Чээжилсэн гэдэг нь чадна гэсэн үг биш учраас чадвар, чадамж нь сул хөгжсөн байдаг.

Иймд ахлах ангид Кембрижийн А левелийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чадвар, чадамж нь хүрдэггүй.

- Зарим хүмүүс эрдэм боловсролтой байхаасаа илүүтэй зөв хүн байх хэрэгтэй гэх юм. Хүүхдийн сурлага, хүмүүжлийн аль нь чухал вэ?

- Хүн бол биологи-нийгмийн хоёрдмол шинжтэй амьтан. Таны асуулт бол тахиа ба өндөгний аль нь анхдагч вэ гэсэн асуулттай агаар нэг юм. Асуудлаа ямар өнцгөөс харж байгаагаас л хамаарна.

Манай боловсролын зорилго эрдэм боловсролтой, зөв Монгол иргэн төлөвшүүлэхэд оршдог. Иймд сургалтын бүхий л үйл ажиллагаа суралцагчдад мэдэхүй, бүтээхүйн чадамж эзэмшүүлэхийн зэрэгцээ оршихуй,  нийгэмшихүйн цогц чадамж эзэмшүүлэхэд чиглэгдэх учиртай. Уламжлалт сургалтын тогтолцоонд мэдэхүйн цогц чадамжийг хүний хөгжлийг хөтлөгч араа гэж үзсээр ирсэн. Энэ нь үр дүн муутай байсныг маш олон судалгаанууд баталдаг.

Мэдлэг дамждаггүй, харин суралцагчийн идэвхтэй үйл ажиллагаагаар бүтээгддэг учраас орчин үед бүтээхүйн цогц чадамж эзэмшүүлэхэд их ач хобогдол өгөх болсон. Гэтэл суралцагч мэдлэгээ өөрөө бүтээхэд түүнд сурах сэдэл, өөрөө өөрийнхөө үйлийг төлөвлөх, удирдах, үнэлэх чадвар дутагддаг.

Өөрөөр хэлбэл суралцагчдад оршихуй, нийгэмшихүйн цогц чадамж эзэмших эрэлт хэрэгцээ үүсдэг. Сургалтын үйл ажиллагаа нь багш, суралцагчдын харилцаагаар дамжин өрнөдөг учраас энд хайр хүндлэл, дотно сэтгэл, харилцан итгэлцэл бүхий харилцааны орчин хэрэгтэй.

Энэ бүхнээс үзвэл хүний хөгжлийг хөтлөгч араа нь багш, суралцагчийн харилцаа гэж хэлж болохоор байгаа юм. Манай сургуулийн хувьд суралцагчдынхаа сурлага, хүмүүжлийг арга билгийн шүтэн барилдлагын үүднээс авч үздэг.

- Багшлах арга зүйн талаар ямар онцлогтой вэ?

- Бид суралцагчдын оролцоог хангаж, сурах үйлийг дэмжих арга зүйг хөгжүүлж байна.

Энэхүү багшлах арга зүй нь дараах онцлогтой.

  • 1-рт суралцагчдынхаа мэдлэг, чадварын сул хөгжсөн оюуны чадваруудыг хөгжүүлэх,
  • 2-рт дамжуулж буй мэдээллээ харах, сонсох, биеэр үйлдэх гээд цогц байдлаар хүргэдэг,
  • 3-рт суралцагчдынхаа сурахуйн хэв шинжийн онцлогийг судалж үзээд даалгаврыг хэрэгжүүлэхдээ Тоглоом тоглох, бусадтай харилцах, эргэцүүлэн бодох, шинэ санаа гаргах, баримтуудыг логик бүтцэд оруулах, хийсвэр төсөөлөл, загвар бүтээх, турших, судлах, хийж үзэх, бүтээл гаргах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг хослуулан хэрэгжүүлдэг.

Товчхондоо багш өөртөө таалагдсан арга зүйг хэрэгжүүлэх биш, хүүхдүүдийнхээ онцлогийг судалсны үндсэн дээр арга зүйгээ сонгодог.

- Сургалтын үйл ажиллагааны явцад баримтлах зарчим гэж байдаг байх. Тэрийгээ тодруулж өгөхгүй юу?

- Сургалтын үйл ажиллагааны явцад багш нар

  • Хүүхдийн сурлага, хүмүүжилд гарч буй ахиц, амжилтыг жижиг гэлгүй анхаарал тавьж, ач холбогдол өгөх,
  • Хүүхдийг биш, түүний буруу үйлдлийг шүүмжлэх,
  • Боломж гарах бүрт бусдын өмнө магтах, урам зориг хайрлах,
  • Хүүхдэд цаг хугацааг удирдаж сурах боломж өгч завгүй байлгах,
  • Эцэг эх, багш нар өөрсдөө хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн болж биеэр үлгэрлэх,
  • Дотно сэтгэл, харилцан итгэлцэл бүхий харилцааг эрхэмлэх,
  • Хүүхдийн хийж буй аливаа үйлдэлд “Утга учиртай байх” гэсэн шалгуур тавих гэсэн 7 зарчмыг баримталж ажилладаг.

- Хувийн сургуулиудыг их ачаалал өгдөг гэж шүүмжлэх хүмүүс байдаг л даа. Энэ талаар ярихгүй юу?

- Хоёроос гурван ээлжээр хичээллэдэг сургуулиуд анги танхимын боломжоосоо хамаараад хүссэн хүсээгүй гэртээ эрт харьцгаадаг. Энэ утгаараа ачаалал багатай гэж ойлгоддог байх.

Хувийн сургуулиудын хувьд хичээлээ тараад төрөл бүрийн хөгжүүлэх ажилд өөрийн сонирхол сонголтор суралцах, хичээлээс гадуурх арга хэмжээнүүдэд оролцдог учраас өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ өнгөрөөдөг. Завгүй байдаг учраас ачаалал ихтэй гэж хэлж болно.

Гэхдээ хөгжүүлэх ажил, хичээлээс гадуурх арга хэмжээнүүд нь аль болох сонирхолтой, зугаатай байхуйц хэлбэрээр явагддаг л даа. Иймээс хүүхдүүд их дуртай байдаг.

Эдгээр үйл ажиллагаануудын хүрээнд суралцагчид өөрийгөө сорих, удирдах, үнэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, зөв сэтгэлгээ, итгэл үнэмшлийг бий болгох, зөв дадлуудад суралцаж өөртөө үнэ цэнийг бий болгох зэрэг чадвар, ур ухаанд суралцаж байдаг учраас хувь хүний төлөвшилд онцгой ач холбогдолтой. Чээжилсэн мэдлэгийг шалгалт өнгөрөхөөр мартдаг бол эдгээр чадвар, чадамжуудыг хүн насан туршдаа хэрэглэдэг.

Суралцагчдын ачааллыг нэмэгдүүлж харагдуулдаг бас нэг хүчин зүйл бол гэрийн даалгавар юм. Гэрийн даалгаврын мөн чанар бол хүүхдэд бие даан сурах, цагийн менежмент хийх чадвар эзэмшүүлэх, сэтгэлийн хат, тэвчээр хатуужил, тууштай зан чанарыг төлөвшүүлэхэд оршдог. Хэрэв гэрийн даалгаврыг ачаалал гэж үзвэл хүүхэд дээр дурьдсан чадвар, чадамжуудыг эзэмшиж чадахгүй, энэ эргээд сурлагын амжилтанд шууд сөргөөр нөлөөлдөг.

Иймд хүүхдийнхээ ирээдүйг бодвол эцэг эхчүүд гэрийн даалгаврыг байхгүй болгох биш, харин гэрийн даалгаврыг яаж богино хугацаанд чанартай гүйцэтгэх арга ухаанд суралцахад нь хүүхдэдээ туслах, сургууль багштай хамтран ажиллах хэрэгтэй. Гэрийн даалгавар хийвэл амжилттай суралцана, хийхгүй бол амжилтгүй суралцана. Алийг нь сонгохоо эцэг эх, суралцагч өөрөө л мэдэх хэрэг байх.

- Ярилцлага өгсөнд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье

- Баярлалаа. Хүүхэд бүр чанартай боловсрол эзэмшиж, хүн бүр боловсролын мөн чанарыг дээдлэн, аж амьдралдаа хэрэглэн аз жаргалтай, оюунлаг аж төрөх болтугай. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.