Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрвээ баривчлагдвал Пак Гын Хэ бусдаасаа арай том өрөөнд хоригдоно

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Пак Гын Хэ

Албан тушаалаасаа огцорсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч хэрвээ энэ долоо хоногт баривчлагдвал ямар нөхцөлд хоригдох тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Жирийн хоригдлуудаас ялгарах ганц давуу тал нь түүний ганцаарчлан хорих өрөө илүү том зайтай байх гэнэ. Мөн бусад өрөөнүүдэд угаалгын болон ариун цэврийн өрөө нь дотроо байдаг бол экс ерөнхийлөгчийнх салангид байх юм байна.

Үүнээс бусад талаар Пак Гын Хэгийн хоригдох нөхцөл нь ердийн хоригдлуудынхаас ялгарах зүйлгүй байна гэж албаныхан мэдээлжээ. Тэрээр дөнгөж хоёр долоо хоногийн өмнө ерөнхийлөгчийн Хөх ордныг орхин явсан билээ.

Одоо тэр Сөүл дэхь хувийн сууцандаа амьдарч байгаа ба прокурор өнгөрсөн Баасан гарагт баривчлах хүсэлтээ шүүхэд гаргаад байна. Маргааш болох шүүхийн хуралдаанаас Пак Гын Хэг баривчлах эсэхийг шийднэ.

Хэрвээ баривчлахыг зөвшөөрвөл 65 настай экс ерөнхийлөгчийг 20 хоног хорих ба энэ хооронд түүнд ял оноож доод тал нь 10 жил шоронд хорих боломжтой юм.

Түүнтэй нэг хэрэгт холбогдсон Самсунгийн дэд ерөнхийлөгч одоогоор 6.56 метр.кв талбайтай өрөөнд хоригдож байгаа бол экс ерөнхийлөгчийн хоригдох өрөө үүнээс бага зэрэг том байх гэнэ.

Мөн түүнийг хорих өрөө нь бусад хоригдлуудынхаас тусдаа, зайтай байх тухай мэдээлжээ. Энэ нь түүний аюулгүй байдалтай холбоотой.

Бусад хоригдлуудад үйлчилдэг дүрэм, журмууд Пак Гын Хэд адил үйлчилнэ. Тухайлбал тэр өглөө бүр 06:30 цагт босож, орой 21:00 цагт орондоо орох ёстой. Өдрийн цагаар телевиз үзэж болох ч үзэх хөтөлбөр нь Хууль зүйн яамнаас зөвшөөрсөн, урьдчилж хийсэн бичлэгүүд байх гэнэ.

Гаднаас уулзах хүний тоог өдөрт нэгээр хязгаарлах бол өмгөөлөгчтэйгээ хязгааргүй тоогоор уулзаж болох ажээ.

Өмнөд Солонгосын шорон, саатуулах төвүүдэд хоногийн 2,500 калори илчлэгтэй байхаар тогтсон хоолнуудыг хуваарийн дагуу хоригдлуудад тараадаг.

Хэрвээ Пак Гын Хэ Баасан гарагт хоригдож эхэлбэл түүний анхны хоол нь буурцгаар амталсан будаа, кимчи, байцааны шөл, далайн байцаа байх ба өртөг нь 1,4443 вон ($1.3) байна гэж албаныхан хэлж байна.

Харин түүний онцлог болсон үс засалтыг саатуулах төвд үзүүлж чадахгүй гэнэ. Хорих газарт байдаг үсчин нь зөвхөн үс тайрах үйлчилгээ хоригдлуудад үзүүлдэг гэжээ.

Сөүлийн төв хэсэгт нийт таван саатуулах төв байдаг. Пак Гын Хэг аль төвд хорих нь одоогоор тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Reuters