Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

10 гаруй байртай хүн халамж авахын тулд өөрийгөө түрээсийн байранд амьдардаг гэжээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Орлого орлуулан тооцох аргаар Өрхийн амьжиргааны түвшинг тооцох судалгаа энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 9-ний өдрийг хүртэл орон даяар зохион байгуулагдах гэж байна.

Өрхийн амьжиргааны түвшинг тооцсоноор ядуу өрх, хүн амыг зөв оновчтой тодорхойлж, төрийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт хуваарилахад чухал ач холбогдолтой байдаг.

Энэ жилийн хувьд судалгааны асуулга бөглүүлэх ажил 10 хоног үргэлжилж, улсын нийт өрхийн 80 гаруй хувь буюу 600 мянган өрх хамрагдах юм.  Судалгааны ажлыг 7,900 гаруй хүн хийх ажээ.

Гурван жил тутамд хийгддэг уг судалгааны ерөнхий зохион байгуулагчаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газар, Азийн Хөгжлийн Банк ажиллаж байна. Өнөөдөр тус газрын дарга, судалгааны зөвлөхүүд сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өгсөн юм.

Иргэд судалгааг үнэн зөв бөглөж өгөх үүрэгтэй. Учир нь зарим иргэн нийгэм, эдийн засгийн байдлыг тодорхойлох үндэсний хэмжээний чухал судалгаанд хариуцлагагүй ханддаг байна. Тухайлбал 10 гаруй байртай хүн өөрийгөө түрээсийн орон сууцанд амьдардаг хэмээн хэлж нийгмийн халамж хүртэх оролдлого хийж байсан тухай хэллээ. Мөн цалингийн дээд хэмжээгээр татвар төлдөг иргэд өөрсдийгөө ажилгүй хэмээн тодорхойлох тохиолдол цөөнгүй гардаг байна.

Хэдий тийм ч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас хуурамч мэдээлэл өгсөн иргэдийн мэдээллийг улсын бүртгэлийн газар болон бусад холбогдох байгууллагуудын мэдээлэлтэй тулгаж илрүүлдэг учраас та мэдээллээ үнэн бодитой бөглөж өгч, иргэний үүргээ биелүүлээрэй.  

Орлого орлуулан тооцох арга гэж юу вэ?

Олон улсын хамгийн сүүлийн үеийн туршлага бол орлого орлуулан тооцох арга юм. Энэ нь өрхийн амьжиргааны түвшинг тооцохдоо тухайн өрхийн амьжиргаанд нөлөө үзүүлж байгаа бүх үзүүлэлтийг төлөөлөл болгон сонгож /өрхийн хэмжээ болон бүтэц, удаан эдэлгээт хогшил, сууцны нөхцөл гэх мэт/ ашиглахыг хэлнэ.

Үнэлгээг компьютерээр тооцон өрх нэг бүрийн хувьд оноо өгөх замаар тухайн өрхийн амьжиргааны түвшин ямар хэмжээнд байгааг хэлж өгдөгөөрөө үнэн бодитой үр дүн гардаг онцлогтой.