Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн том үлэг гүрвэлийн мөр Австралиас олдож, Монголын дээд амжилтыг булаалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнөөг хүртэл олдсон хамгийн том үлэг гүрвэлийн мөрөөр Австралийн баруун эргээс олдсон мөр шалгараад байна. Хадан дээр үлдсэн үлэг гүрвэлийн 1.7 метр урт мөр нь насанд хүрсэн хүний өндөртэй бараг чацуу гэсэн үг юм.

Өнгөрсөн онд Монголын говиос олдсон 106 см урт мөр нь үүнээс өмнө хамгийн томд тооцогдож байв. Тэгвэл Диплодокус төрлийн өвсөн тэжээлт аварга гүрвэлийн мөр түүнийг давж, аваргын титмийг булаасан байна.

Күинсландын Их сургуулийн палеонтологич Стив Салисбури энэхүү мөрний эзэн үлэг гүрвэлийг ташаа хүртлээ 5.5 метр өндөр байсан гэж үзэж байгаагаа ярьжээ. Харьцуулбал анаашны бүтэн өндөр нь 5 метр орчим байдаг.

Баруун Австралийн Кимберли эргийн дагуух газарт маш олон үлэг гүрвэлийн мөр олдож, түүнийг Австралийн “Юрийн галавын цэцэрлэг” гэж нэрлэх болсон юм. Хэдэн мянган мөрөн дундаас одоогоор 21 төрлийн 150 мөрийг тодруулаад байгаа гэнэ. Эдгээр нь үлэг гүрвэлийн дөрвөн үндсэн төрлийг төлөөлж байгаа юм байна.

130 сая жилийн өмнө Кимберлид маш олон төрлийн гүрвэлүүд бэлчиж байсан гэдгийг мөрнүүд баталж байгаа ажээ.

Энэ бүс нутаг нь 2008 онд Австралийн засгийн газрын байгалийн хий боловсруулах үйлдвэрийн $40 тэрбумын төсөлд хамрагдахаар тусгагдаад байсан юм.  Нутгийн уугуул иргэд энэ үед үлэг гүрвэлийн мөрнүүдийг устахаас сэргийлж, палеонтологичдод мэдээлснээр хамгаалалтад авсан байна.

2011 онд Кимберлиг Үндэсний Дурсгалт газар нутгийн жагсаалтад багтаасан юм.

 

Эх сурвалж: Independent