Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

"ТҮЦ-үүдийг хуучин байсан дарааллаар нь байрлуулж өгөхийг шаардаж байна"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

“ТҮЦ эрхлэгчдийн Түмэн холбоо”-ноос төрийн албан хаагчидтай холбоотой баримт дэлгэхээр өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаад байсан.

Гэвч ТҮЦ эрхлэгчдийн холбооны төлөөлөгчидтэй маргаан үүссэний улмаас мэдээлэл хийж чадсангүй. Тус үйл явдлаас талуудын байр суурийг сурвалжилснаа хүргэе.

"Хотын Захиргаа ТББ-уудыг хагаралдуулж, ашиг олохыг зорьж байна"
 

Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шудрага” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг “ТҮЦ эрхлэгчдийн Түмэн холбоо манайд хандаад 10 гаруй хонож байна. Өнөөдрийг хүртэл бид ТҮЦ эрхлэгчид ямар байдалд орчихоод байгаа, эрх нь хэрхэн зөрчигдөж байгааг ажигласан.

ТҮЦ эрхлэгчдийн Түмэн холбооноос гадна өөр холбоонууд бас байна. Миний хувьд зохион байгуулалттайгаар дээрээс хийгдэж байгаа зүйл гэж бодож байна.

Хотын Захиргаа төрийн бус байгууллагуудыг хооронд нь хагаралдуулж, ашиг олохоор зорьж байна. Өнөөдөр засаг төрийн залгамж чанар гэж байхгүй, урд нь хийж байсан зөв ажлыг үргэлжлүүлж, бурууг таслан зогсоохоор гарч ирснээ ухамсарлахгүй байна.

2016 оны арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн ТҮЦ-үүдийг ачиж эхэлсэн. Үнэндээ захирамж нь арванхоёрдугаар сарын 8-ны өдөр гарсан. Энэ захирамж нь ТҮЦ гэж онцгойлон хандаагүй байсан.

Гэтэл засаг дарга нар арга хэмжээ авахдаа зөвхөн ТҮЦ-рүү дайрсан. Нэг ТҮЦ-ний цаана олон хүний амь амьдрал явж байгаа. Тэдний эрх ашгийг аймшигтайгаар зөрчсөн” гэв.

"Хэн нэгэн залилагч этгээдээс болж өөрсдийн амь, амьдралаас салмааргүй байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

ТҮЦ эрхлэгч З.Пунсалдулам “Шүүхийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлэхээр хүсэлт тавьсан 95 хүн бий. Тухайн үед ТҮЦ эрхлэгч нараас өмгөөлөгчийн зардал, урсгал зардал зэргээр нэг хүнээс 200,000 төгрөг авсан.

Тэр их мөнгөө юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй, тайлангаа тавиагүй “Түц эрхлэгчдийн Түмэн холбоо” гэж худал нэрээр бидний эсрэг мэдээлэл хийгээд явж байна.

Д.Тогтмаа гэдэг хүн бидний мөнгийг аваад дахиж өөр холбоо байгуулаад бусдын мөнгийг залилаад явж байна.

Бид өөрсдийн эрх ашгийг хамгаалахын төлөө анхнаасаа тэмцсэн учраас хэн нэгэн залилагч этгээдээс болж өөрсдийн амь, амьдралаас салмааргүй байна” гэв.

"Монгол Ардын Нам гарч ирээд ард иргэдийн хөрөнгийг нийгэмчилж эхэллээ"
 
Гэрэл зургийг mpa.mn

ТҮЦ эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Дамба “Д.Тогтмаа гэдэг хүн өвөл бидэнтэй нэгдэж ТҮЦ эрхлэгчдийн холбоонд орсон. Тухайн үед өмгөөлөгчид хандах, үйл ажиллагааны зардал нэрээр 200,000 төгрөгийг хүн бүрээс авсан.

Өмгөөлөгчид 6 сая төгрөг өгөөд бусдыг нь аваад зугтсан. Бид шүүхэд материалаа өгөхөөр бэлдээд явж байна.

Өнгөрсөн жил биднийг шүүхэд хандах завдалгүй ТҮЦ-ийг маань ачиж байсан. Төрийн байгууллагын ажилтнууд шөнийн цагаар, амралтын өдрүүдээр ачсан. Монгол Ардын Нам гарч ирээд ард иргэдийн хөрөнгийг нийгэмчилж эхэлж байна.

Холбогдох байгууллагуудаас бид автобусны буудлууд дээр хоёр, хоёр ТҮЦ-ийг хуучин байсан дарааллаар нь байрлуулж өгөхийг шаардаж байна. Үнэхээр ТҮЦ байснаараа Улаанбаатарын иргэд өвчин зовлон тусаад, үхэж үрэгдээд байгаа юм бол бидэнд нөхөн олговрыг нь өг. Бид энэ ТҮЦ-үүдийг зүгээр аваагүй.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр захирамжийг түтгэлзүүлж, зарим ТҮЦ-ийг байршуулсан. Гэвч шийдвэрийг үл хүндэтгэн, заримыг нь ачсан” гэв.

"Өмнөх удирдлагынхаа ажлыг бүрэн үгүйсгэсний үр дүнд үргэлж хөдөлмөрчид хохирдог"
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол хүндээ тусалъя ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр “1,500 ТҮЦ-ний асуудал яригдаж байна. Энэ асуудал өмнөх Хотын захиргааны үед хууль ёсны асуудал гэж тавигдаад шийдэгдсэн. 300-г нь 12-15 сая төгрөгөөр ТҮЦ эрхлэгчдэд худалдсан.

Харин шинэ удирдлага хууль ёсоор шийдэгдээгүй гэж үзээд газар чөлөөлөх асуудлыг тавьсан. Энэ талаар холбогдох зарлиг тушаалыг С.Батболд гаргасан. Төрийн залгамж чанар үнэхээр хэрэгтэй. Удирдлага солигдоод, өмнөх удирдлагынхаа ажлыг бүрэн үгүйсгэж, үүний ард үргэлж хөдөлмөрчид хохирдог.

Манай улсад албан тушаалтны эрх яригдаж ирснээс биш, хөдөлмөрчдийн эрх ашиг яригдаж байгаагүй. Төрийн бус байгууллагуудаас хотын даргыг захирамжаа эргэж харах ёстой гэж үзэж байна.

ТҮЦ эрхлэгчдийн Түмэн холбоо шудрага шаардлагыг тавьж байна. Төрийн залгамж чанарыг шаардаж байна. Харин бусад хүмүүс өөр юм ярьж, маргаан үүсгэж байна. Бид үүнийг улс төрийн хүчний эрх ашиг болов уу гэж хардаж байна” хэмээн тайлбарласан юм.