Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Амаржаргал: Гоншигнох хэрэггүй, тоглоомын дүрэмдээ л захирагд

ikon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛТАЙ ярилцлаа. 

МАНАЙ ЭДИЙН ЗАСАГ ГАДНЫН ГАР УДИРДЛАГАТАЙ БОЛСОН

-Шинэ бүрдсэн Засгийн газар ажлаа авсан даруйдаа эдийн засаг хүнд байна гэж ярьсаар өнөөдөртөө золгожээ. Нэг ёсондоо, гүйцэтгэх засаглал ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах урдач нөхцөлөө бүрдүүлээд байсан юм шиг харагдаад байна л даа. Эдийн засагч хүний хувьд та энэ асуудалд байр сууриа илэрхийлэх цаг нь болсон гэж бодож байна?

-Манай эдийн засгийн дүр төрхийг хараад байхад гаднын гар удирдлагад шилжчихлээ. Өөрөөр хэлбэл, ямар нэг юм болохоо болиод ирэнгүүт  “Ийш нь, тийш нь өг. Үүнийг нэм, хас” гээд гаднаас команд өгөөд босгоод ирж байна. Макро эдийн засгийн асуудлуудыг Сангийн сайд, Монголбанк хоёр хариуцаж явдаг. Энэ албан тушаалд байгаа хүмүүс мэргэжлийн төвшинд асуудлаа гадарладаг байх ёстой.

Манайд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс дотор яг мэргэжлийн төвшинд асуудлаа ойлгодог хүмүүс байсан уу гэхээр учир дутагдалтай. Томилогдож очиж байсан хүмүүс нь “Заавал мэргэжлийнх байх албагүй. Болохгүй бол ОУВС-д хандчихна” гэх хандлагатай байсан нь ажиглагдаад байна.

Үүнийг би С.Баярцогт Сангийн сайд байсан үеийг хараад хэлж байгаа юм. ОУВС-гийнхнаар ажлаа хийлгэе гэдэг. Бусад нь дагаад явдаг байх жишээтэй. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ч ийм хандлага байсан. Өнөөдөр бас ийм хувилбар руу орчихоод явж байна.

-Мэдлэг, туршлагагүй, өөрийн гэсэн бодолгүй ч албан тушаалд очиж л байвал боллоо. Үлдсэнийг нь ОУВС-гийнханд даатгачихна гэх хандлагаар ажиллаад байна гэсэн үг үү?

-Хоёр л шалтгаантай хүн ОУВС-д хандана. Нэгдүгээрт, би энэ улсын макро эдийн засгийг мэдэхгүй байгаа учраас удирдаж, залж чадахгүй юм байна. Тиймээс та нар миний өмнөөс ирээд удирдаад өгөөч гээд гараа өргөөд бууж өгч байна гэсэн үг. Хоёрдугаарт, Монгол Улсын санхүүгийн бүрэн эрхийг хүний гарт шилжүүлж байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Хууль тогтоох байгууллагын өмнөөс ОУВС-гийнхан татварын асуудлыг шийдэх нь. Та хэчнээн ухаантай зүйл ярьж болно. Гэхдээ эцсийн шийдвэрийг ОУВС гаргана гэсэн санаа шүү дээ. 

-Манайх хамрагдах гээд байгаа “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийн ач холбогдол нь юу юм. Хөтөлбөр хэрэгжэсний дараа эдийн засаг сэргээд, амьдрал сайхан болчихно гээд байгаа. Энэ хөтөлбөр болоод ОУВС-гийн талаар мэдээлэл өгөөч? 

-ОУВС-гийн хөтөлбөр бол хэдий дунд гэж байгаа ч богино хугацааных. Маш богино хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж өгдөг хөтөлбөр юм. Тогтвортой болгох талаас нь ОУВС бусад улс оронд хэрэгжүүлсэн туршлагыг нь харахад боломжийн ажилласан байдаг. Түүнээс хөгжлийн зорилтыг шийддэг хөтөлбөр биш. Ямар ч улс оронд хөгжлийн зорилтыг шийдэх гэж оролдоод үр дүнд хүрсэн түүх байхгүй. Энэ ялгаа заагийг бид ойлгох ёстой. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлагатай, шаардлагагүй гээд янз бүрээр л ярьж, тайлбарлаж байна.

Миний харж байгаагаар чадвартай, туршлагатай, мэдлэгтэй Засгийн газрын хувьд ОУВС хамгийн сүүлчийн хувилбар байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн Засгийн газраас өөрөөс нь огт хамааралгүй хүчин зүйл болсон тохиолдолд аргагүйн эрхэнд ханддаг. Харин чадвар муутай, сул Засгийн газрын хувьд цорын ганц арга нь юм.

ЗАСАГ БАРЬЖ БАЙГАА ХҮМҮҮС ЗАСГАА АВЧ ҮЛДЬЕ Л ГЭЖ БОДНО ШҮҮ ДЭЭ

-Чадвар муутай, сул Засгийн газрын хувьд энэ цорын ганц арга нь гэж та хэллээ. Тэгэхээр та энэ удаагийн бүрэлдсэн УИХ, Засгийн газарт “F” үнэлгээ өгч байна гэсэн үг үү? 

-Бид арай туршлагатай Засгийн газар, УИХ-тай байсан бол заавал энэ хөтөлбөр рүү орох шаардлага байхгүй байсан. Энэ Засгийн газар, УИХ-ын хувьд бол үүнээс өөр хувилбар байхгүй. Тиймээс одоо яах вэ гээд цэцэрхээд маргалдаад байх хэрэггүй. Товчоор хэлбэл, энэ удаагийн Засгийн газрын амийг нь аврах ганц зүйл нь ОУВС-гийн хөтөлбөр болчихоод байна. Энэ хөтөлбөрт хамрагдаад эдийн засгаа тогтворжуулчихаад цаашид арай өөр хувилбараар явах хэрэгтэй.

Гэхдээ энэ үед улс төрийн мөчлөг бас нөлөөлж таарна. 2014 оноос манайх Монголын “стэнд бай” маягийн хөтөлбөр явуулж эхэлсэн. Эдийн засгийн өсөлт 2-3, инфляци 1.9 хувьтай, төлбөрийн тэнцэл дөрвөн хувьтай, валютын 4-5 сарын нөөцтэй яваад байсан нь “монгол стэнд бай” хөтөлбөрийн нэг хувилбар. Энэ хувилбаруудын хүрээнд санхүүгийн зах зээлд “хатуу” шалгуур тавиад байсан учир зохистой шалгууруудаа даваад яваад байсан. Ингэж явсаар 2015 онд хамгийн доод цэгт нь хүргэчихээд эргээд дээш нь татах боломж байсан юм. Тэр үед бид зоригтой шийдвэр гаргаж чадаагүй.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдвал ард түмэн бүрэн эрх, бүтэн итгэл хүлээлгэснийхээ шанг хангалттай амсах юм шиг байна. Татварыг үе шаттай нэмэгдүүлэх нь нөгөө чинээлэг дундаж давхаргыг бий болгоно гэж ярьж байсныхаа эсрэг зүйл болж, иргэдийн нуруун дээрх ачаа улам бүр хүндрэх нь ээ?

-2016 оны төсвийн тодотголыг Сангийн яам оруулж ирэхэд “Манай Сангийн яамныхан зоригтой сайн байна” гэж дотроо сайшааж байсан. Оруулж ирснийг нь УИХ “Орон нутгийн сонгууль болох гэж байна. Энэ сонгуульд ямар ч үнээр хамаагүй ялах ёстой” гээд төслийг нь буцаагаад татуулчихсан. 2017 оны төсвийг ч их тааруу боловсруулж оруулж ирсэн.

Одоо яригдаж буй ОУВС-гийн хүрээнд өөрчлөх төсвийн төсөлд тусгасан татварууд бараг бүгд ирэх долдугаар сарын 1-нээс хойш хэрэгжихээр заасан байна. Энэ юу хэлж байна вэ гэхээр Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсний дараа хүнд хэцүү ачааг ард иргэдийн нуруун дээр үүрүүлэхээр төлөвлөж байна шүү дээ. Эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд зарим зүйлийг золиосолж байна. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараачаас ачааг иргэдэд үүрүүлнэ гэснийг буруутгах аргагүй. Засаг барьж байгаа хүмүүс засгаа авч үлдье л гэж бодно шүү дээ. Тийм учраас ард түмний илт дургүйцсэн арга хэмжээг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө авахгүй. 

-ОУВС, Засгийн газар Монголын эдийн засгийг авч явдаг дундаж давхарга нийт хүн амын хэдэн хувийг эзэлдэг вэ гэдгийг маш зөв тодорхойлох шаардлага үүсч байх шиг. Өрхийн орлого нэмэгдэх үү, компаниуд хөгжих үү гэх асуулт үлдэж байна л даа?

-Төсвийн бодлогын хүрээнд Хүн амын орлогын албан татварыг шатлалтай нэмэхээр тусгажээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар 2020 он гэхэд таван хувиар нэмэгдүүлэх юм байна. Үүнд ажил олгогч нар их дургүй байгаа. Яагаад гэхээр цалин нэмэхгүйгээр татвар нэмэхээр бодит орлого багасна.

Шударгаар ажлын байраа хадгалаад аваад гарсан хүмүүсийн үүрч байгаа ачаа улам нэмэгдэнэ. Харин баячуудад энэ хамааралгүй. Нөгөөтэйгүүр банкны хадгаламжийн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулна гэж байна. Хүмүүс хадгаламжтай байх ёстой юм байна гэж дөнгөж ойлгож эхэлж байхад нь үүгээр оролдож эхлэх нь оновчтой биш. Харин эдийн засгийн өсөлттэй үед ийм аргыг ашигладаг. 

-Өөрөөр хэлбэл, ачааг хэн үүрэх вэ гэдгийг маш сайн харах ёстой гэсэн санааг та хэлж байна уу?

-Автомашин, шатахууны импортын албан татвар нэмэхээр тусгасан байна. Баячуудад тэр “Лэнд крузер”-ийн татвар нэмэх падлийгүй. Өөрөөр хэлбэл, тэдэнд 100 мянган долларын үнэтэй байна уу, 150 мянган доллар байна уу гэдэг нь хамаагүй. Гэтэл “Приус” авч байгаа хүнд бол татвар нэмэгдвэл нөлөөлнө. Хэн ачааг нь үүрэх вэ гэдгийг бодох ёстой.  

Архины татварыг бид яаж зохицуулах ёстой юм. Татварыг нь нэмээд байвал хуурамч архинууд нэмэгдэнэ. Тэгэхээр энэ асуудалд их зөв бодлого байх ёстой. Вино, пиво дээр ямар татварын бодлого баримтлах ёстой юм гэдгийг ч бодох л асуудал. Цалин нэмэхгүй, хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 40 хувьд хүргэнэ гэсэн асуудлууд байна. Хүмүүсийн дургүй хүргэж байгаа нэг сэдэв нь тэтгэврийн насыг нэмэх тухай асуудал. Энэ бүхнийг маш нарийн тооцож байж хийх ёстой доо.

580 ТЭРБУМЫГ ТАТВАР НЭРЭЭР АВААД 470 ТЭРБУМЫГ НЬ ЗАРЛАГА БОЛГООД ГАРГАХЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ

-Таны өнгөрсөн хугацаанд удаа дараа хэлж, сануулж байсан Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийг хууль тогтоох байгууллага гэх нэртэй 76 хүн орвонгоор нь өөрчлөөд тойрогтоо төсөв хуваарилуулах гэж улайрдаг. Жил бүр эдийн засгийн бодит байдлыг харсан бус улстөржсөн төсөв баталж ирсний горыг ард иргэд илүүтэй амсахаар болж байх шиг байна. Энэ тохиолдолд одоо яах ёстой вэ?

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдлаа гэхэд улсын төсвийн орлого талд 580 тэрбум төгрөг орж ирнэ. Гэхдээ зарлагаа бууруулах бус 470 тэрбум төгрөгөөр нэмнэ гэж байна. Өөрөөр хэлбэл, орж ирсэн 580 тэрбумынхаа 470 тэрбумыг нь зарлагад гаргачихна. Тал нь урсгал, нөгөө хэсэг нь хөрөнгийн зардал болно гэсэн үг. Тэгэхээр ачаа үүрч байгаа давхаргаасаа цуглуулсан мөнгөө өөрсдийнхөө том компаниудад өгөх гэж байна уу даа. Ер нь татварын суурь нь буурчихсан хямралын үед ажлын байраа хадгалж үлдэх оролдлого хийх ёстой. Дундаж давхаргаа дэмжих бодлогын эсрэг зүйлүүд яваад байна. 

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэх төлөв харагдаж байна. Энэ хэр оновчтой шийдэл юм бол?

-Монголбанкны хүрээнд мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлнэ гэсэн байна лээ. Зах зээлд хатуу бодлого барьж, мөнгийг хумина шүү гэсэн санаа. Энэ нь бол түр зуурынх болов уу. Ханшийн уян хатан байдлыг хангана гээд байгаа. Валютын интервэнц хийдэг байдлыг боль гэсэн санаа байх. Монголын эдийн засгийн бүтцийн 60 хувийнх нь хэрэглээ нэг орноос, экспортын 90 хувь нь нэг орноос хамааралтай. Ийм үед уян хатан байна гэдэг нь ханшийг хэд хүргэх вэ гэх асуудал гарч ирж байна. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байсныг болиулна гэж байгаа. Төв банкны түрүүчийн ерөнхийлөгчийн үед “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Шүүмжлэхээр зүйлүүд хангалттай бий.

Гэхдээ нийт хөтөлбөрийн үлдэгдэл 2013 оны эцэст 700 гаруй миллиард байсан бол 2015 онд 20 гаруй миллиард болсон байсан. Өөрөөр хэлбэл, энэ ондоо багтаад бүх өр нь төлөгдөөд дуусна. 

Төв банк эдийн засгийг дэмждэг, тусалдаг, өсөлтийг хангахад жинтэй хувь нэмэр оруулдаг байгууллага байж болдоггүй юм уу гэсэн асуудал гарч ирсэн. Үүнээс улбаалаад мөнгөний бодлогоороо дамжуулаад эдийн засаг руугаа мөнгө чиглүүлэх асуудал дэлхий нийтэд явагдаж байна. Манай Төв банк ямар үйл ажиллагаа явуулах ёстой юм гэсэн яриа гарахад нэг хэсэг нь идэвхтэй байх ёстой, одоо явуулж буй үйл ажиллагаа нь зөв гэдэг. Нөгөө талд энэ арга барил бүтэхгүй, хэд хэдэн оронд туршиж үзсэнээс харахад олигтой зүйл биш байна гэж байна. Манай Төв банкны өмнөх удирдлагууд энэ чиглэлээр нэлээд идэвхтэй бодлого явуулсан. Өнөөдөр үүнийг шүүх хараахан болоогүй байна.

Макро түвшин, салбарын түвшинд нь ингэсэн, тэгсэн байна гэсэн зүйлүүд гаргаж ирээгүй байна. Тухайн үед шатахууны дэмжлэг өгөөгүй байсан бол өнөөдөр үнэ ямар байх байсан бол. Энэ нь эдийн засагт ямар нөлөөтэй вэ гэдгийг өнөөдөр хэн ч хэлж мэдэхгүй. Хөндлөнгийн байгууллагын активийн үнэлгээ гэдэгт албадлагын арга хэмжээнүүд орж ирнэ гэсэн үг. Банкууд нэгдэж нийлэх, заримыг нь татан буулгах зүйл рүү явна гэсэн үг. Үүнийг нэлээд цэгцтэй, замбараатай зөв хэрэгжүүлэхгүй бол эвгүй шүү. 

-ОУВС хөтөлбөр хэрэгжүүлсний дараа 2019 оноос эдийн засгийн өсөлт бүр найман хувьд хүрнэ гэж Сангийн сайд хэлж байгаа. Үнэхээр манайд нүүрлээд байгаа энэ хүндрэл хямрал өргөс авсан мэт алга болчих юм уу? 

-Үүн шиг худал зүйл байхгүй шүү. Үлгэрт итгэдэг цаг өнгөрсөн. 2019 оноос эдийн засаг тогтворжиж, өсөлттэй болно гэж яриад байгаа. 2017 онд эдийн засгийн өсөлт байхгүй. 2018 онд 1.8 хувь, 2019 онд найман хувийн өсөлттэй болно гэсэн. Уул уурхайн салбарын 13 хувийг хэлж байгаа юм. Үүнээс өөр ямар нэгэн шинэ эх үүсвэр гарч ирэхгүй. ОУВС-гийн хөтөлбөр эдийн засгийг маш богино хугацаанд тогтворжуулахад л сайн ажилладаг. Манайх авч хэрэгжүүлж байсан ОУВС-гийн хөтөлбөрөө бүгдийг нь бүрэн гүйцэд хэрэгжүүлж байсан тохиолдол бараг байдаггүй. Эхлээд энэ хөтөлбөрт баяр ёслолын байдалтай ордог. Хөтөлбөрт хамрагдаад явж байгаад жилийн дараачаас “Болъё” гээд зогсоочихдог. Ийм хувилбар бас бий.  

“ХУРАЛДАЙ” БОНДЫГ АВЧ БАЙГАА ХҮМҮҮСТ АШИГТАЙ, МАНАЙХ БАЯРЛАХ ХЭРЭГГҮЙ

-Хөгжлийн банкны евро бондын төлөх хугацааг хойшлуулж “Хуралдай” бондоор солилоо. Хүү нь ч өмнөхөөсөө өндөр болсон байна лээ. Ер нь өрийг өрөөр санхүүжүүлэх нь урт хугацаандаа ямар үр нөлөөтэй юм бэ. Үүнээс өөр гарц байгаагүй юм уу? 

-Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг “Хуралдай” бондоор сольчихлоо. Сайн ч зарагдлаа. Анх 5.75 хувиар авч байсан бондоо 8.75 хувийн хүүтэй арилжлаа. Үндсэндээ гурван хувиар хүү өссөн. ДНБ-ийн өр 2016 онд 86 хувь гэж тооцож байсан. Маш их өртэй болчихлоо гэж байсан. Үүнийг дааж давшгүй их өр мэтээр ярьж байсан бол саяын өрүүдээ нэмбэл 2017 онд өрийн хэмжээ ДНБ-ий 95 хувь, 2018 онд 101, 2019 онд 100 хувь болно.

Бонд хурдан зарагдангуут “Маш хүчтэй дэмжлэг” авлаа гэж ярьж эхэлсэн. Бид өөрсдийгөө хуурах хэрэггүй. Энэ бонд бидэнд ашигтай гэхээсээ илүү авч байгаа хүмүүстээ илүү ашигтай. “Хуралдай” бондыг худалдаж авсан бүтцийг аваад үзэхээр ихэнх нь америкчууд байна лээ. Дараа нь Европ, Ази тивийнхэн авсан байсан. Энэ бондыг авч байгаа хүмүүс юу авч байгаа, яаж үнэ цэнэтэй болгох вэ гэдгээ маш сайн мэдэж байгаа. 

Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Дэлхийн зах зээлийн үнэ Монголд үйлчилдэггүй. Дэлхийн зах зээл дээр өнөөдөр нүүрсний үнэ 300 хувиар, төмрийн үнэ 200 хувиар өссөн байна. Манайх ийм өссөн үнээр худалдахгүй байгаа шүү дээ. Монголын эдийн засаг биет утгаараа зах зээлүүдээс хязгаарлагдчихсан, тодорхой зах зээлд хүрээлэгдчихсэн. Түүнтэйгээ л харьцдаг. Урд хөршийнхөн ямар үнээр авна, түүнтэй л уялдана. Энэ бүхнээ тооцож, аливаа зүйлд бодитой хандмаар байна.

-Монголын эдийн засгийг өөдрөгөөр хармаар байна. Түүхий эдийн үнэ өсч байна, үүнийг дагаад эдийн засагт ассан улаан гэрэл ногооноор солигдоно, бидний ирээдүй гэрэлтэнэ гэж харах үндэс үнэхээр алга уу?

-Түүхий эдийн үнэ өсч байна. Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Дэлхийн зах зээлийн үнэ Монголд үйлчилдэггүй. Дэлхийн зах зээл дээр өнөөдөр нүүрсний үнэ 300 хувиар, төмрийн үнэ 200 хувиар өссөн байна. Манайх ийм өссөн үнээр худалдахгүй байгаа шүү дээ. Монголын эдийн засаг биет утгаараа зах зээлүүдээс хязгаарлагдчихсан, тодорхой зах зээлд хүрээлэгдчихсэн. Түүнтэйгээ л харьцдаг. Урд хөршийнхөн ямар үнээр авна, түүнтэй л уялдана. Энэ бүхнээ тооцож, аливаа зүйлд бодитой хандмаар байна. Аль ч намд мэдлэг, боловсролтой боловсон хүчин дутагдаад байна. Одоо энэ  76 дотор энийг л хэлнэ дээ гэсэн мэдлэг боловсролтой хүн хэд байна вэ. Үндсэндээ бараг байхгүй шүү дээ. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд төрийн албанд шинэ хүмүүсийн давалгаа бий болсоор байсан. Бодлогын залгамж чанар, төрийн бодлогын үнэт зүйл, амин сүнс хаана байна вэ. Энэ бүгдийг бариад явж байдаг тогтолцоо байхгүй учраас эдийн засаг биет утгаараа өсөөд байгаа ч үүнийг менежмэнт хийгээд залаад авч явж буй баг гологдоод байна. 

-ОУВС-гийн багцад юань нэмэгдлээ. ОУВС-гийн хөтөлбөр нэртэй ч бид Хятадаас зээл авах гээд байна уу даа гэж бодогдож байна. Энэ тухайд?

-Манай улс 1991 онд ОУВС-д элссэн. Хятад улсын хувьд эдийн засгийн цар хүрээ өргөжижиж тэлээд дэлхийд тэргүүлж байна. Ялангуяа үйлдвэржилтээрээ номер нэг болсон. Гэсэн ч эдийн засгийн санхүүгийн институцад эзэлж байгаа хувь хэмжээ тийм ч өндөр байж чадаагүй. 2008, 2009 оны эдийн засгийн хямралаас гарахад Хятад голлох нөлөө үзүүлсэн. Үүний дараагаас урд хөршийнхөн санхүүгийн институцад тодорхой байр сууриа бэхжүүлэхээр ярьж эхэлсэн. Энэ яриа явсаар ОУВС-гийн багцад юань орж ирж байна. Энэ утгаараа Хятад ОУВС-гийн хувьд жинтэй байр суурь эзлэхээр байгаа тиймээс нэгэнт шийдвэр гаргаж байна гэдэг чинь Хятадын эрх ашигт нийцсэн байх ёстой болно. ОУВС манай улстай байгуулж байгаа гэрээ хэлэлцээр давхар утгаараа Хятадын эрх ашиг, төрийн бодлогод нийцсэн шүү гэх санаа яваад байгаа. 

ГОНШИГНОХ ХЭРЭГГҮЙ, БАТАЛСАН ТОГЛООМЫН ДҮРЭМДЭЭ Л ЗАХИРАГД

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нэлээд ярилаа. Одоо танай намд болж буй асуудлын талаар яриагаа үргэлжлүүлмээр байна. Юу болоод өнгөрөв, яав ийв гэж гайхсан хүмүүс одоо ч байсаар байна. Асуудлыг бүрэн ойлгож амжаагүй байхад Ардчилсан нам дотоод сонгуулиа хийх гээд бужигнаад эхэллээ. Ер нь Ардчилсан намд юу болоод байна вэ?

-Нам шинэчлэгдэх гэж явж байна. Үнэхээр бүтэц зохион байгуулалт хэлбэр талаасаа томоохон өөрчлөлт гарч байгаа. Намын даргаа нийт гишүүдээсээ сонголоо. Намын даргад өрсөлдөх хүмүүс хамтдаа орон даяар явсан нь урд өмнө нь байгаагүй зүйл. Тэр утгаараа энэ бол том өөрчлөлт. Бусад улс төрийн намуудыг энэ өөрчлөлт “хөлдөө чирч” байна гэсэн үг. Энэ утгаараа цоо шинэ улс төрийн соёл. Хоёрдугаарт, намын анхан бөгөөд дунд шатны байгууллагуудаа сунгааны зарчмаар ил тод, олны өмнө ил гаргаж байгаад сонгууль явуулж байна. Энэ бол бас л бусад улс төрийн намууд сургамж авах алхам. Магадгүй алдаж онож байгаа зүйлүүд бий байх. Гэхдээ үүнийг илүү боловсронгуй болгоод зүгшрүүлээд аваад явахыг уриалах байна.

Биднээс илүү үүнийг сайн хийгээд зохион байгуулалттай, үзэл баримтлалтай нам болоод гараад ирвэл Монголд л хэрэгтэй. Үүнд Ардчилсан нам өөрийн хувь нэмрийг орууллаа. Ямар ч байсан эхлэлийг нь тавилаа. Өөрөөр хэлбэл, улс төрд шинэ соёл, үр тарилаа. Одоо үүнийгээ агуулгын талаас нь үр ашигтай механизм болгох вэ гэх асуудал гарч ирнэ. Аливаа шинэ зүйл амаргүй байдаг. Асар их эсэргүүцэлтэй тулгарах нь ч бий. Мэдээж шинэчлэлийг эхлүүлж байгаа хүмүүс суух, босохын хооронд сайхан болчихно гэж бодоогүй байх. Хүндрэл гарна. Зовлон туулна гэдгээ мэдэж байсан байх. Үүнд хэд хэдэн зүйл их ойлгомжтой байна.

-Тэр нь юу юм бол?

-Тоглоомын дүрэм маш ойлгомжтой байх ёстой. Эхнээсээ дүрмээ тохирч авах ёстой. За яг ингээд нэг, хоёр, гурав, дөрөв гэсэн дүрмээр тохироод түүнийгээ ягштал мөрддөг баймаар байна. Эхнээсээ муушиг тоглоё гэж суучихаад хөзөр нь ирэхгүй болохоор болъё покер тоглоё гэж болохгүй. Анхнаасаа дүрмээ тодорхой гаргаж ирэх ёстой байсан. Тухайлбал, намын даргыг сонгох асуудлаа бүх гишүүдийнхээ дунд зохион байгуулаад санал авахаар тохирсон. Тэгээд намын даргаа сонгож гаргаж ирсэн. Тэр нь Дорж, Дондог, Дулмаа байна уу гэдэг нь дараагийн асуудал. Хамгийн гол нь намын дарга гэдэг институцээ нийт намын гишүүдийнхээ оролцоотой ил тод сонгосон учраас үүнийгээ одоо хүлээн зөвшөөрөх ёстой. Одоо мянган зүйл яриад гомдол мэдүүлээд уйлан дуугараад байх шаардлага байхгүй. 

-Нэгэнт л энэ асуудлыг шийдчихсэн учраас хүлээн зөвшөөрөөд урагшаа явах ёстой гэсэн үг үү? 

-Улс төрийн соёлын хувьд цоо шинэ үзэгдэл орж ирээд байна. Өмнө нь Ардчилсан нам хамтын удирдлагын элемэнтэд тулгуурлаж явж байсан. Намын удирдлага, Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хороо фракцуудын оролцоогоор явдаг байсан. Тэр нь хамтраад удирдаад явж байгаа юм шиг сайн талтай боловч хариуцлагыг тараагаад уусгаад хаячихдаг, эзэнгүй болчихдог байсан гэсэн үг. Дараа нь хариуцлага тооцъё гэхээр эзэн нь олдож өгдөггүй байсан. Яг жинхэнэ хариуцлага хүлээх ёстой хүн нь хариуцлага хүлээдэггүй явж байх жишээтэй. Тэгэхээр энэ удаа нэгэн удирдлага их тодорхой болж орж ирж байгаа юм.

Нийт намын гишүүдээсээ мандат авсан хүн “Би өөрөө хариуцлагаа хүлээнэ шүү. Энэ асуудалд би ийм байр суурьтай байгаа” гээд хэлээд явах нь харьцангуй шинэ зүйл. Үүнийг хүлээн зөвшөөрмөөр байгаа юм. Өмнө нь фракц гэж байсан, түүнийг төлөөлдөг байсан лидер, лодер гээд байгаа хүмүүс урдных шигээ эрх дарх эдлэхгүй, бусдыг улайм цайм шахаж, шаардаж тулгаж чадахгүй болчихоор энэ зүйл буруу болчихлоо гэж сандраад шуугиан дэгдээгээд яваад байгаа юм. Энэ бол бас буруу. Ямар ч байсан нам нэг шинэ дүрэм гаргаж ирсэн, үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнийг хэрэгжүүлээд, явуулаад үзэх ёстой.  Эцсийн дүнд аль нь болж байна, болохгүй байна гэдгээ үзээд Ардчилсан намд ээлтэй бус юм аа гэхэд бусад нам бидний алдаа оноон дээр сурч болно. Тэр утгаараа энэ чухал зүйл гэж би бодож байна. Товчоор хэлбэл, нэгэнт тоглоомын дүрмийг зөвшөөрсөн юм чинь үүнийг л дага. Одоо битгий олон зүйл яриад бай гэж хэлмээр байна.  

-Ялагдсан нам шинэчлэгдэхийн төлөө явж буйг ойлгож байна. Гэхдээ эхлээд Ерөнхийлөгчийн сонгуульд гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой байсан юм биш үү. Яах вэ намын даргаа сунгаагаар гаргаад ирсэн нь сайн хэрэг. Харин дотоод сонгуулиар Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шийдэж болоогүй юм уу. Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн учраас үүнийг дахин дахин асуугаад байна л даа?

-Ийм асуудал байгаа. Минийхээр болдог байсан бол дотоод сонгуулиа Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсныхаа дараа хийсэн бол арай аюулгүй байсан болов уу. Гэхдээ нөгөө талаас өрнөж буй үйл явдлыг харж байхад /намын даргын болон дотоод сунгаа явуулж буй байдлыг харахад/ манай нам бас ч гэж зүгширсэн, бие хаа нь гүйцсэн хүн шиг харагдаж байна. Ер нь арай ондоо болсон байна шүү. Арай өндөр түвшинд гарсан гэж харагдаад байна. Энэ ажил 100 хувь биш юм аа гэхэд 70-80 хувь нь зөв зүйтэй явчихвал бас ч гэж болохгүй зүйл алга. 

-Ярилцсанд баярлалаа.

С.Батзаяа