Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

2014 онд живсэн Севол хөлгийн дотроос сураггүй болсон хүмүүсийн үлдэгдэл олджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Өмнөд Солонгосын аврах багийнхан 2014 онд живсэн Севол хөлөг дотроос сураггүй болсон хүмүүсийнх байх магадлалтай яснуудыг олжээ.

Өнгөрсөн долоо хоногт далайн уснаас гаргасан хөлгийн урд хэсгээс тэд зургаан хэсэг яс олсон байна. Хөлгийг ачааны аварга хөлөг дээр гаргаад ус, тосыг нь шавхах ажиллагаа явагдаж байгаа юм.

Яснууд нь 4-18 см урттай, нэг хүний эсвэл өөр өөр хүмүүсийнх байх магадлалтай байна. ДНХ шинжилгээ хийсний дараа буюу 2-3 долоо хоногийн дараа хэний яс болох нь тодорхой болох ажээ.

Багийнхан мөн талийгаачдын гутал, эд хэрэгслийг олсноо мэдээлсэн байна. Эдгээрийг Севол хөлгийн усыг шавхаж байх явцад өглөөний 11:25 цагийн үед олсон бөгөөд тэр даруй шавхах ажиллагааг түр зогсоосон гэнэ.

Живсэн хөлгийг эх газарт хүргэхээс өмнө ус, тосыг нь шавхаж, лаг шаврыг цэвэрлэх ажил хийж байгаа юм. Ийм ажиллагаа явуулах үеэр сураггүй бологсдын биеийн үлдэгдэл урсаж алга болохоос болгоомжилж байгаагаа ар гэрийнхэн нь илэрхийлж байв. Тиймээс цэвэрлэх ажиллагааг тун болгоомжтой явуулж байгаа ажээ.

2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд живсэн Севол хөлгөөс аврах албаныхан нийт 295 зорчигчийн шарилыг гаргаж авсан. Ажиллагаа долоон сарын турш үргэлжилж 2014 оны арваннэгдүгээр сард өндөрлөсөн юм.

Харин есөн зорчигчийн цогцос огт олдоогүй үлджээ.

Өчигдөр өглөө хөлөг живсэн газрын ойролцоох эрэг дээр сураггүй бологсдын ар гэрийнхэн Католик, Протестант, Буддын шашны лам нарын хамт мөргөл үйлдэж, цогцоснуудыг олох ажиллагаа амжилттай болохыг ерөөсөн байна.

Хөлгийг маргааш буюу Пүрэв гарагт Мокпо боомтод тээвэрлэн хүргэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Жич: Өчигдөр орой гаргасан Далай тэнгис, Загас агнуурын Яамны мэдээлэлд, дээр олдсон яснууд нь сураггүй бологсдынх биш, амьтных болох нь батлагджээ.

 

Эх сурвалж: Japan Times