Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Дэнзэн нарын хэрэг хэрхэн шийдэгдэх бол гэсэн хүлээлт байна

Р.Саруул
2017 оны 3 сарын 29
MorninigNews.mn
Зураг зураг

-Шүүгдэгчид шалтаг зааж хурлыг дахин хойшлуулах хүсэлт тавьсан ч хүлээж авсангүй- 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагаас эхэлж хурлыг шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч Ё.Цогтзандан, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус хурал эхэлсэн юм.

Уг нь тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 20-нд болохоор товлогдоод байсан ч шүүх хуралдаанд шинжээч байлцуулах шаардлагатай хэмээн үзэж ийнхүү өчигдрийг хүртэл хойшлуулах болсон юм. Тэгвэл хоёр дахь удаагаа хойшлоод байсан уг шүүх хурлыг шүүгдэгчид мөн л өмгөөлөгч нэмж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан ч шүүгч нар хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгож хурлыг цааш үргэлжлүүлэх боломжтой хэмээн үзсэн юм. 

Тодруулбал, шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч нараас нийт гурван удаагийн хүсэлт гаргасныг дараах байдлаар шийдвэрлэсэн юм. Үүнд шүүгдэгч Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаанд гэрч Ж.Батболд, Д.Батболд нарыг оролцуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн түр завсарлаж, дараах тогтоолыг гаргасан юм.

Тодруулбал, шүүхийн тогтоолоор гэрчүүд өмнөх удаагийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, гэрчүүд шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй бөгөөд өмнө нь мөрдөн байцаалтын шатанд гаргасан гэрчүүдийн мэдүүлгийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх замаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой хэмээн ийнхүү хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгожээ.

Шүүгдэгчдийн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй

Мөн Шүүгдэгч Г.Түмэнхүү нь өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийг нэмж авах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдаан түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргасан юм. Тухайлбал, шүүгдэгч Г.Түмэнхүүгийн өмгөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд ирсэн, шүүх хуралдаан өмнө нь шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах, гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, хэргийн материалтай танилцах боломжоор хангах үүднээс хоёр удаа, нийт 35 хоногоор хойшилсон, өмгөөлөгч нэмж авах хангалттай хугацаа байсан бөгөөд шүүх шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангалттай хангасан тул гаргасан хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгосон юм. 

Түүнчлэн иргэний хариуцагч нотлох баримт гаргуулах шалтгаанаар хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүх нотлох баримт цуглуулах үүрэг хүлээхгүй бөгөөд шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах тул хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгосон юм.

Ямартай ч шүүгдэгчид хоёр удаа хойшлоод байсан уг шүүх хурлыг дахин хойшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч шүүх бүрэлдэхүүн хангах боломжгүй хэмээн хурлыг цааш үргэлжлүүлсэн юм. 

Нэр бүхий таван хүнд яллах дүгнэлт үйлджээ

Ямартай ч Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж буй юм. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудлаар шалгагдах болсон юм. Тухайлбал, тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн 2015 оноос АТГ-аас шалгаж эрүүгийн хэрэг үүсгэн прокурор руу шилжүүлж байсан ч нийслэлийн Прокурорын газраас нэр бүхий таван хүнд дараах байдлаар яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү шилжүүлсэн байна. 

Нэгдүгээрт, Г.Дэнзэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар, 

Хоёрдугаарт, Я.Батсуурьд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар, 

Гуравдугаарт, Г. Түмэнхүүд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар, 

Дөрөвдүгээрт, Т.Төгсбаярт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар, 

Тавдугаарт, Д. Баярмаад Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм.

Ямартай ч дугаар шилжих мөчид эл шүүх хуралдаан хэлэлцүүлгийн шатандаа явж байсан юм.

Зураг