Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Парист Хятад гаралтай иргэд цагдаа нартай тэмцэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нэгэн хятад эр Парисын цагдаа нарын гарт алагдсаны улмаас Францын нийслэлийн хятад иргэд, цагдаа нарын дунд мөргөлдөөн гарчээ. Мөргөлдөөний үеэр гудамжинд зогсож байсан автомашиныг галдан шатаасан хэрэг гарсан байна.

Цагдаагийн газрын гадаа цугларсан эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэж, нэг иргэн гэмтжээ. Ням гарагийн шөнө хөрш айлд нь гэр бүлийн хэрүүл, чанга дуу чимээ гараад байгааг нэгэн хүн цагдаад мэдэгдсэн гэнэ. Дуудлагаар очсон цагдаа нар тус айлд хүчээр нэвтрэхэд хохирогч 57 настай эр гартаа хайч барин зогсож байсан тул зэвсэглэсэн гэж үзээд буудан хөнөөсөн байна.

Үүний дараа буюу Даваа гарагийн өглөө олон зуун хятад гаралтай иргэд цагдаагийн байрны гадаа цугларч, эсэргүүцлээ илэрхийлжээ. Цагдаа нарыг нөхцөл байдлыг гүйцэд шалгалгүй хүний аминд хүрсэн гэж хятад иргэд буруутгаж байгаа юм байна.

Хохирогч нь эхнэр, таван хүүхдийн хамт Парист амьдардаг байсан ба тэр орой согтуу байсан гэнэ. Гэхдээ тэр хайчаар загас янзалж байсныг гэр бүлийнхэн нь баталсан байна. Гэтэл цагдаа нар хуулийн дагуу гал нээхээсээ өмнө хоёр удаа анхааруулга өгөх ёстой боловч энэ үүргээ гүйцэтгэлгүй шууд буудсан гэж тэд мэдээлжээ.

Парис дахь Хятадын элчин сайдын яам мэдэгдэл гаргаж, үүссэн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар цагдаагийн газартай хамтран ажиллаж байгаа гэжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post, Russia Today