Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

29-р сургуулийн захирал Б.Батсайхан: Хүүхдүүдийн ярьж байгаа зүйлд буруу байхгүй

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Бид 29-р сургуулийг энэ жил төгсөнө. Гэхдээ үнэхээр сургуулийг төгссөн хүүхдүүд чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байгаа нь багш нар дохио мэдэхгүй байгаагаас шалтгаалж байна гэж үзэж байна.

Багш нарын дохиог ойлгохгүй байгаа учраас хичээлээ ойлгодоггүй. Хэрэв багш нарын дохионы хэл сайн байсан бол бид чөлөөтэй харилцаж, мэдлэгээ авах боломжтой.

Багш нарын дохиог сайжруулж, дохионы хэл дээр хичээлээ чадварлаг зааж өгөхийг хүсч байна. Боловсролын хуучин системийг сольж, өнөөдөр бид эрүүл хүүхдүүд суралцаж байгаатай адил суралцмаар байна” гэж 29-р сургуулийн сурагч Б.Буян-Орших ярив. 

Тэдний эрх чухам яагаад зөрчигдөх болов. Энэ талаар бид нэхэн сурвалжиллаа. 

Багш нар сурган хүмүүжүүлэх ухаанаас гадна тусгай боловсролын сурган хүмүүжүүлэх ухааны бэлтгэл ангид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх арга барилд суралцдаг байна. Гэвч зөвхөн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заах мэдлэг эзэмшүүлэх буюу дохионы хэлийг зааж сургах нэгдсэн сургалт манай улсад байдаггүй аж. 

Энэ талаар 29-р сургуулийн дохионы хэлний багш М.Сарантуяа "Би энэ сургуульд ажиллаад 30 жил болж байна. Хүүхдүүдийн өчигдрийн жагсаалыг үзэхэд тодорхой хэмжээний үндэслэлтэй. Энэ бол дарагдчихсан байсан нэлээн том асуудал.

Боловсролын салбарт төрөөс тавих бодлого тодорхой хугацаанд алдагдсан учраас 2002 оноос хойш манай сургууль дээр мэргэжлийн согог зүйч багш тасарчихсан. Гэтэл 1980-аад онд бэлтгэгдэж ирсэн багш нар маань тэтгэвэртээ гарч байна.

Оронд нь орж ирж байгаа багш нар мэргэжлийн боловч тусгай сурган хүмүүжүүлэх ухааныг судлаагүй багш нар ирсэн.

Монголын хувьд авч үзвэл дохионы хэл ядмаг. 

 
Тиймээс бидний зүгээс МУБИС-ийн тусгай сурган хүмүүжүүлэх ухааны бэлтгэл ангид явуулж, дохионы хэлний сургалтыг сургуулийн хүчин чадлын хүрээнд болон хэлмэрч орчуулагчдын холбоотой хамтран явуулж байна" гэлээ. 

Дохионы хэл бол манай Монгол Улсын хувьд шинэ зүйл. 1964 онд 29-р сургууль байгуулагдсанаас хойш 1980-аад оныг хүртэл аман болон бичгийн ярианд сургахыг голчилдог байсан бол 1990-ээд оны дунд үеэс дохионы хэлний талаар системтэйгээр тодорхой хэмжээний ажлуудыг зохион байгуулж, БСШУЯ, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг болон манай сургуулиуд хамтран АДРА, Боломж хөтөлбөр төслүүдийн хүрээнд ажиллаж байгаа талаар М.Сарантуяа багш ярьж байлаа. 

Залуу багш нар ажлын байран дээр чадавхжих буюу дохионы хэл суралцах асуудал гарч байгаа талаар багш нар ярив.  Тэд төрөл бүрийн сургалтад сууж байгаа боловч Монголын хувьд авч үзвэл дохионы хэл ядмаг.

Өнөөдөр бүх шинжлэх ухааны нэр томьёог дохионы хэлээр орчуулж өгөх боломж байхгүй. Бүх төрлийн хичээлүүд өөрсдийн гэсэн олон улсын нэр томьёотой. Энэ бүхнийг Монгол хэлээр орчуулж зааж өгнө гэдэг асуудалтай учраас олон улсад мөрдөгдөж байгаа шинжлэх ухааны нэр томьёог илэрхийлсэн дохиог эзэмших шаардлагатай.

29-р сургууль энэ хүмүүсийг сургах ганц материаллаг бааз, орчин. Тэгэхээр эцсийн бүлэгт нэгдсэн сургалт байхгүй, гадаад дотоодод мэргэшүүлж байгаа юмгүй хязгаарлагдмал орчинд багш нар ажиллаж байгаа ажээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р сургуульд өнөөдрийн байдлаар 320 хүүхэд суралцаж байгаа бөгөөд 65 багштай, үүнд 8 мэргэжлийн согог зүйч багш ажиллаж байна. Энэ жил 12-р ангийг 19 хүүхэд төгсөж байгаа бөгөөд долоон хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгдэж байна.

29-р сургуулийн захирал Б.Батсайхан “Багш нарын чадварын хувьд бүгд л их дээд сургууль төгссөн. Тусгай сургуульд ажиллуулахын тулд давхар давтан сургалтад суулгадаг. Энэ жил гэхэд дохионы хэлний сургалтыг дөрвөн удаа явуулсан.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын арга зүй онцлогтой. Дохионы хэлээр, амаар, бичгээр гэсэн янз бүрийн аргуудтай.

Багш нарын чадвар харилцан адилгүй байх нь зөв. Гэхдээ мэргэжлийн дохионы хэлний орчуулагч шиг байх шаардлагагүй. Ямар ч байсан хүүхдүүдтэй ярилцаж, хичээлээ ойлгуулах чадвартай л байх ёстой. Тэрхүү шаардлагыг бид тавьдаг.

Дохио гэдэг бол сонсголын бэрхшээлтэй хүний хувьд төрөлх хэл, энгийн хүмүүсийн хувьд гадаад хэлээс ялгаагүй шүү дээ. Хүний чадвар чадавхаас хамааралтай. Хүүхдүүдийн ярьж байгаа зүйлд буруу зүйл байхгүй л дээ.

Өнөөдөр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн хичээлийн хөтөлбөрүүд, сурах бичиг, стандартыг шинэчлэх, багш нарыг гадаад дотоодод сургах, мэргэжлийн согог зүйч багш нарыг бэлтгэх зэрэг асуудлууд шаардлагатай байгаа. Үүнийг үе шаттайгаар бид шийдээд л явж байгаа” гэсэн тайлбар өгсөн юм.

Харин энэ бүх асуудлыг бодлого, арга зүйн талаас нь ханган ажиллах ёстой Боловсролын Яамнаас тодруулга авах гэсэн боловч хариуцсан хүн нь эзгүй байгаа талаар хэвлэлийн төлөөлөгч нь хэлэв.

Асуудал "эзэнтэй" болохоор нь бид эргэн сурвалжлах болно.