Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

107-р сургуулийн багш нар захирлын томилгоо, цалин тавих асуудлыг шийдэж өгөхийг хүслээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн СХД-ийн 107 дугаар бүрэн дунд сургуулийн 100 гаруй багш, ажилчид цалингаа авалгүй сар гаруй хугацаа өнгөрчээ. Учир нь, 107 дугаар сургуулийн захирал Ш.Цэрэннадмидийг гуравдугаар сарын 7-нд ажлаас нь халсан байна. Захирал нь ямар үндэслэлээр халагдсаныг тус сургуулийн багш нар мэдээгүй аж.

Тухайн үед тэдэнд хуучин захирлын оронд үүрэг гүйцэтгэгч томилж өгнө гэж Нийслэлийн Боловсролын Газраас мэдэгдсэн байна. Гэвч одоог хүртэл 107 дугаар сургуулийг удирдах үүрэг гүйцэтгэгч томилогдоогүй байгаа гэнэ. 

"Энэ сургуулийн 102 хүний ард 500, 600 хүний эрх ашиг зөрчигдөөд байна"
 

107 дугаар сургуулийн газар зүйн багш А.Пагамдулам "Бид бүхний бухимдал юу гэхээр өнөөдрийн байдлаар 20 хоног тэвчиж ирлээ. Хамгийн түрүүнд цалингаа авахыг л бид хүсч байна. Бид сүүлийн цалингаа сарын өмнө авсан. Мөн, багш нарт ур чадварын мөнгө гэж бодогддог, тэр мөнгөө ч аваагүй байна.

Цалин аваагүй учраас бид нарын эрх ашиг маш ноцтойгоор зөрчигдөж байна. Яагаад гэхээр, миний ард үр хүүхэд, гэр бүл минь байгаа. Нийтдээ энэ сургуулийн 102 хүний ард 500, 600 хүний эрх ашиг зөрчигдөөд байна. 

Хоёрдугаарт, бидний дийлэнх нь лизингтэй, банкны зээлтэй. Тухайн сард зээл төлдөг хүмүүсийн зээл төлөх хугацаа нь хэтэрчихээд байна. Тиймээс Нийслэлийн Засаг Даргад хандаж хэлэхэд бидний банканд өгөх ёстой байсан мөнгөний алдангийг хэн тооцож өгөх вэ, бид одоо найдваргүй зээлдэгчид болоод байна.

Бид бүгд цалингаа авмаар байна, мөн дараагийн үүрэг гүйцэтгэгчийг яагаад одоог хүртэл томилоогүй байгаа вэ. Эдгээр асуудлыг бидэнд шийдэж өгнө үү" хэмээн ярилаа.

Багш нарын хэлж буйгаар тэдний хамгийн сүүлийн цалин 2 сарын 21-нд буусан, тэрнээс хойш цалин аваагүй аж. Энэ асуудлыг холбогдох газрын удирдлагууд анхааралдаа авч, яаралтай шийдэх хэрэгтэй байгааг уламжиллаа.