Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Должинсүрэн: Газар зүйн байршил, уул уурхайн бодлогын хувьд Казахстаны хөгжлөөс суралцах хэрэгтэй

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Должинсүрэнтэй Монгол Улсын хөгжил, баримтлах бодлого, хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.

-Үндэсний хөгжлийн газар ирэх жилүүдэд юун дээр төвлөрч ажиллах вэ?

-Үндэсний хөгжлийн газар шинэ Засгийн газрын шийдвэрээр байгуулагдаад найман сар болж байна. Монгол Улсын хөгжлийн бодлогыг нэгдсэн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. УИХ 2016 оны хоёрдугаар сард “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, алсын хараа 2030” гэсэн бодлогын баримт бичиг баталсан. Үүнээс гадна дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангах үүрэг, нэгдэн орсон гэрээ, конвенцийн дагаа бидэнд ирсэн байгаа. Энэ ажлыг бид ирэх жилүүдэд нэгдсэн бодлого боловсруулж, эхний таван жилийн хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулна. Ингэхдээ бусад салбарын бодлогын уялдааг хангах, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд хамгийн эерэг нөлөө үзүүлэх ажлуудыг тогтоож, үүндээ чиглэсэн хөрөнгө оруулалтыг хангах ажлуудыг хийнэ. Эхнээсээ хийгээд явж байна.

-Монгол Улс өнгөрсөн жилүүдэд хөгжлийн бодлого боловсруулахдаа юун дээр алдсан гэж анзаарагдаж байгаа вэ?

-Өнгөрсөн 26-27 жилийг өнөөгийн байр сууринаас харахаар эдийн засаг, зах зээлийг задгай орхиод явчихсан. Энэ нь хөгжилд хүргэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл монголын эдийн засаг угаасаа уламжлалт байдлаар хөгжиж ирсэн. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар орж ирсэн. Үндсэндээ ийм хоёр эдийн засагтай. Харин бид үүнийг нэгэнт хөгжчихсөн эдийн засагтай орнуудын адил эдийн засгийг удирдлагагүй задгай орхисон нь буруу гэж харж байгаа.

Хөгжилд хүрчихсэн бусад улс орнуудыг харахаар нэгдсэн удирдлага, бодлогоор тодорхой зорилт тавиад түүнтэй системтэйгээр хүрч хөгжсөн байдаг. Хамгийн гол нь энэ бодлогоо тогтвортой баримталдаг. Тухайлбал Япон, АНУ, Малайз, Казахстаны жишиг бол яг л энэ хэлбэрээр явж ирсэн.

Харин яг одоо байгаа шигээ салбарын бодлого уялдахгүй, хоорондоо өрсөлдөх жишгээр яваад байвал бид хөгжих биш улам уруудах зам руугаа орно гэсэн дүр зураг харагдаж байгаа. Үүнийг бид эрт, орой хэзээ нэгэн цагт өөрчлөхгүй л бол хөгжлийн тухай яриад ч хэрэггүй болно. Манай байгууллагын зүгээс нэгдсэн бодлого төлөвлөлтийг босгож, салбаруудыг судалж, хоорондын уялдааг нь хангаж, тэргүүлэх чиглэлээ тогтоогоод, хязгаарлагдмал нөөцөө сонгосон чиглэл рүүгээ зориулах боломжийг хангах талаар ажиллана. Энэ бол бидний үүрэг юм.

-Монголын хөгжлийн өмнө тулгарч байгаа хамгийн том сорилт юу вэ?

-Хамгийн түрүүнд бодлогоо зөв тодорхой болгох асуудал байна. Монгол Улс дунд хугацаандаа ямар үр дүнд хүрэх ёстой вэ гэдгээ тодорхойлж, хүрэх алхмыг зөв тодорхойлох явдал. Ингэхгүйгээр бид ерөөсөө урагшлахгүй. Дараа нь бид үүнийг хийх механизмыг буюу хууль эрх зүйн тогтолцоогоо бүрдүүлэх ёстой. Хэдийгээр бодлогоо зөв тодорхойлсон ч үүнийг хэрэгжүүлэх механизм нь зөв биш бол ямар ч үр дүнд хүрэхгүй.

-Хүний хөгжил гэдгийг Засгийн газар нь мөнгө тараах гэж ойлгочихсон байгаа. Гэтэл хүний хөгжил гэдгийг дэлхийд арай өөрөөр авч үзээд байна. Хүнээ хөгжүүлнэ гэдгийг танай байгууллага хэрхэн харж байгаа вэ?

-Хүний хөгжил гэж юуг хэлээд байгаа вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Хүний хөгжил гэдэг бол тухайн хүн эрүүл орчинд, өөрийн шаардлага хангасан боловсрол, чадамжтай, ажиллаж, амьдрах нөхцөлийг хангаж байж, тухайн орон хүний хөгжлөө хангаж байна гэж үзэж болно. НҮБ-ын Хүн амын сангаас үүнийг хангахын тулд хамгийн түрүүнд орлоготой байх ёстой гэж үздэг. Дээрх бүгдийг хангахын тулд тодорхой хэмжээний орлого байх хэрэгтэй. Нөгөө талаасаа эрүүл байх ёстой гэж үздэг. Дараа нь боловсролыг авч үздэг. Эдгээрийг хангахын тулд өмнөх хариултад дурдсан шиг бодлогоо л зөв тодорхойлох хэрэгтэй.

-Монголын “role model” буюу үлгэрлэвэл зохих улс ямар улс юм бэ?

-Бид зөвхөн ганц улсыг жишиг болгож авч үзэх хэрэггүй. Бид олон улс орноос туршлага судлах ёстой. Далайд гарцгүй улсын хувьд уул уурхайд түшиглэсэн эдийн засаг хэрхэн хөгжиж болдгийг харъя гэвэл бид Казахстанаас суралцах хэрэгтэй. Хэдийгээр тогтолцоо нь өөр ч гэсэн бодлогоо зөв тодорхойлж, амьдралд хэрэгжүүлж байгааг нь харъя гэвэл Казахстан сайн жишээ. Гэтэл хөгжлийн хөтөлбөрийг шат, шатанд хэрхэн хэрэгжүүлж байгааг харъя гэвэл Өмнөд Солонгосын сайн туршлага байна. Хуучин социалист орнуудын туршлагаас судалъя гэвэл Латви, Литва хамгийн сайн жишээ.