Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний анхны гэршүүлсэн амьтан ганцхан нохой биш, бас хулгана байжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хүний гэр оронд 15,000 жилийн тэртээ амьдарч байсныг нь эрдэмтэд илрүүлсний дараа гэрийн хулгана нь хамгийн анхны “гэршсэн” амьтан цолыг нохойтой хуваалцах боллоо.

Үүнээс өмнө судлаачид хулганыг 12,000 жилийн өмнө хүмүүс газар тариалан эрхэлж, их хэмжээний хүнс зоорилох болсноос зэрлэг байдлаасаа салж гэрт орогнох болсон гэж үзэж байв. Гэвч шинэ судалгаагаар Ойрх Дорнодын Иордан хөндийд оршиж байсан Натуфийн соёл иргэншлийн анчин, жимс түүгч хүмүүсээс эхлэн хулгана нь гэрт орогнох болсон нь батлагджээ.

АНУ, Израйль, Франц, Британий эрдэмтэд олон мянганы өмнө амьдарч байсан гэрийн хулгана, хээрийн хулганы шүдний үлдэгдлийг харьцуулан, түүхийн туршид хэрхэн өөрчлөгдсөнийг судалсан байна. Судлаачдын нэг Фиона Маршалл “Судалгааны явцад бид анх удаа 15,000 жилийн өмнө буюу хүн төрөлхтөн анх удаа нэг газраа удаан суурьших болсноос эхлэн хулгана гэрт нь орогнож эхэлснийг баталлаа” гэжээ.

“Тогтвортой нэг газраа амьдрах болсон нь газар нутгийн экологи, амьтдын амьдрах хэлбэр, хүний нийгэмшил зэрэгт чухал нөлөө үзүүлсэн нь илэрхий байна” гэж тэр нэмж хэлсэн юм.

Зэрлэг амьтан хүний дэргэд амьдрахад илүү ашигтай болохоо мэдэрч эхлэх үеийг комменсализм гэдэг ба хулганы хувьд яг тийм үедээ 15,000 жилийн өмнө байжээ. Нохойг бас 15,000 орчим жилийн өмнө хүмүүстэй амьдарч эхэлсэн гэж үздэг юм.

Мөн гэрийн ба зэрлэг хулганы тоо толгойн харьцаа нь ган гачиг болж хүмүүс нүүдэллэх шаардлагатай болох, газар тариалан эрхлэхэд таатай болж эргэн суурьших зэргээс хамааран өөрчлөгдөж байсныг илрүүлсэн гэнэ.

Судалгааны тайлан “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгджээ.

 

Эх сурвалж: Independent