Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Хонгорзул: Хүүхдэд эерэг зан төлөвшил бий болгох боловсрол чухал

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол улсын нийт хүн амын тал хувь нь 19-с доош настай байдгаас эдгээрийн 20% нь 10-19 насны өсвөр үеийнхэн эзэлж байна. Гэтэл энэ насныхны дунд эрүүл мэнд, нөхөн үржихүйн мэдлэг мэдээлэлгүйгээсээ болж эрүүл мэндээрээ хохирч, ирээдүйгээ алдах тохиолдол их байна. 2015 оноос ЕБС-ийн сургалтын хөтөлбөрөөс Эрүүл мэндийн хичээл хасагдаж, тус хичээлийн агуулгыг бусад хичээлийн хөтөлбөрт шингээсэн нь өсвөр насныхан нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг авах боломж хомс болоод байна. Харин энэ орон зайг нөхөж Дэлхийн 60 гаруй улсад хэрэгжиж буй зан чанарт суурилсан, гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцааг тэвчихийг уриалсан “Аюулгүй сонголт” сургагч багш бэлтгэх сургалт өнгөрсөн жилээс эхлээд байна. Сургалтын зохион байгуулагч “Focus on the family Mongolia” байгууллагын тэргүүн Т.Хонгорзулаас энэ талаар тодрууллаа. 

-Дэлхийн олон оронд салбартай “Focus on the family”–ийн Монгол дахь салбар байгууллага болсон шалтгаан юу вэ?

-Энэ жил Focus on the Family байгууллагын 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд гэр бүл хөгжлийн дэмжлэг гэсэн уриатайгаар дэлхийн нийт 13 оронд үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Анх радио нэвтрүүлгээр хүүхдийн сэтгэл зүй болон хүмүүжлийн асуудлаар Америкт олноо танигдаж байсан бөгөөд удалгүй өргөжин гэр бүлийн сэтгэл зүйн боловсрол олгох төрөл бүрийн төсөл хөтөлбөр, гэр бүлийн үнэт зүйлийг шингээсэн ном зохиол, радио телевизийн нэвтрүүлэг, зөвлөгөө мэдээллээр хангасаар ирсэн.

Гэр бүлийг дэмжих чиглэлээр удаан хугацаанд ажилласан арвин туршлага нөөц эх сурвалжтай учир тэдгээрийг өөрийн орны ахуй соёлд нийцүүлэн гэр бүлүүдэд үр өгөөжтэй контентыг хүргэхийг хүссэн учир энэ байгууллагын салбарыг нээх шийдвэрийг гаргасан юм. 

-Focus on the family буюу Анхаарлын төвд гэр бүл гэдэг үгний цаана гэр бүлийн гишүүн бүрийн сэтгэл зүйн хэрэгцээний төлөө үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж ойлгож байна. Тэгвэл өнөөдрийн Монгол гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүй ямар байна вэ?

-Гэр бүлийн гишүүн бүрийн сэтгэл зүйн байдлыг нийтэд нь үнэлж дүгнэх боломжгүй хэдий ч нийтлэг хүмүүсийн сэтгэл зүйн байр байдлыг авч үзвэл стресс ихтэй байгаа нь ажиглагдаж байгаа. Стресс үүсгэдэг дөрвөн хүчин зүйл байдаг үүнд: гэр бүлийн асуудал, эрүүл мэндийн асуудал, санхүүгийн асуудал болон ирээдүйн тааварлашгүй байдал.

Өнөөдөр Монголд эдгээр асуудлууд нүүрлээгүй өрх бараг байхгүй байх. Гэр бүлд салалт, хүүхэд өнчрөл, хүчирхийлэл, харилцааны асуудлууд нийтлэг байна, өнөөдөр утаа болон амьсгалын замын өвчлөлүүд болон харшлын гаралтай өвчлөл нэмэгдсээр байна, санхүүгийн хувьд өр зээлд баригдсан, ажилгүйдэл нэмэгдсэн түүнчлэн ирээдүй тааварлашгүй байгаатай холбоотой хүмүүсийн сэтгэл зүй их таагүй байгаагаас болоод уур бухимдал газар авч байгаа. 

Хэдий эдгээр хямралууд нүүрлэж байгаа ч эргээд бидэнд хямралыг даван гарах асар их нөөц боломж бий. Монгол хүмүүст байдаг давуу тал бол дасан зохицох чадвар сайтай, хүлээцтэй, эрч хүчтэй, аливааг хийж бүтээх ур дүйтэй. Бид асуудлыг хараад хямраад суух биш давуу тал нөөц боломж дээрээ тулгуурлан эдгээрийг хэрхэн давж гарах вэ гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Биднийг сайн сайхан ирээдүй угтаж байгаа гэдэгт би итгэдэг. 

-Сүүлийн 10 жилийн дотор сэтгэл судлалын болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүд чамгүй олон байгуулагдаж, хүмүүс ч их үйлчлүүлэх болсон. Танай төвд ирж байгаа үйлчлүүлэгчдийн хандаж байгаа асуудал нь голлон юу байдаг вэ?

-Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүд олширч байгаа нь давуу ч мэргэжлийн мэргэшсэн бөгөөд мэргэжлийнхээ ёс зүйг баримталдаг төвүүд илүү ихээр төрөн гарах хэрэгцээ байна. Сэтгэл зүйн зөвлөгөөний хамгийн эн тэргүүний дүрэм бол үйлчлүүлэгчид илүү хор хөнөөл учруулахгүй, байгаа нөхцөл байдлыг нь дордуулахгүй байх явдал байдаг. Тиймээс сэтгэл зүйч нар мэдлэг чадвараа байнга дээшлүүлэх, хоорондоо туршлага солилцох хамтран ажиллаж энэ салбараа хөгжүүлэх хэрэгцээ байгаа.

Манай төвийн хувьд өнгөрсөн 2 жилийн хугацаанд үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийнхээ хандсан асуудлыг нэгтгэн авч үзэхэд хосууд болон эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцах харилцаа, гэр бүлээс гадуурх харилцаа, түгшүүрийн эмгэгүүд болон суралцах эмгэг зонхилох хувьтай байгаа нь ажиглагдсан.

-Сүүлийн жилүүдэд 15-19 насны 1,000 охин тутмын 19-20 нь хүүхэд төрүүлж байна. Өсвөр насны охид төрөх нь гэр бүлд нь болон өөрт нь таагүй байдал бий болгож, сурч боловсрох боломжоо алдаж, улмаар ажилгүйдэл, ядууралд өртдөг гэж  Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх тав дахь тайлан илтгэлдээ дурдсан байна. Танай байгууллагаас явуулж байгаа “Аюулгүй сонголт” сургагч багш бэлтгэх сургалт өсвөр насныханд ямар өөрчлөлт авчрах вэ? 

-Аюулгүй Сонголт хөтөлбөрт өсвөр үеийн залуучууд хамрагдсанаар эрт жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин, эрсдэлт зан үйл болох архи тамхи мансууруулах бодисын хэрэглээ гэх мэт асуудлуудыг бууруулах болон эдгээрээс урьдчилан сэргийлж эерэг зан чанар төлөвшүүлэхэд чиглэсэн гэрлэлтээс өмнө бэлгийн харьцааг тэвчих боловсрол олгох цогц хөтөлбөр юм.

Энэхүү сургалтад хамрагдсанаар өсвөр залуучууд өөрийнхөө үнэ цэнийг ухаарах, ирээдүйн зорилгодоо хэрхэн хүрэх, найз нөхөрлөлөө хэрхэн зөвөөр сонгох, цахим ертөнцийн ухаалаг хэрэглээ, хайрын мөн чанарыг ойлгох улмаар бат бөх гэр бүлийг зохиоход тусалдаг хөтөлбөр юм. 

-Дэлхийн 60 улсад үндэсний хөтөлбөрийн хэмжээнд хэрэгжиж байдаг ч манай улсад хараахан тийм өргөн хүрээг хамарч чадахгүй байна. Гэтэл өсвөр насныхны дунд нөхөн үржихгүйн эрүүл мэндийн асуудал чухлаар яригдаж байгаа энэ үед ямар алхам хийх ёстой вэ?

-Манай улсад нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг сургуулиудад тодорхой хэмжээгээр олгодог. Гэсэн хэдий ч зөвхөн эрхтэн системийн үүрэг ажиллагааны талаар ярихаас илүүтэй хүүхдэд эерэг зан чанар төлөвшүүлэх замаар, өөрийн үнэ цэнийг хадгалах ирээдүйд илүү том зорилго тавин түүндээ хэрхэн хүрэх хэрэгтэй, эрсдэлтэй зан үйлээс гарах хор уршгийг ухааруулан аюулгүй сонголт гаргахад чиглэсэн боловсрол олгох чухалд тавигдаж байна. 

Аливаа нийгмийн тогтвортой байх хөгжлийн нэг чухал үзүүлэлт бол яах аргагүй бат бөх гэр бүл юм. Тийм ч учраас олон улсад бэлгийн боловсролыг насны онцлогт тохируулан хүргэхийг чухалчилдаг. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт манай оронд нэмэгдэж байгаа бөгөөд үүнд гэр бүлээс гадуурх харилцаа, архидалт, гэр бүлийн боловсрол дутмаг байдлаас болж байна. Аливаа асуудлыг даамжрахаас нь өмнө урьдчилан сэргийлэхийн тулд өсвөр насныханд эерэг зан чанар төлөвшүүлэх бэлгийн боловсрол албан болон албан бус замаар олгох нь чухал юм.

Хэдийгээр жирэмслэлт, бэлгийн замын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хамгаалалт хэрэглэх хэрэгтэй гэж заадаг ч энэ нь үнэндээ эрсдэлээс 100 хувь хамгаалж чаддаггүй. Тиймээс гэрлэлтээс өмнө бэлгийн харилцааг тэвчих, гэр бүлдээ үнэнч байх талаарх боловсрол олгох нь дээрх бүх эрсдэлээс найдвартай хамгаалж чадна. 

 

-“Аюулгүй сонголт” сургалтыг өнгөрсөн жил анх удаа явуулж 40 сургагч багш бэлтгэжээ. Нэг жилийн хугацаанд хэдэн өсвөр насныханд хүрч чадсан бэ?

-Өнгөрсөн жилийн хугацаанд бид Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Булган, Өмнөговь, Говь-Алтай аймгуудын нийт 528 сурагчдад сургалтаа явуулсан. Энэ 2017 онд бид үндэсний хэмжээнд доод тал нь 1,000 сурагчдад энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилт тавиад байна. 

-Танай байгууллага энэхүү сургалтаа албан ёсоор зааж болох эрхтэй юу?

-Манай байгууллага Аюулгүй Сонголт сургагч багш бэлтгэх сургалтад амжилттай хамрагдсан сургагч багш нартаа энэхүү хөтөлбөрийг заах эрхийг олгодог бөгөөд жилийн дотор тодорхой сурагчдад заагаад үнэлгээгээ өгсөн тохиолдолд эрхийг нь сунгаж байгаа.

Манай төв энэхүү Олон Улсад заадаг хөтөлбөрийн албан ёсны эрхийг авсан түүнчлэн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан Спортын яамнаас энэхүү хөтөлбөрийг сургуулийн захиргаа, эцэг эхчүүдийн саналд үндэслэн “Хичээлээс гадуурх” үйл ажиллагаа,  “Амьдрах чадвар”, “Иргэний Боловсрол” болон “сургалт зохицуулах цагт” зохион байгуулах зөвлөмжийг хүргэсэн байгаа.  

-Цаашид сургалтын үр дүнг хэрхэн тодорхойлох вэ?

-Аюулгүй Сонголт хөтөлбөрт хамрагдсан сурагчдаас бид сургалтын талаарх сэтгэгдлийг хүлээн авдаг бөгөөд өөрсдийнхөө сурсан зүйлсийг тодорхойлж бичдэг. Үүнээс харахад сурагчид өмнө нь ийм үр дүнтэй сургалт авч байгаагүй, энэ сургалт тэдэнд алдаа эрсдэлтэй шийдвэр гаргахаас хамгаалсан, түүнчлэн өөрийнхөө үнэ цэнийг илүү их олж авсан гэх мэт олон сэтгэгдлүүдийг хүлээн авсаар ирсэн. Тиймээс их үр дүнтэй хөтөлбөр гэдэг нь харагддаг. Цаашлаад энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр өсвөр насныханд тулгарч буй асуудлуудын хувь багасна гэдэгт итгэлтэй байгаа. 

-“Focus on the family Mongolia” байгууллага Монголын гэр бүлүүдийн төлөө ямар ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Манай байгууллага гэр бүл ба сэтгэл зүйн боловсролыг олгохын тулд гэр бүлийн үнэ цэнийг шингээсэн ном зохиол орчуулах ба хэвлэн нийтлэх, гэр бүлийн гишүүдэд хандсан сэтгэл зүйн зөвлөгөө сургалт семинар зохион байгуулдаг мөн гэр бүлтэй ажилладаг мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх сэтгэл зүйн сургалт семинаруудыг хийдэг.

Гэр бүл нийгэм сэтгэл зүйн боловсролыг олгох үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Ойрын хугацаанд сургуулийн насны эцэг эхчүүдэд зориулсан өндөр үр бүтээмжтэй хүүхдийг хэрхэн өсгөх вэ нэртэй хөтөлбөрийг орчуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.