Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Завиер Форнерис: Хөрөнгө оруулагчдын итгэлийг олно гэдэг удаан хугацааны асуудал

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 3 сарын 28
iKon.MN
 

Монгол Улс хөрөнгө оруулагчдын эрэлд гараад хэдэн жилийн нүүрийг үзлээ. Одоогоос таван жилийн өмнө манайх руу цутгаж байсан гадаадын хөрөнгө оруулалт хэд хэдэн шалтгааны улмаас буцаад гарсан. Өнөөдөр улсын ДНБ-ний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг Нийслэл хотод ч хөрөнгө оруулалтын энэ асуудал сорилт болж байна.

Энэ цаг үед Дэлхийн банкны хөрөнгө оруулалтын асуудлаарх экспертүүд НЗД-ын өргөтгөсөн зөвлөлийн гишүүн бөгөөд бизнесийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гишүүдэд Хөрөнгө оруулалтын шинэтгэлийн зураглал, хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх механизмын талаар сургалт зохион байгууллаа. Сургалт өнөөдөр Хангарьд ордонд болсон юм.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчсөнөөр Монгол Улсын Засгийн газар олон улсын арбитрийн шүүх дээр ялагдаж их хэмжээний торгууль төлж байсан түүх олон бий. Хэдийгээр эцсийн төлбөрийг Засгийн газар төлдөг ч гэлээ хөрөнгө оруулагчдын эрх ашиг шат шатандаа, ялангуяа орон нутгийн удирдлагын шатанд зөрчигдөж томоохон асуудал үүсгэдэг байна.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх механизм чухал үүрэгтэй бөгөөд Улаанбаатар хот энэ механизмыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд хэллээ. Ийм төрлийн механизмыг амжилттай хэрэгжүүлсэн Босни Герцеговина, Гүрж зэрэг Монголтой ижил хөгжиж буй орнуудыг нэрлэж болох юм.

"Монгол Улс сүүлийн хэдэн жил хөрөнгө оруулагчдын итгэлийг үнэхээр их алдсан"

 

Манай улсын хөрөнгө оруулалтад тулгамдаад буй асуудлуудын талаар Дэлхийн Банк Группийн Худалдаа, Өрсөлдөх чадварын газрын Хөрөнгө оруулалтын бодлогын ахлах мэргэжилтэн Завиер Форнеристай товч ярилцлаа.

-Улаанбаатар хот болон Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд тулгамдаад буй гол асуудал юу вэ?

-Хөрөнгө оруулалтын тал дээр анхаарах асуудал Улаанбаатарын түвшинд яригдахгүй. Монгол Улс сүүлийн хэдэн жил хөрөнгө оруулагчдын итгэлийг үнэхээр их алдсан. Хууль дүрэм журам өөрчлөгдөж, хөрөнгө оруулагчдын дуу хоолойг сонсохгүй асуудлыг гэнэт шийдвэрлэдэг. Үүнээс болж хөрөнгө оруулагчдын итгэл алдарсан байдаг.

Тиймээс одоо Монгол Улс бүх шатандаа хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх тал дээр анхаарах хэрэгтэй. Дэлхийн Банк Групп нь Олон Улсын Санхүүгийн Корпорациар дамжуулаад Монгол Улсад хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын хувьд маш идэвхтэй ажиллаж байгаа. “Дүнжингарав” төвд байрлах Иргэдийн гомдол барагдуулах газрыг бид харсан. Тэнд маш боловсронгуй, дэлхийн өндөр хөгжилтэй орноос дутахааргүй ажилладаг төв байна. Яг үүн шиг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулах механизм бий олгож, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй гэсэн саналтай байна.

-Хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход хэдий хугацаа зарцуулах вэ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр гарах үр дүнг юу гэж харах вэ?

-Хөрөнгө оруулагчдын итгэлийг олно гэдэг удаан хугацааны асуудал хэдий ч ганц хоёрхон буруу үйлдэл хийснээс болж итгэлийг хурдан алддаг. Ялангуяа гэнэтийн, таагүй өөрчлөлтөөс болоод хөрөнгө оруулагчид итгэлээ алдчихсан байгаа.

Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдын итгэлийг олох чиглэлд алхам хийгээд эхэлсэн. Дэлхийн Банк Группийн хувьд энэ асуудалд нь дэмжлэг үзүүлж ажиллана. Нэлээд хугацаа өнгөрсний дараа хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Монголд хөрөнгө оруулах хүсэл сонирхолтой болно. Манай төслийн үр дүн энэ байх болно.