Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

БАЙР СУУРЬ: Улаанбаатарын хүн амын хэт төвлөрлийг бууруулах арга замууд

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 28
iKon.MN
 

"Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Барилга хөгжлийн төвд болж байна.

Хэлэлцүүлгийн хүрээнд эрдэмтэн судлаачид Монгол Улс дахь хүн амын нутагшилт, суурьшил, ялангуяа хүн амын хэт их төвлөрөл, хот төлөвлөлтийн асуудлаар илтгэл, хэлэлцүүлж санал бодлоо солилцож байна. Хэлэлцүүлэгт оролцож байгаа судлаачдын санал бодол, байр суурийг хүргэж байна.

С.Давааням: Хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлийг ашиглан төвлөрлийг бууруулах боломжтой
 

МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн судлаач С.Давааням “Хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төсөл боловсруулах ажил олон жил яригдаж байгаад энэ жилээс хэрэгжиж эхлэх гэж байна.

Байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц зэрэг хөгжлийн хөрөнгө оруулалтын суурь зураг нь хүн амын нутагшил суурьшил байх ёстой. Энэ тодорхой болсноороо аль нутагт ямар хэмжээний үр ашигтай хөрөнгө оруулалт хийгдэх вэ гэдгийг тусгах боломжтой болохоороо ач холбогдолтой.

Тэгэхээр бид ирэх 10-20 жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам хаана суурьших, хаана суурьшлын шинэ бүс бий болох, шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хаана суурьшлыг тэтгэх боломжтой, шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хаана суурьшлыг сааруулах зэрэг бодлогын баримт бичиг гарна гэсэн үг.

Миний хувьд өнөөдрийн хэлэлцүүлэгт хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлийг ашиглан хэт төвлөрлийг бууруулах арга замыг санал болгож байна.  

Манайх шиг цөөн хүн амтай, нэг хотод хэт олон хүн амын төвлөрөлтэй нөхцөл байдалд УИХ, Засгийн газар, төр захиргааны байгууллагууд нь дөрвөн уулаас гадагш дагуул хотод эсвэл дунд хотод шилжин байрших юм бол нийгэм, эдийн засгийн төвлөрөл сарних боломжтой гэж үзэж байна” хэмээн тайлбарлалаа.

Монгол Улсын нийт хүн амын 68 хувь нь хот суурин газар амьдарч байна. Нийт хүн амын 45 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Энэ нь хөгжил нийслэл хотод илүү явагдаж байна гэдгийг харуулж байгаа хэрэг.

А.Солонго: Хөгжлийн бодлого хэнд зориулагдаж байна вэ гэдэг маш чухал
 

МУИС-ийн Хүн амын сургалт, судалгааны төвийн багш, Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол Улсын жендерийн үндэсний шинжээч доктор, дэд профессор А.Солонго “Монгол Улс хүн амын хөгжил, байршил тархалтын чиглэлээр хөгжлийн бодлого боловсруулах гэж байна. Гагцхүү энэ бодлого хэнд зориулагдаж байна вэ гэдэг маш чухал.

Байршил тархалтыг аваад үзвэл Улаанбаатар хот Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг байтал хүн амын тал хувь нь оршин сууж байна. Нягтралаараа 1км.кв нутаг дэвсгэр дээр 300 хүн амьдарч байна.

Гэтэл төвөөс алслагдах тусам нягтаршил бага, тухайлбал Өмнөговь, Говь-Алтай аймагт 1км.кв нутаг дэвсгэр дээр 0.4 хүн оршин сууж байгаа учраас байршил тархалтад хүн амаа хэрхэн жигд байршуулах вэ гэдэг асуудал чухал байна.

Нөгөө талаас, нийгэм эдийн засгийн үйлчилгээ авах, түүнд ойр байхын тулд л хүн ам төвлөрөл рүү шилжиж ирээд байгаа нь хөдөө орон нутаг эзгүйрэхэд хүрч байна. Энэ нь цаашлаад хөдөө орон нутгийн хөгжилд сөргөөр нөлөөлнө.

Тэгэхээр хэн шилжилт хөдөлгөөнд оролцож байна, хэнд зориулж хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж байгааг олж харах нь тун чухал” гэв.

Г.Бат-Эрдэнэ: Салбар бүрт хийж байгаа ажлууд хот байгуулалтын бодлоготой уялдаж хийгдэх ёстой
 

АХБ-ны төслийн судалгааны багийн дэд ахлагч, “Эс Си Жи Консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хот төлөвлөлтийн магистр Г.Бат-Эрдэнэ “Хүн болгон хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг зорьж байна.

Учир нь ажлын байр, нийгэм эдийн засгийн хөгжил энд байна. Тэгэхээр хөдөө орон нутгагт энэхүү хөгжлийг яагаад авчирч чадахгүй байна вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд өнөөдөр бид хот байгуулалтын үндсэн нутагшил суурьшлын төслийг боловсруулах шаардлагатай болсон. Салбар бүрт хийж байгаа ажлууд хот байгуулалтын бодлоготой уялдаж хийгдэх ёстой.

Азийн хөгжлийн банкны судлаачид хөдөө орон нутаг дахь эдийн засгийг дэмжих бололцоотой хил дамнасан худалдааг дэмжих бололцоотой хөрөнгө оруулалтыг хийх нь зүйтэй юм байна гэдэг судалгааг хийсэн байдаг” гэлээ.