Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын гадаад хэргийн яам Монголд зорчих иргэддээ биеэ хэрхэн зөв авч явах зөвлөмж гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын гадаад хэргийн яам дэлхийн улс орнуудаар аялж байгаа иргэддээ тухайн газар нутгийн ёс заншлыг тайлбарлаж, хэрхэн биеэ зөв авч явахыг заасан зөвлөмж гаргажээ.

Сонирхолтой нь улс бүрийг нэр зааж гаргасан зөвлөмжид Монгол улстай холбоотой хэсэг нь хэмжээний хувьд хамгийн дэлгэрэнгүй агуулгатай болсон байна.

Үүнд бичсэнээр “Монголчуудын ихэнх нь орос хэлийг ойлгох тул нутгийн хүмүүсийн амьдралын хэв маягийг шүүмжилсэн үг, яриа гаргахаас зайлсхийх” хэрэгтэй гэжээ. Өөрөөр хэлбэл үндэсний ёс заншил, уламжлал, түүхийг нь хүндлэхгүй байхыг доромжлолд тооцдог гэж сануулсан байна.

Мөн галд бузар оруулахгүй байх, солгой гараар мэндлэх, өгч авалцахыг цээрлэх, сүм хийдэд хүрдийг нар зөв чигт эргүүлэх ёстой зэргийг тайлбарлаж өгчээ. Зөвлөмжид хэн нэгний хөл дээр гишгэвэл уучлал гуйж, гар барих, мөнгийг гараас гарт өгөхдөө шидэхгүй байх, хурууны завсарт хавчуулахгүй байх зэргийг нарийн зааварласан байна.

Тэр бүү хэл айлд ороод гэрийн эзэнтэй хэрхэн яаралгүй аажуу тайван ярилцах, цаг агаар, эрүүл мэнд, нутаг орны байдлыг хэлэлцсэний дараа гол асуудалдаа орохыг зөвлөжээ. Айлд зочлоод бэлэг өгөх бол явахын өмнө өгөх, хаалганы босгон дээр гишгэхгүй, суухгүй байх, гэрт орохдоо ханцуйгаа шамлахгүй байж, газар хөндөх элдэв багаж зэвсэггүй орох ёстойг заасан байна.

Мөн гэрийн эзэгтэйн барьсан аягатайг үлдээхгүй идэж уух, хоосон савтай айлд ирэхгүй байх, айлд суусан суудлаа солихгүй байх гээд монгол айлд биеэ хэрхэн зөв авч явахыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгчээ.

Байгаль дэлхийтэй болгоомжтой харьцах, ариун дагшин газар нутагт буруу үйлдэл хийх, муу үг хэлэх, чанга ярих, хашгичих, согтуу байхыг цээрлэх хэрэгтэй гээд эцэст нь ахмад настныг хүндлэх ёсыг заасан байна.

Үүнээс гадна ерөнхийдөө бүх улс орнуудад зорчихдоо орон нутгийн ёсыг дагахаас гадна архи хэтрүүлж хэрэглэхгүй, улс орны удирдагчийг нь шүүмжлэхгүй, доромжлохгүй, Холливүүдийн кинонд түгээмэл ашиглагддаг үйлдэл, тухайлбал дунд хуруугаа гозойлгох, “негро”, “нигга” зэрэг үгсийг хэрэглэх, ижил хүйстнүүдэд ялгавартай хандах зэргийг цээрлэх ёстой гэсэн байна.

 

Эх сурвалж: kdmid.ru