Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай сургуулийнхан: Бид сонсохгүй ч харж байгаа

Г.Жаргал, Зууны мэдээ
2017 оны 3 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тусгай сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид өчигдөр хичээлдээ суусангүй. Магадгүй урьд нь ерөнхий боловсролын сурагчид хичээл хаяж, лоозон барьсан удаагүй байх. Тусгай гэх нэр зүүсэн ч чанартай боловсрол эзэмшихийн төлөө зориг гарган тэмцэж чадсан тэднээр бахархмаар санагдав.

Үнэндээ сургуулийн захиргаа багш нараас айхгүйгээр өөрсдийнхөө хэмжээнд дуу хоолойгоо илэрхийлж байна гэдэг асуудал ямар хэмжээнд хүрснийг харуулж байгаа хэрэг. Нээрэн л тэд лоозон барьж жагсахаас өөр юу хийж чадах билээ. Яам, тамгын газрын хаяа сахиад ямар үр дүнд хүрэх биш. Эрүүл саруул хүүхдүүдтэй ижил хэмжээнд сурч боловсрохын төлөө Үндсэн хуулиар олгосон эрхээ нэхэж жагстал нь Монголын төр, боловсролын салбар, багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөсөр хаяжээ.

Биднийг очиход 29 дүгээр тусгай сургуулийн гадна “Бүх хичээлийг дохионы хэлээр ордог болгоё. Бид хичээлээ ойлгохгүй, сурах эрх зөрчигдөж байна” гэсэн утга бүхий лоозон барьсан жагсагч хүүхдүүдээс гадна эцэг, эхчүүд, тус сургуулийн төгсөгчид ч дэмжихээр ирсэн байлаа. Тусгай сургуулийнхан олуулаа жагсахаар төлөвлөсөн ч зарим сурагчдыг багш нар нь ангиас гаргаагүй учраас цонхны цаанаас дохио зангаагаар харилцаж байлаа.

Тэд хэлгүй, сонсголгүй ч сургуулийн удирдлага болон олон нийтэд хаягласан “Дохионы хэлийг шаардсан” лоозонгоо “Бидний хамгийн тод дуу хоолой” хэмээж байв. Багш нарын дохионы хэл тааруу, зарим үед дохиогоор хичээл заадаггүй нь хүүхдүүдэд хүссэн хэмжээний боловсролыг олгож чадахгүйд хүрсэн байна. Мөн энэ үеэр бас нэг асуудлыг хөндсөн нь багш нар сурагчдаас мөнгө нэхэж дарамталдаг, зоддог явдал цөөнгүй давтагдсан гэдгийг зарим эцэг, эхчүүд хэлэв.

Эцэг, эхийн төлөөлөл Х.Уянга: ХҮҮХДҮҮДИЙГ ДЭЭРЭЛХЭХ, МӨНГӨ НЭХЭХ, ЗОДОХ АСУУДАЛ ИХ ГАРДАГ

-Залуу багш нар дохионы хэл мэддэггүй. Бид юу яриад байгааг нь ойлгохгүй учраас гэрийн даалгавраа хийх нөхцөл бүрддэггүй гэж манай хүүхэд хэлсэн. Багш нартай нь уулзахаар буруу зүйл ярьж байна, ингэж болохгүй гэдэг. Нэг ангид 10 гаруй хүүхэд байхад тэдэнтэй тулж ажиллах бүрэн боломжтой гэж бодож байна. Манай хүүхэд өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй. Түүнээс гадна хүүхдүүдийг дээрэлхэх, мөнгө нэхэх, зодох асуудал их гардаг ч сургуульд мэдэгдээд ямар ч арга хэмжээ авдаггүй.

12а ангийн сурагч Б.Буян-Орших: БИД СОНСОХГҮЙ Ч ГЭСЭН БҮХНИЙГ ХАРДАГ...

 -Бид хичээлээ дохиогоор сурмаар байна. Багш нар бидэнтэй үргэлж уурлаж харьцдаг, өмнө заасан зүйлсээ дахин дахин заадаг. Өмнө нь бид энэ асуудлыг сөхөх гэхэд багш нар “Одоо ойлголоо, битгий ингэ” гэж хэлж байсан учраас  гомдол гаргахаа болиод буцаад хичээлдээ явсан. Багш нараас өрөвдөж, хайрлаач гэж гуйгаагүй. Зөвхөн багш нарын дохионы чадварыг сайжруулж өгөөч. Дохионы хэлээр хичээлийг чадварлаг заадаг болоосой гэж хүсэж байна.

Эрүүл хүүхдүүд яаж сурч байна, тэр хэмжээнд боловсрол эзэмшмээр байна.  Тэд зовж сурдаг бол бид ч гэсэн зовоод сурмаар байна. Бид сонсохгүй ч гэсэн харж байгаа шүү дээ. Бид сургуулиа төгсөөд ЭЕШ-д тэнцдэг бол өнөөдөр ийм асуудал гаргахгүй. Сургууль төгсөх болчихсон, амьдрал нүдэнд харагдаад эхэлчихсэн байхад ийм сурлага муу байгаадаа бачуурч байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

29-р сургуулийн төгсөгч,“Монголын үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөл” ТТБ-ын тэргүүн М.Ганбаатар: БАГШАА ГАРГАЖ ИРЭЭД ДОХИОГООР ЯРИУЛ ГЭХЭЭР ЧАДАХГҮЙ БАЙНА

 -Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль 2016 оны хоёрдугаар сард  батлагдсан. Дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн гэж заасан байгаа. Гэтэл үүнийг энэ сургууль хуулийн хүрээнд харж чадахгүй байна. Багш нар  бүрэн бэлтгэгдсэн байгаа гэж сургуулийн захиргаанаас хэлж байгаа ч, багшаа гаргаж ирээд дохиогоор яриул гэхээр чадахгүй байна. Энэ бол яах аргагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа асуудал мөн. Тиймээс сайн багш нарыг бэлтгэж, чанартай сургалт явуулах хэрэгтэй.

Бид сургуулийн захирал Б.Батсайханаас энэ талаар тодруулахад “Ахмад багш нарын хувьд  тэтгэврийн нас нь болсон учраас гаргахаас өөр арга байхгүй. Шинэ залуу багш нарын хувьд тухайн чиглэлийн хичээлээр бэлтгэгдсэн багш төгсөж ирдэг. Бид тэднийг зохих журмынх нь дагуу сонгон шалгаруулж аваад, өөрсдөө  дохионы хэлний жилийн сургалтад суулгаж мэргэшүүлж авдаг.

Түүнээс хүүхдүүдийн яриад байгаа шиг ганцхан багш дохиогоор ярьж чаддаг, бусад нь ярьдаггүй зүйл байхгүй. Манай сургууль 64 багштай. Тэд бүгдээрээ тодорхой хэмжээгээр дохиогоор ярьдаг. Бид одоо дунд, ахлах ангийн хүүхдүүдийг хүлээн авч уулзаж яаралтай арга хэмжээ авна” гэсэн юм.

Төгсөгчдийн хэлж буйгаар өмнө нь ч энэ сургуулийнхан мөн л чанартай боловсрол эзэмшихийн төлөө жагссан ч сургуулийн зүгээс хүүхдүүдийг хэлмэгдүүлж хавчиж шахсан удаатай гэнэ. Энэ удаад битгий тийм зүйл болоосой. Асуудлыг бодитоор авч үзээсэй гэдгийг хэлж байсан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Лоозон барьж, эрхээ нэхсэн шаардлагын цаана үнэхээр чадваргүй багш, шахалт дарамт байгааг шалгах хэрэгтэй. Түүнээс эсэргүүцсэн сурагчдыг эрх мэдлээрээ далайлгаад зорилгыг нь мохоох явдал давтагдах ёсгүй. Үнэхээр дээрх явдал буй бол салбарын сайд, төр засаг нь анхааралдаа авч асуудалд бодит хандах нь чухал.

Шаардлагатай бол боловсролын системийг нь өөрчилж дорвитой анхаарал тавих учиртай. Ер нь сурагчдын тавьж байгаа шаардлагын дагуу олон нийтийн өмнө багш нараас дохионы хэлний шалгалт авбал ямар вэ. Ингэж байж л сургуулийн захиргаа, сурагчдын хэн нь хэнийгээ гөрдөж байгааг шударгаар шүүнэ биш үү.

Зураг