Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чойжилсүрэн: Валютын хомсдол болж өрийн дарамтад орох эрсдэл өндөр байна

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 3 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс Олон улсын валютын сантай хэлэлцээр хийсний дагуу 2017 оны төсвийн тодотголыг өнгөрсөн баасан гаригт  Их хурлын даргад өргөн барив. Төсвийн тодотгол болон цаг үеийн асуудлаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл сайжирч байна уу. Эдийн засгийг солонгоруулахад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Эдийн засгийн бүтэц хангалттай төвшинд байхгүйгээс валютын хомсдолд орж өрийн дарамтад орох нөхцөл өндөр байгаа. Олон улсын валютын сантай урьдчилсан байдлаар хөтөлбөрөө тохирсон. Эдийн засаг хүндэрлээ гээд байнга валютын сангаас дэмжлэг авч хөгжинө гэж байхгүй. Тиймээс эхний ээлжинд эдийн засгийн бүтцээ өөрчлөх шаардлагатай.

Эдийн засгаа солонгоруулахын тулд уул уурхайн бус экспортыг дэмжихээс өөр аргагүй. Энэ бодлогыг цогцоор нь хэрэгжүүлж эхэлж байна. Эхний ээлжинд Дэлхийн банктай хамтраад экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлж байна. Дэлхийн банктай хамтраад 20 орчим сая.ам доллараар санхүүжүүлнэ. Үүний есөн сая ам.доллараар нь экспортын даатгалын бүтээгдэхүүн бий болгоно. Аж ахуйн нэгжүүдэд юу дутагдаж байгааг судална.

Гадаад зах зээлд гарахад нь чадавхын дэмжлэг үзүүлэх юм. Үр дүнг урьдчилж хэлэхэд хэцүү. Гэхдээ хичээж байна. Ямар ч бүтээгдэхүүн хамаагүй экспорт хийж байгаа бүх аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ. Бизнес эрхлэгчдийг Хөгжлийн банк, шинээр байгуулагдаж байгаа хөдөө аж ахуйн давхар даатгал корпораци дээр байгаа шинэ бүтэц дээр экспорт хийж болох бүх судалгааг гаргаж, нөхцөл боломж баримжаа гаргая гэсэн тооцоотой ажиллаж байна. 

-Гадаадаас авсан зээл тусламжийг аль салбарт хэрхэн зарцуулах вэ?

-Эхний ээлжинд Бүгд найрамдах Солонгос улсаас 500 орчим сая ам.долларын экспортыг дэмжих Экзим банкны зээлийг сарын өмнө авлаа. Голдуу хөдөө аж ахуйн салбар, жижиг дунд үйлдвэрт зарцуулахаар ярьж байгаа. Турк улсаас 300 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохирсон.

Дөрөвдүгээр сарын 16-нд Турк улсад Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой үйл ажиллагаа болно. Үүний дараа санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр хийнэ. Энэ зээлийг мөн хөдөө аж ахуйн салбарт зарцуулна. Хөдөө аж ахуйн салбарт дотоодын хэрэглээг нэмэхээс өмнө гадаад зах зээл рүү хандаж байр сууриа бэхжүүлэх ажлыг эхлүүлэхээс өөр аргагүй.

-Төсвийн тодотголд ямар асуудлуудыг голчлон тусгасан бэ?

-УИХ-аар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард  батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх зорилгоор Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг боловсруулсан.

Тодотголын гол өөрчлөлт бол валютын сантай урьдчилсан байдлаар тохирсон нөхцөлүүдийг оруулсан. Долоон төр­лийн татварыг нэмэх, төсвийн арга хэмжээ ба зардлын тал дээр найман төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилтуудыг  тусгасан.

Төсвийн урсгал зарлагыг бууруулахдаа нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтална. 

Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулах, тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг хүн ам зүйн насны бүтцэд орж буй өөрчлөлттэй уялдуулан урт хугацаанд аажмаар нэмэгдүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Мөн эдийн засгийн идэвхжилийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аяныг эхлүүлэх, Атрын III аяныг үргэлжлүүлэх арга хэмжээг эхлүүлнэ. 

Төсөвт тусгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого зургаан тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 23.1 хувь, зарлага 8.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7 хувь, нийт алдагдал 2.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувьтай тэнцэнэ.

-Алдагдлыг 2.7 тэр­бумаар баталсан нь өмнөх төсвөөс давсан байсан. Шалтгаан нь юу вэ?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төсвийн тухай хуулиар бол төсвийн алдагдлыг 9.1 хувьтай батлуулсан. Энэ удаагийн валютын сантай тохирсон хөтөлбөрөөр бол төсвийн алдагдлыг бага зэрэг нэмэгдүүлсэн. Гол шалтгаан нь ипотекийн зээл Монголбанкин дээр байсныг үндсэн төлбөрөөс орж ирж байгаа хүүгийн төлбөрийн 110 тэрбумыг төсөв дээр аваад төсвийн зарлага талд бүртгэж байгаа учраас 10.6 хувьтай болж байгаа.

Хоёрдугаарт, валютын сантай хөтөлбөр тохирохдоо эдийн засгийн өнгөрсөн жилийн 15.3 хувьтай алдагдлыг зургаан хувиар огцом бууруулахаар эдийн засгийн өсөлт хурдтай саарах магадлалтай учраас алгуур бууруулъя гэдгийг аль аль талдаа ойлголцсон.

-Татвар нэмэх асуудал Их хурал дээр дэмжигдэх болов уу. Төсөвт ямархуу байдлаар суусан бэ?

- Долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх саналыг төсөвт оруулсан. Улсын Их Хурал Засгийн газрын өргөн барьсан хувилбарыг дэмжинэ гэж итгэж байгаа. Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх, автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэхээр тусгасан.

Мөн суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар заасан.

-Төсвийн зарлагыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх зарим хуулийг буцаахаар тодотголд тусгасан байсан. Тухайлбал, ямар хуулийг буцаах вэ?

-Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нөлөөлөл бүхий шинээр батлагдсан зарим хуулийг буцаан өөрчлөх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөсөн. Цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хууль оны дараахан батлагдсан. Энэ хуулийн зарим нэг зүйл заалтуудаар төсвийн зардлыг жилдээ 50 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх юм. Цэргийн албан хаагчдыг төрөөс орон сууцаар хангана, эсвэл түрээсийн төлбөрийг төр хариуцна гэх мэт заалтуудыг 2017, 2018 онд төсвийн нөхцөл боломжтойгоо уялдуулаад буцаахаас өөр аргагүй боллоо.

-Хүүхдийн мөнгийг ирээдүйд нөхөн олгохгүй гэж тусгасан. Хүүхдийн мөнгийг танахгүй байх боломж байгаагүй гэж үү?

-Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байх заалтыг оруулсан. Уг нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 2019 оноос хүүхдийн мөнгийг 40 хувьд нь нөхөж олгоно. Үлдсэн 60 хувьд нь бэлэн олгоно гэсэн шийдвэрийг валютын сантай хөтөлбөрт тохирох явцад урьдчилсан нөхцөл болгоод 60 хувьд өгч байгаагаа багасгаж зорилтот бүлэг болох 40 хувьд нь болгох. Үлдсэн 20 хувийн хэмнэлтийн мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд хоолны талон хэлбэрээр олгох юм. Эдийн засгийн хүндрэлд зорилтот бүлгийг бага хамруулах бодлого барьсан.

-Төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүсийн оронд нөхөж томилгоо хийхгүй юм байна. Үүнийг тайлбарлахгүй юу?

-Төсөв, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед төрийн албан хаагчийг цомхотгохоос зайлсхийж, харин одоо авч буй цалингийн хэмжээг 2017-2018 он дуустал хэвээр хадгалах, төрийн албанаас хууль, тогтоомжид заасан эрхийн дагуу чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхийг түр хугацаанд буюу 2017-2019 он дуустал хязгаарлах заалтыг тусгасан.

2012 оны эхэнд төрийн албан хаагчдын тоо 140 мянга байсан бол 2016 оны дунд үед 180 мянга давчихсан байна. Дөрвөн жилийн дотор 40 мянган хүнээр нэмэгдсэн байгаа юм. Олон улсын валютын сангаас төрийн албан хаагчдынхаа тоог 20 хувиар цомхотго гэсэн нөхцөл тулгаж байсан.

Эдийн засаг хүндрэлтэй үед хүмүүсийг ажилгүй болгохгүйн дунд хэлэлцээрийн явцад тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд хүн томилохгүй байя, боловсрол, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн албанд хоёр хүн тэтгэвэрт гарахын бол нэг хүн томилъё гэсэн хэлбэрээр урьдчилж тохирсон.

-Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэнэ гэхээр танана гэсэн үг үү?

-Танана гэсэн үг биш. Оновчтой, зорилтот бүлгээ онилсон, зөв болгох юм. Нууцгүй хэлэхэд, нийгмийн халамж зарим бүлэгт давхцаж байгаа асуудал бий. Эдийн засгийн хүндрэлтэй үед зорилтот бүлгийн өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэх, оновчтой болгох ажлыг үе шаттай эхлүүлнэ.

-Орлого талдаа 100-аад тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт байсан. Татвар нэмэгдэж байгаа мөртлөө яагаад буурсан юм бол?

-Ирээдүйн тэтгэврийн өв сангийн тухай хууль руу 300 орчим тэрбум төгрөгийг оруулж бичээд, буцаад суутгаж авна. Түүнээс төсвийн орлого буураагүй.

-Томоохон төслүүдийн хувьд төсөвт ямар байдлаар суусан байгаа вэ?

-Хөгжлийн банкны  дотоодын нийт бүтээгдэхүүний 0.6 хувь буюу ойролцоогоор 150 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний арилжааны зээлийг төсвийн зарлага гэж үзсэн. Тиймээс 9.1 хувиас 10.1 хувь болж өссөн шалтгаануудын нэг нь энэ.

-Ээлжит бус чуулган зарлах болов уу?

-Ээлжит бус чуулган зарлахгүй юм шиг. Ирэх сарын 5-нд хаврын чуулган нээлтээ хийгээд нэгдүгээр асуудлаар төсвийн тодотголыг ярина байх.

-Олон улсын валютын сангийн өгсөн  хугацаанд амжиж тодотголоо баталж чадах уу?

-Дөрөвдүгээр сарын эхний хагаст төсвийн тодотгол батлагдана гэсэн хүлээлттэй байна.

-Сүүлийн үед Тост тосон бумбын нуруунд лиценз эзэмшиж байгаа компанитай таны нэр холбогдоод байгаа?

-“Саус гоби коэл транс” гэдэг компанийн 50 хувийг би эзэмшиж байсан нь үнэн. Гэхдээ би хамт ажиллаж байсан залуустаа өөрийнхөө хувийг шилжүүлж өгсөн.

-Засгийн газрын хуралдаанаар 153 мянган га талбайгаар багасгасан байсан. Яагаад ингэж баталсан бэ?

-Өнгөрсөн жилүүдэд сонгууль дөхсөн байсан учраас улстөржүүлээд хүмүүст таалагдахаар шийдвэр гаргасан байсан. Өмнөговийн Гурван тэс суманд одоо ажиллаж байгаа компаниудтай зэргэлдээ орд Тост Тосон бумбын нуруунаас 20-25 км зайтай байгаа. Газар дээр нь очоод үзэж болно.

Зураг