Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

13 дугаар зуунд амьдарч байсан Англи хүний царайг сэргээжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Долоон зууны өмнө Кэмбрижэд амьдарч байсан ажилчин хүний гавлын яснаас царай төрхийг нь сэргээх ажлыг хэсэг эрдэмтэд хийсэн байна.

Дундад зууны Британий томоохон оршуулгын газраас олдсон олон зуун хүний үлдэгдлээс энэхүү гавлыг сонгож сэргээгээд Context 958 гэх нэрийг өгчээ. Оршуулгын газрыг 2010-2012 оны хооронд Гэгээн Жоны коллежийн дороос илрүүлж малтлага хийсэн юм.

Ингээд эрдэмтэд сонгосон гавлын ясыг орчин үеийн царай төрх сэргээх аргаар боловсруулахад гарч ирсэн хүн нь Жэймс Бондын дүрд тоглож байсан жүжигчин Дэниэл Крэйгтэй тун төстэй байжээ.

Оршуулгын газар нь тухайн үеийн ядуусыг оромж, хоол хүнсээр хангаж байсан сүмийн эмнэлгийн хэсэг тул үндсэндээ ядуусын шарилыг агуулдаг юм байна. Судалгааг хийсэн Кэмбрижийн Их сургуулийн Археологийн салбарын профессор Жон Роб эндээс олдсон араг яснууд нь тухайн цаг үеийн нийгмийн доод гарлын хүмүүсийн амьдралыг судлахад үнэтэй мэдээлэл болж байгааг онцолжээ.

Context 958 нь 40 гаруй насандаа нас барсан хүн гэнэ. Түүний хувьд амьдралын төлөө тэмцэл нэлээд хүнд байсныг харуулах баримтууд олдсон байна. Тухайлбал түүний шүднүүд бага залуу насандаа ургахаа зогссон нь ямар нэг өвчтэй, эсвэл багадаа өлсгөлөнд нэрвэгдэж байсны шинж гэнэ. Мөн гавалны ард мохоо зүйлээр гэмтээсэн бэртэлтэй, нэлээд шүднүүд нь үрэвсэж муудсан байжээ.

Одоогоор Context 958-ийн хар, цагаан зургийг гаргаад байгаа ба ДНХ шинжилгээ дууссаны дараа нүд, үсний өнгийг тодруулж өнгөтэй болгох юм.

Гэхдээ яаж ч тодруулсан энэхүү долоон зууны өмнө нас барсан эр нойр дутуу, ядрангуй, нүдний доод зовхи нь унжсан Дэниэл Крэйгийн царайтай ижил байгааг судлаачид онцолжээ.

 

Эх сурвалж: The Verge