Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Нийтийн тээвэр БЭЛЭН МӨНГӨӨР үйлчилснээрээ өдрийн орлогын 23 хувиа алдаж байна”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийтийн тээврийн автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зөвхөн картаар зорчуулах болсонтой холбоотой өнөөдөр Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлээ. 

Автобусанд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс бэлэн мөнгөөр зорчуулахгүй

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн дарга Р.Ган-Эрдэнэ, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Ц.Дамдинсүрэн, Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар зэрэг албаныхан оролцлоо. 

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээний 929 автобус ажилладаг бөгөөд өдөртөө 600 мянган зорчигч тээвэрлэдэг байна. Нийтийн тээврийн үйлчилгээг илүү боловсронгуй болгож, нийтийн тээврийн орлогыг бүрэн биелүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 1-н буюу Бямба гарагаас картад бүрэн шилжихээр болжээ. 

Өнөөдрийн байдлаар нийт төлбөр төлж зорчиж буй хүмүүсийн 63 хувь нь бэлэн мөнгөөр, 37 хувь нь картаар зорчдог гэсэн мэдээллийг Нийслэлийн тээврийн газраас өглөө. Иргэд дутуу, уранхай, тасархай бэлэн мөнгө хайрцганд хийснээс болж нийтийн тээврийн орлого буурчээ. 

Иргэдийн 70 хувь нь цахим гартаар үйлчлүүлж байгаа ч 50 хувь нь хөнгөлөлттэй зорчигчид байдаг

 

Энэ талаар “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн дарга Р.Ган-Эрдэнэ “Манай компани Нийтийн тээврийн газартай хамтраад судалгаа хийж үзсэн. Бэлэн мөнгөний хайрцгийг аваад, зөвхөн картаар үйлчилж үнэн бодит орлогыг гаргаж ирсэн.

Судалгааны үр дүнгээс харахад бэлэн мөнгөөр үйлчилснээрээ өдрийн орлогын 23 хувиа алдаж байна. 

Иргэдийн 70 хувь нь цахим гартаар үйлчлүүлж байгаа ч 50 хувь нь хөнгөлөлттэй зорчигчид байдаг” гэв. 

Автобусны картын үнийг хөнгөлж тодорхой хугацаанд 2,000 төгрөгөөр зарж эхэлжээ

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Ц.Дамдинсүрэн “Тээвэрчид бид ухаалаг системд шилжсэнээс хойш энэ хайрцгийг авахыг шаардаж эхэлсэн. Үүнээс болоод иргэд Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг урах, тасархай мөнгө хийх асуудал гаргаж байна.

Мөн тээвэрчдийг иргэдийн мөнгө завшдаг гэж ярьдаг. Бид энэ хардлагаас ангижирмаар байна. 

Нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн тоо буураагүй ч орлого өдөр ирэх тусам буурсан. Энэ картандаа шилжээд явахад нийтийн тээврийн орлого өснө” гэв.

Энэ шилжилттэй холбоотой автобусны картын үнийг хөнгөлж тодорхой хугацаанд 2,000 төгрөгөөр зарж эхэлжээ.

Мөн гэр хорооллын захын иргэдэд 20 мянган карт тарааж өгөхөөр төлөвлөж байгаа юм байна.

Үүнээс гадна нэг сар хязгааргүй зорчих картыг том хүн картаа 25 мянган төгрөг, хүүхэд 8 мянган төгрөгөөр худалдан авч болно.

Харин орон нутгийн иргэд картаа худалдан авч хэрэглэчихээд буцахдаа эргүүлэн өгч худалдаж авсан мөнгөө буцааж болох ажээ. 



“Улаанбаатар Смарт Карт” ХХК-иас дараах картуудыг санал болгож байна.

  1. Өөрт ойр байрлах ТҮЦ, Дэлгүүрүүдээс Энгийн болон Хүүхдийн U money картыг худалдан авч өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглүүлэн зорчих боломжтой.
  2. Банкны салбар, ATM, Интернетээр цэнэглэн Нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглан боломжтой “Сити пасс” картаар зорчих боломжтой. Тус картыг Улаанбаатар хотын Хаан банкны салбаруудад картаа захиалан авна. Дэлгэрэнгүй мэдээллийг Хаан банкны 1800-1917 утсаар лавлана уу.
  3. Гар утасны сим картаа солиулан NFC сим картаараа төлбөрөө төлөн зорчих боломжтой. Тус NFC сим картыг Юнителийн үйлчилгээний салбарт хандаж авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 1414, 77778888 утсаар лавлана уу.
  4. Хязгааргүй зорчих эрхтэй сарын том хүний болон хүүхдийн картыг худалдан авч зорчих боломжтой. Тус картыг нэг удаа худалдан аваад цаашид интернетээр төлбөрөө төлж сунгуулан ашиглах боломжтой юм.