Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Сүрьеэгүй ирээдүйн төлөө нэгдэцгээе!

ikon.mn
2017 оны 3 сарын 24
iKon.MN
 

Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягтай ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны түрүүнд Forbes Mongolia сэтгүүлээс гаргасан “Шилдэг 30 залуу” жагсаалтад шалгарсанд баяр хүргэе! Сэтгэгдэл ямар байна?

-Баярлалаа. Мэдээж дэлхийн нэр хүндтэй сэтгүүлийн жагсаалтанд орсондоо баяртай байна. Хамгийн гол нь салбартаа манлайлж байгаа эдгээр залуус хамтдаа нийгмийн сайн сайхны төлөө даацтай, шинэлэг зүйлүүдийг хийнэ гэдэгт итгэж байна.   

-Таныг сүрьеэгийн элч болсон гэж сонссон. Яаж яваад сүрьеэтэй холбогдов?

-Үнэндээ элч болох санал хүлээн автал энэ өвчний талаар ойлголт муутай байлаа. Анх сүрьеэгийн элч болох саналыг тавьсан Харвардын их сургуулийн профессор Д.Ганмаагийн байгуулсан MHI байгууллагыг сайн мэдэхийн хувьд саналыг эргэлзэлгүй хүлээн авсан. Тус байгууллага нь Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллага ба арав гаруй жил Д аминдэм, сүрьеэгийн судалгаануудыг олон улсын стандартын дагуу  хийж ирсэн.

Хэдийгээр тус байгууллагын үйл ажиллагааг бахархан харж явдаг ч яагаад сүрьеэ гэж бодсон л доо. Ингээд тус байгууллагын хийж байгаа “Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” төсөлтэй танилцаад энэ өвчинтэй тэмцэхэд чадах бүхнээ зориулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

Анх Улаанбаатар хотын 15 сургуулийг хамарч байсан бол одоо 21 аймаг, бүх дүүргүүдийг хамарч байгаа энэхүү төсөлд 9,000 хүүхэд оролцож байгаа ба сүрьеэгийн халдвар илрүүлэх олон улсын стандартын IGRA шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж, Д аминдэм тогтмол уугаад явж байна. Судалгааны урьдчилсан дүнгээс харахад сурагчдын 10 хувь нь сүрьеэгийн далд халдвартай, түүний 150 гаруй нь идэвхитэй халдвартай гэж гарсан нь сэтгэл эмзэглүүлсэн.

Тус судалгаагаар халдварын түвшин нь нас ахих тусам нэмэгддэг, гэр хороололд  амьдардаг хүүхдүүдийн дунд далд халдвар 30 хувь илүү бол тамхичин эцэг эхтэй хүүхдүүдийн дунд далд халдвар 20 хувь илүү байсан ба сүрьеэгийн халдвартай хүн гэрт нь байгаа хүүхдүүд 4 дахин илүү далд халдвар авсан гэсэн дүн гарсан. 

-Монгол дахь хүүхдийн сүрьеэгийн  өвчлөл нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хэр үзүүлэлт бэ?

-ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан ба ДЭМБ хамтран Монгол улс түүхэндээ  анх удаа шинжлэх ухааны үндэстэйгээр Сүрьеэгийн тархалт түүн дотроо халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалт 15 дээш насны хүмүүсийн дунд хэр байгаа дээр судалгааг хийсэн юм билээ.

Энэ судалгаагаар 100,000 хүн амд 576 байна гэж гарсан, тэгвэл энэ судалгааны араас MHI байгууллага Улаанбаатар хотын 220,000 сурагчдын төлөөлөл болсон 9,000 хүүхэд шинжилгээ хийхэд 150 гаруй идэвхтэй сүрьеэ илрүүлсэн ба 100,000 хүүхдэд  шилжүүлбэл 1,479 болж байна. Энэ нь хүүхдийн сүрьеэгийн өвчлөл насанд хүрэгчдийнхээс 3 дахин өндөр байгааг харуулж байгаа юм.

Дэлхийд одоогоор хүүхдийн дунд сүрьеэгийн ийм өндөр  өвчлөлтэй улс манайхаас өөр байхгүй гэхэд хилсдэхгүй байх. Энэ бол аймшигтай сэтгэл түгшээсэн тоо.

-Хүүхдүүдийн өвчлөлд ямар онцлог шинж тэмдгүүд байдаг юм бол?

-Би мэргэжлийн хүн биш болохоор сайн мэдэхгүй ч өвчилсөн хүүхдүүдийн дийлэнх нь хавьталтай буюу сүрьеэгээр өвдсөн хүмүүстэй цуг амьдарч байсан гэдэг нь судалгаагаар гарсан. Үүнээс гадна тэд маш их хордлоготой, туранхай, өсөлт хөгжлийн хоцрогдолтой байсан. 

Идэвхтэй сүрьеэгээр өвдөөгүй ч далд  халдвар авсан хүүхдүүдийн хувьд мөн л уушгины уг  өргөссөн, булчирхай нь тодорсон хамгийн гол нь уушгины зураглал тодорч бүгд  бронхиттой  гарсан. Хүүхдүүд атлаа 20 жил тамхи татсан хүний уушги шиг зураглалтай байсан. 
Энэ бол агаарын бохирдол хүүхдүүдийн уушгинд хэрхэн нөлөөлж байгааг харуулж байгаа бодит жишээ юм.  

-Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр гэж сонссон. Энэ өвчинтэй тэмцэхэд бид юу хийх ёстой вэ?

- Монгол улсад сүрьеэгийн нөхцөл байдал маш хүнд байна. Бид нэг өдөр сүрьеэ гэж яриад маргааш нь нам жим болох ёсгүй л дээ. Энэ бол байнга олны анхааралд байх ёстой сэдэв. Өдий болтол сүрьеэтэй тэмцэж ирсэн хүмүүсийг би үнэхээр хүндэлж биширч байна. Ялангуяа талбар дээр ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд бол эгэл боловч эгэлгүй баатрууд юм. Гэхдээ ингэж тэмцээд сүрьеэгийн өвчлөл буурахгүй байна. Хамгийн аюултай нь гол санхүүжүүлэгч болох Глобаль сан нь 2020 оноос энэ өвчинтэй тэмцэхэд өгдөг байсан санхүүжилтээ зогсооно гэж байгаа. Тэгэхээр Монгол улс алс хэтээ бодож энэ өвчинтэй тэмцэх шинэчилсэн стратеги боловсруулж, олон талт оролцоог хангаж нийтээрээ тэмцэх хэрэгтэй болоод байна. 

Гуравхан сая хүн амтай улс орон хүмүүсээ өвчлөхөөс нь өмнө буюу сүрьеэгийн бактери унтаа хэлбэртэй хүний биед орсон байхад нь оношлоод эмчилчхэд болмоор санагддаг. Гэтэл одоо бид нэгэнт өвчилсөн,  бүр эмэнд тэсвэртэй сүрьеэтэй буюу асар өндөр өртгөөр эмчлэгдэхээр болсон үед нь арга хэмжээ авах гэж оролддог. Дэлхий нийт өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлдэг арга барилд шилжээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Бид тийшээ л явах ёстой.  

Сүрьеэг устгаж чадсан орнууд сүрьеэгийн далд халдвартайгаа тэмцэж устгасан байдаг. Тухайлбал АНУ Аляск дахь уугуул иргэдийнхээ сүрьеэг устгахдаа далд сүрьеэтэй тэмцэж устгасан. Одоо ч АНУ-д очсон Монголчууд бүгд сүрьеэгийн шинжилгээ өгч далд сүрьеэтэй бол урьдчилан сэргийлэх эмчилгээнд ордог. Гэтэл манай улсын хувьд далд сүрьеэгийн эмчилгээ оношлогооны стандарт нь хангалтгүй, энэ чиглэлээр бараг үйл ажиллагаа огт явуулахгүй байна. Ийм тохиолдолд сүрьеэгийн өвчлөл огт буурахгүй.

Сүрьеэгийн өвчлөл өндөр орнуудад зөвхөн төрийн байгууллагууд сүрьеэтэй тэмцээд  дийлддэггүй, энэ ажлыг төрийн бус байгууллага, бизнес, ард иргэд, урлаг соёлын одод оролцож байж устгаж ялж дийлсэн байдаг. 

Сүрьеэтэй тэмцэх ажлын хүрээнд бид Харвардын Их Сургуулийн “Сүрьеэгүй хотууд” санаачилгад нэгдэж Улаанбаатар хотоо сүрьеэгүй хот болгохоор ажиллаж байна. Өнөөдрийн сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт төдийгүй цаашид сүрьеэтэй тэмцэхэд намайг сүрьеэгийн элчээр сонгож дэмжин ажиллаж байгаа ЭМЯ, УБ хотын НЭМГ, MHI, ХӨСҮТ, WHO, Глобаль сан, МАТА, НЭМХ болон бусад сүрьеэтэй тэмцдэг байгууллагууддаа баярлалаа.  Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ НЭМГ дарга Н.Ганцэцэг нар энэ ажлыг маш их дэмжиж байгаад баяртай байна. Хувийн хэвшлүүдээс Голомт банк идэвхитэй оролцохоо мэдэгдсэн ба бусад хувийн хэвшил ч гэсэн дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.

-Танд баярлалаа. Монголын нийгмийн эрүүл мэндийн төлөө ингэж нэгдэн ажиллаж байгаа та бүхэнд амжилт бүхний дээдийг хүсье. 

-Бид нийтээрээ хичээж, хамтран ажиллавал Монгол улс сүрьеэгүй улс болж чадна гэдэгт итгэлтэй байна.