Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

АРДЫН ҮГ: Монгол судлалаа аврах монголчуудын тэмүүлэл

ikon.mn
2017 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монголын медиа корпорациас санаачлан, хэрэгжүүлж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд Монгол Улсын гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажлыг иргэдээр хэлэлцүүлж, дүгнүүлсэн билээ.

Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэд буюу “Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн ажилд 10 хүртэлх онооноос 8.9 оноо өгсөн юм. Харин энэ удаад бид “Монгол хэмээх нэгэн нэр” гэсэн ерөнхий агуулгын дор “Монгол хэл бичиг”, “Монгол өв соёл”, “Монголын түүх”, “Монгол судлал”, “Монгол хүн” гэсэн сэдвээр “Ардын үг” зөвлөлдөх аяныг үргэлжлүүлж байна. Ерөнхийлөгчийн эх түүхээ судалж, дэлгэрүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр хийсэн ажил, санаачилгуудыг энэ удаа онцолж байна.

Улс орны хөгжлийг нүдэнд харагдаж, гарт баригдах хүчин зүйлүүдээс гадна дэлхий дахин хэрхэн сонирхож, судалж байна гэдгээр нь хэмждэг. Энэ хэмжүүрээр бол Монгол Улс тун хойгуур цохиж яваа. Монгол судлалын хүрээ хумигдаж, судлаачдын залуу халаа бараг тасрах дөхсөн нь нууц биш. Ийм л нөхцөл байдалд Олон улсын монголч эрдэмтдийн X их хурал 2011 онд Улаанбаатарт болсон билээ. Урьд өмнөх хурлуудаас энэ хурал арай л өргөн цар хүрээтэй, сүр дуулиантай болсон юм. Учир нь уг хурал дээр хэлсэн Ерөнхийлөгчийн үг нэг насаар Монгол орныг зүйл бүрээр судалсан мэргэдэд итгэл найдвар төрүүлсэн билээ.  

 

X их хурлын индрээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын төрөөс монгол судлалыг онцгой анхаарах, дэмжих цаг болсныг онцлон тэмдэглээд, Монгол судлалыг дэмжих сан байгуулах санал дэвшүүлсэн. Энэхүү санаачилга удалгүй Засгийн газарт чиглэл болон очиж, Монголын түүхэнд анх удаа Монгол судлалын сан байгуулагдсан. Таван жилийн дараа 2016 онд болсон Монгол судлалын XI их хурлаар Улаанбаатарт 400 гаруй эрдэмтэн цугларсан.

Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Д.Заяабаатар:

-Одоогоос хэдэн жилийн өмнөх монгол судлал чин үнэнийг хэлэхэд унтаа, намжмал байдалд байсан. Харин өнгөрсөн дөрвөн жилд дэлхийн монгол судлал сэрж сэргэсэн, монгол судлалын төв Монголд бий гэдгийг ойлгож, мэдэрсэн гэж бодож байна. Монгол судлалыг төрийн бодлогоор дэмжье, хөгжүүлье, монгол судлал бол төрийн бодлогын цөмд байх ёстой зүйл гэж үзсэн нь хамгийн том ололт байсан. Энэ бүхэн монгол судлал цаашид улам өргөжих, эрчимжин хөгжих, дэлхийн олон оронд монгол судлалын төв шинээр бий болохын эх суурь болсон... Хамгийн сүүлд Итали, Канад, Туркээс монгол судлалын төв байгуулмаар байна гэдэг саналыг ирүүлээд байна.

Монгол судлалын залуу халаа

Монгол судлалын хойч үе тасарч байгаа талаар туршлагатай эрдэмтэд сануулсаар байгаа. Ялангуяа гадаад улс орнуудад Монгол ороныг судлах сонирхолтой залуу оюутан багассар байгаа нь эмзэглэмээр асуудал. Ийм учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс монгол судлалаар суралцах гадаадын иргэнд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох болсон. Энэ тэтгэлгийг олгодог болсоор дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.

Уг тэтгэлгийг 2013-2017 оны хооронд Орос, Герман,  Унгар, Чех, Иран, Киргиз, Польшоос нийт 17 залуу судлаач хүртжээ. Мөнгөн тэтгэлгээс гадна хэрэгцээтэй ном, сурах бичгээр хангагдсан эдгээр судлаачид монгол судлалыг ачааг ирээдүйд үүрэлцэнэ. 

Монгол судлалын төвүүдийн галыг таслахгүйн тулд...

 

Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан, академич Д.Төмөртогоо гурван жилийн өмнө,  “1960-1980 онд дэлхийн хэмжээний монголч эрдэмтэд цөөнгүй байсан. Тэдэнтэй тэнцэх хүмүүс одоохондоо алга. Мөнгө санхүүгийн асуудлаас болж Европ, Америк дахь монгол судлалын олон жижиг төвүүд хаагдсан.  АНУ-д бараг 10 орчим албан, албан бус төвүүд байсан бол одоо ганцхан Индианагийн их сургуулийн монгол судлалын төв үлдсэн. Бас л хүнд байдалтай. Германы Берлины их сургууль, Гумбольдтын их сургуулийн монгол судлалын төвүүд хаагдсан. Харин Боннын их сургуулийн төвийг ганц, хоёр профессорын түвшинд авч үлдэхээр болсон” гэж ярьж байлаа. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс өөрт хуваарилагдсан төсвөөсөө энэ чиглэлд чадах чинээгээрээ анхаарал тавьжээ. Германы Боннын их сургуульд л гэхэд Монгол судлалын төвийн санхүүжилтийн хагасыг Монгол талаас даах болсноор авч үлдсэн аж. Түүнээс гадна Унгар, Чех, Польш, Солонгосын монгол судлалын төвүүдэд санхүү, тоног төхөөрөмж, монгол судлалын ном, эрдэм шинжилгээний эмхэтгэлийн тусламж үзүүлжээ.

Түүхээ “түүж ирнэ”

 

Монголын түүхийн үнэт чухал дурсгалууд гадаад орнууд арвин буй. Соёлт иргэншилт улсуудын хадгалж үлдсэн эдгээр дурсгалуудыг эх орондоо авчрах талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чамгүй хүч тавьжээ. 2011 онд Итали улсад айлчлах үеэр Ватиканы нууц архиваас Монголын хаадын 3 захидлын хуулбарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулжээ. Турк улсын Истанбул хотноо орших Топкапи буюу хаадын ордон музейгээс Рашид-Ад Дины “Судрын чуулган”-ы эхийг электрон хэлбэрээр буулган бэлтгэснээ Ерөнхийлөгчид мөн гардуулсан. 

2012 оны наймдугаар сард Исламын Бүгд Найрамдах Иран улсад айлчлах үеэр Султания хотод орших Монголын Ил хаан Өлзийт хааны бунхантай танилцаж, айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхийлөгчийн ярилцан тохиролцсоны хүрээнд тус улс дахь Монголын түүхэнд холбогдох дурсгалуудыг судлах томоохон төсөл хэрэгжиж эхлээд байгаа. ОХУ-ын Эрмитажийн музейд хадгалагдаж буй Ноён уулын олдворуудаас бүрдсэн каталоги бэлтгэн хэвлүүлэх ажил ч ид үргэлжилж байна.

Олон Улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн ухааны доктор С.Чулуун

-Дэлхийн Монгол судлалын төвүүд 1990-ээд оны дараагаас бага сага хүнд нөхцөлд орж зарим төвүүд, семинар татан буугдаж байсан. Харин Монголын төрөөс сүүлийн хэдэн жилд Монгол судлалыг сэргээх, дэмжих зорилгоор тодорхой бодлого, хөтөлбөр, дэмжлэгүүдийг үзүүлж эхэлснээр энэ хандлагыг өөрчилсөн... Бодитой дэмжлэг, бодитой бодлого, хамтын ажиллагааг харж болохоор байна.

Дэлхийн Монгол судлалын төвүүд уламжлалт судалгааны хэл, түүхийг судлах ажиллагаанд төвлөрөхөөс гадна нийгэм соёлын хүн судлал, археологи, эдийн засаг, орчин үеийн улс төрийн байдлыг судлах явдал ихэссэнээс гадна дан ганц Монгол Улсыг бус бүс нутгийн хэмжээнд анхааран судлах явдал идэвхжиж байгаа.