Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

З.Баянсэлэнгэ: МАХН-аас С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх санал тавиагүй

Н.Пунцагболд
2017 оны 3 сарын 24
Монголын мэдээ

Энэ долоо хоногийн онцлох үйл явдлын талаар хэн, юу хэлснийг хүргэж байна.

Ж.Эрдэнэбат: Ард түмэн биш, Монголын төр бүсээ чангална 

 
Гэрэл зургийг Mpa.mn

/Ерөнхий сайд/

-Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрч буй долоо хоногт нэлээд идэвхтэй ажиллаж, шийдвэртэй санаачилгууд гаргаж байгаа. Тэрбээр Монголын төрийн томчууд бүсээ чангалж, тансаглалаа хасахыг сануулаад авсан. Тодруулбал “Хамгийн түрүүнд ард түмэн биш, харин Монголын төр өөрөө бүсээ чангална. Монголын хууль цааз бүсээ чангална. Монгол төрийн сахилга бат бүсээ чангална. Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ.

Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй. Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц. Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгож байна. Хэрвээ тавилга нь гологдож, албаны унаа нь тухгүй санагдаж байвал тэр хүн өөрөө ажилдаа гологдож байна гэж ойлго. Тэнд таныг хувийн бизнесээ хийгээд илүү тансаг өрөөнд ажиллах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө бид харин энд зүтгэе.

Тавилга нь гологдож, албаны унаа нь тухгүй санагдаж байвал тэр хүн өөрөө ажилдаа гологдож байна гэж ойлго.

Маргаашаас эхлээд, төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорч. Татвар төлөгчдийн хөрөнгөөр,  ердийн тийзнээс 2-6 дахин өндөр үнэ төлж бизнес ангилалд тухалж явдаг төрийнхний тансаглалыг  өнөөдрөөс тасалбар болгоорой. Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат та хяналт тавьж ажиллаарай. Хэрвээ тэр хүн заавал нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууж явмаар байгаа бол үнэ, тарифын зөрүүг нь өөрөө, хувиасаа  төлөөд яв. 

Ерөнхий сайд миний томилолт, айлчлалыг аль болох бага зардлаар, цомхон хийж байх талаар "Төрийн ёслолын журам"-д өөрчлөлт оруулж, шийдвэрлүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт үүрэг болгож байна. Эхний ээлжинд Ерөнхий сайдыг орон нутагт ажиллахад аймаг, сумынхаа хилийн зааг дээр угтдаг, үддэгийг өнөөдрөөс зогсоо. Аймгийнхаа төв, сумынхаа хаалга дээр нь цомхон бүрэлдэхүүнтэй зохион байгуулахад болохгүй зүйл байхгүй. Энэ нь зочдоо угтах, үдэх ёсоо үгүйсгэж байгаа юм ерөөсөө биш.

Хэд хэдэн жип хөлөглөн орон нутгийнхаа хилийн зааг хүртэл хэдэн зуун км давхиж ашиггүй зардал гаргадгийг л больё гэж байгаа юм. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирлууд байгууллагаа ашигтай ажиллуулж чадахгүй бол чаддаг хүнд нь ажлаа өгөөрэй. Засгийн газар байгуулагдсаныхаа дараахан төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн захирлуудын цалин, урамшууллыг 30-60 хувь бууруулсан.

Одоо бусад хангамж, илүүдэл зардалд боломжит хэмнэлт, таналт хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болгож байна” хэмээн хэлсэн юм.  

Ц.Оюунгэрэл: Хүссэн мөнгөө олдог нам гэж хаана ч байхгүй 

 
Гэрэл зургийг Mpa.mn

/УИХ-ын гишүүн асан/ 

-УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ын дотоод сонгуультай холбоотой асуудалд нэлээд хатуу байр суурь илэрхийлж, эсэргүүцэж байгаа билээ. Хамгийн гол нь сонгууль явуулах нэрийдлээр мөнгө хурааж байгаа нь түүнийг ийн эсэргүүцэхэд хүргэж байгаа ажээ. Тэрбээр “АН-ын дотоодын сонгуулийн хорооны зохион байгуулж байгаа зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Түүнээс болоод эсэргүүцэл илэрхийлээд,  дотоод сонгуульд  нэр  дэвшээгүй. Хураамж,  дэнчингийн  мөнгө зөвхөн сонгуулийн зохион байгуулалтад зарцуулагдах ёстой.

Гэтэл тийм өндөр дүнтэй хураамж авч байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Өмнө нь ийм өндөр дүнтэй хураамж авч байгаагүй учраас үүнийг илүү их эсэргүүцэж байгаа. Мэдээж тодорхой хэмжээний мөнгө авах ёстой. Гэхдээ хүссэн мөнгөө олдог нам гэж хаана ч байхгүй. Манай нам улс төрийн үйл ажиллагаагаа зохион байгуулах хангалттай чадварлаг гишүүдтэй, татвар төлөгч гишүүдтэй.

Гэтэл өнөөдөр татвар төлөгч нарынхаа төлдөг татварыг хэд дахин нэмсэнд би маш их шүүмжлэлтэй хандаж байгаа.  Үндэсний бодлогын хороонд нэр дэвшээгүй бас нэгэн шалтгаан надад бий. Яг ийм тохиолдолд яах ёстой, улс төрийн намууд ямар шийдвэр гаргаж байсан жишгийг мэдэхгүй байна. Манай нам бол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, дүрэмтэй. Гэтэл шинэ дүрмээр байгуулагдах институци байгуулах гэж байгаа нь эргэлзээтэй асуудал болж байгаа юм. Хамаг мөнгөө төлөөд энэ сонгуульд оролцлоо гэхэд сонгуулийн үр дүн эрх зүйн чадамжтай болж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм.

Энэ эргэлзээг намын удирдлага, Ерөнхий нарийн бичгийн дарга Улсын дээд шүүхээс бүртгэхээс татгалзсан заалтуудыг өөрчлөх, намын дотоод асуудлаа хурдан цэгцлэх ёстой. Дөрөвдүгээр сарын 2-оос өмнө энэ эргэлзээг арилгаж, тодорхой ажлуудаа яаравчлах шаардлагатай” хэмээн ярьжээ. 

З.Баянсэлэнгэ: МАХН-аас С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх санал тавиагүй 

 
Гэрэл зургийг Mpa.mn

/УИХ-ын гишүүн асан/

-МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг асуудал нэг том сэдэв болсоор байгаа билээ. Саяхан УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар МАХН-аас нэр дэвших нь гэх мэдээлэл гарсан. Үүнийг МАХН-ынхан үгүйсгэж байгаа билээ. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ ч энэ талаар ярьсан байна. Тэрбээр “Манай намын хувьд ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан нэр дэвшигчээ дотооддоо тодруулах, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах асуудлаас илүүтэйгээр Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажилд гол анхаарлаа төвлөрүүлээд байна.

Мэдээж УИХ-д суудалтай, улс орны хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, нийт сонгогчдын багагүй санал авдаг намын хувьд МАХН ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Одоогоор манай намыг, намын даргыг тойрсон хэлмэгдүүлэлт, гүтгэлэг, зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт холбогдуулах гэсэн санаархал бүрэн дуусаагүй байна. Ийм үед бид энэ асуудалд яаран анхаарлаа хандуулахгүй байгааг нуух юун. Тухайн цаг хугацаанд нь нийцүүлэн, намын Бага чуулганаар асуудлыг хэлэлцэнэ.

Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө өнгөц хэлбэр дээрээ намуудаас хэн дэвшихтэй холбоотой асуудал мэт харагдаж болох. Гэвч энэ нь улс орны хэмжээний том асуудал. Бид сонгогч бүрийн саналыг хүндэтгэх учиртай.

Тиймээс ямар хүнийг хэрхэн дэвшүүлэх вэ гэдэг чухал. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед нийт сонгогчдын итгэлийг даахуйц хэмжээний мэргэжил боловсрол, нэр хүндтэй нам гэсэн үүднээс асуудалд хандахааргүй хүнийг нэр дэвшүүлэн, ялах замыг эрэлхийлэх ёстой. Хамгийн чухал нь бид улс төрийн тогтолцооны гажуудлыг засах ёстой гэж үзэж байна. Ингэж байж л төрийн албанд очсон сайн хүний хэрэг гарна.

Тиймээс бид төрийн тогтолцооны гажуудлыг Үндсэн хуулийг шинэчлэн найруулах замаар засах зорилго тавьсан. Ард түмэнд энэ талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хүргэхийн зэрэгцээ орон нутгуудаар явж, олон түмнийхээ санаа бодлыг сонсох ажлыг эхлүүлээд байна.

Парламентад суудалтай гурван нам л байгаа. Эдгээр намууд хуулийн хүрээнд ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэг гишүүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. Тэгэхээр иргэний хөдөлгөөнд ажиллаж байсан, өмнө нь боломжийн хэмжээнд УИХ-ын гишүүнийхээ үүргийг гүйцэтгэсэн бие даагчдын хувьд ерөнхийлөгчийн сонгуульд аль нэг намтай нэгдэх замаар нэр дэвших бодол байхыг үгүйсгэхгүй.

Хувь хүнийхээ зүгээс шүү дээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар МАХН-аас С.Ганбаатарт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал тавиагүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Энэ бол хэн нэгэн, эсвэл улс төрийн намуудын зүгээс өөрийн хүсэл зорилго, амбицаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан илэрхийлдэг зорилтот мэдээлэл, бор шувуу гэж ойлгож болно” хэмээн ярьжээ.

Зураг