Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосыг ялсны дараа Хятадын хөлбөмбөгийн фэнүүд гудамжинд жагсжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед харилцаа нь муудаад байгаа Өмнөд Солонгосын багийг хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд Хятадууд буулгаж авсан нь сүүлийн 30 жилийн түүхэнд ердөө гурав дахь удаагаа тохиосон амжилт болжээ.

Хунань мужийн Чанша хотод Хятадын шигшээ баг Өмнөд Солонгосыг 1:0-ийн харьцаатай ялсны дараа THAAD пуужин эсэргүүцэх зэвсгээс үүдэлтэй маргаанаас болоод солонгосчуудад таагүй хандах болсон Хятадын иргэд гудамжинд бөөнөөр гарч баяраа тэмдэглэсэн байна.

 

Тэдний зарим нь төрийн далбаагаа намируулж, сүлд дууллаа дуулж байжээ. Уур амьсгал ийм байдалд хүргэхийг таамаглаж байсан эрх баригчид тэмцээнийг эхнээс нь анхааралтай ажиглаж байсан юм. Тэмцээнийг хөгжөөн дэмжихээр 30,000 хүн цуглана гэсэн таамаг гаргаж 10,000 гаруй цагдаа бэлэн байдалд ажилласан байна. Үндсэрхэг үзлийг дэврээж, эмх замбараагүй байдал үүсэхээс болгоомжилсон нь энэ байлаа.

Хэдийгээр Хятадууд 2018 оны ДАШТ-д орох магадлал маш бага байгаа ч энэхүү гэнэтийн ялалт нь тэдний итгэл найдварыг дахин сэргээжээ. Урьдчилсан шатны тэмцээнүүдэд Хятадын баг гурав хожигдож, хоёр тэнцээд байсны дотор зургаан сарын өмнө Сөүлд болсон тэмцээнд Өмнөд Солонгост 3:2-оор ялагдсан юм.

Өмнөд Солонгосын багийг ялна гэдэг Хятадуудын хувьд хэцүүд тооцогддог ба бүр фэнүүдийнх нь дунд “Солонгосоос айх өвчин” гэсэн хошигнол хүртэл гарсан байдаг ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post