Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Гүйхгүй, Эргэж буцахгүй, Орилж хашхирахгүй, Биесээ түлхэхгүй”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

~Өдрийн сурвалжлага~

Газар хөдөлсний улмаас хорт хийн утаа, тоос шороо бужигнаж Соёлын Төв Өргөө орчмын газар саарал мананд автлаа.

Онцгой байдлын албаныхан энэ үеэр хамгийн түрүүнд ирж үзэгчдийг /үзвэр үзэж байсан/ аюулгүй талбайд гаргах ажиллагаа явагдав. Энэ үеэр иргэд гүйхгүй, эргэж буцахгүй, орилж хашхирахгүй, биесээ түлхэхгүй гэсэн зарчмыг баримтлах ёстой байна. Ингэхдээ хүзүү болгон толгойгоо дээрээс унах магадлалтай хүнд даацын зүйлээс хамгаалах учиртай.

“16:00 цагт Гамшгийн зарлан мэдээллийн дохио дуугарав...”

 

 

Гамшгаас хамгаалах сургуулилт өчигдөр буюу Пүрэв гарагт /03.23/ улс орон даяар зохион байгуулагдлаа. Уламжлал болсон энэ үйл ажиллагааны хүрээнд 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дохиог дуугаргадаг.

Сүхбаатарын талбайд Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран  иргэдийг аврах ажиллагаа зохион байгуулсан юм.

Уг ажиллагаанд дүүргийн иргэд, цагдаагийн газар, яаралтай түргэн тусламж, эрүүл мэндийн байгууллагуудаас 356 хүн, 25 техник хэрэгсэл идэвхтэй оролцсон юм.

Иргэдийг Соёлын Төв Өргөөнөөс гаргасны дараа аюулгүй талбайд цугласан иргэдийг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч нар хүлээн авч асуумж асуулаа. Хэрэв гэмтэж бэртсэн, түлэгдсэн хүмүүс байвал яаралтай тусламж үзүүлэн, эрүүл иргэдийг хамгаалах байр руу илгээнэ.

Соёлын Төв Өргөөний хаалгаар аюулгүй зай талбайд гарсан иргэд:

 

“Газар хөдлөлтийн гамшгийн үеэр олон төрлийн гэмт хэрэг гардаг”

Энэ үеэр төв хаалга харагдахгүй болсон байв. Газар хөдлөлтийн нэгдүгээр чичирхийлэлт явагдсаны дараа гал унтраах ажиллагаа нэн даруй явуулдаг. Эхний дуудлагаар Соёлын Төв Өргөөнөөс хамгийн ойр тул Чингэлтэй дүүргийн аврах, гал унтраах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ирэв.

Хоёр дахь дуудлагаар Сүхбаатар дүүргийн аврах, гал унтраах 36 дугаар ангийн бүрэлдэхүүн замдаа гарчээ.

“Дайны хажуугаар дажин” гэгчээр газар хөдлөлтийн үед бусдын эд зүйлийг дээрэмдэх, объектоос эд зүйл хулгайлан зугтаах зэрэг гэмт хэргүүд ихээр гардаг байна.

Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн гинжин хамгаалалтад гарчээ.

Аврах албаныхан гал унтраах, аврах ажиллагаа явуулж байх хойгуур хоёр иргэн бусдын цүнхийг дээрэмдэж, зурагт хулгайлахыг завдав. Цагдаагийн байгууллагынхан уг үйлдлийг нэн даруй зогсоож, хэрэгтнүүдийг баривчиллаа.

 

“Эрэн хайх, аврах үйл ажиллагаа амжилттай явагдав”

Газар хөдлөлтийн гамшиг тохиолдсоны дараа Нийслэлийн аврах ангийн тандалтын бүлэг объектод нэвтэрч тандалт судалгаа хийх, нурангид дарагдсан иргэдийг аварч тусламж үзүүлэх ажиллагаа явууллаа.

Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн газар хөдлөлтийн улмаас угаартсан иргэдийг дамнуургаар зөөн амжилттай аварч байв. Онцгой байдлын албаныхан сунадаг, шаттай автомашинаар дээвэр рүү ус цацаж, бороошуулах хэлбэрээр гал унтраалаа.

Мөн нурууны хүнд гэмтэл авсан иргэдийг дээд давхраас олс, дамнуурга ашиглан хөдөлгөөнгүй буулгаж яаралтай тусламж үзүүлж байв. Газар хөдлөлтийн үеэр энэ бүх ажиллагаа зэрэг явагддаг байна.

 
 

Нийслэлийн Онцгой Байдлын албаны Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа А.Дашням “Газар хөдлөлтийн аюулын үед Соёлын Төв Өргөөнд олон хүмүүс үзвэр үзэж байхад ямар аврах ажиллагаа явуулж, мэргэжлийн байгууллагын ажилтнууд яаж ажиллах ёстой юм гэдгийг харуулсан сургалт зохион байгууллаа.

Энэ сургууль их үр дүнтэй. Газар хөдлөлтийн аюул нийслэлд их ойрхон байгаа. Тиймээс бид үүнд бэлэн байж, дадлага сургуулилтыг байнга хийж байх ёстой” гэсэн юм.

Гамшгийн дадлага сургуулилтыг олон иргэд үзэж сонирхож, өөрт хэрэгтэй мэдээллийг авлаа. 

ФОТО ЗУРГУУД: 
 
 
 
 
 

Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn