Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Лондоны халдлагыг Исламын улс бүлэглэл өөртөө хүлээлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Исламын улс бүлэглэлийн суртал нэвтрүүлгийн суваг болох Амак агентлаг Лондон хотод гарсан халдлагыг өөртөө хүлээж байгаагаа өчигдөр зарлажээ.

Гүйцэтгэгч нь Британид төрсөн муслим байсан ба Британий тагнуулынхны бүртгэлд байсан хүн гэдгийг ерөнхий сайд Тереза Мэй мөн зарласан байна.

Дөрвөн хүн алагдаж, 40 орчим хүн бэртсэн халдлагын дараа цагдаа нар Британи даяар шуурхай ажиллагаа явуулж найман хүнийг баривчилжээ. Амак агентлагийн мэдэгдэлд “Өчигдөр Британий парламентын ордны гадаа үйлдсэн халдлагыг Исламын улсын дайчин гүйцэтгэсэн нь бидэнтэй тулалдаж байгаа холбоотон орнуудад өгөх сануулга байлаа” гэсэн байна.

Уэстминстерийн гүүрэн дээр автомашинд мөргүүлж гэмтсэн иргэдээс 29 нь эмнэлэгт эмчлүүлж байгаагийн долоо нь хүнд байдалтай байгаа ажээ. Тэдний дотор Лондонд аялж байсан Францын сургуулийн сурагчид, гадаадын жуулчид байна.

Энэхүү үйл явдал Брюссельд гарсан террорист халдлагын жилийн ойтой давхцжээ. Тэр үед 32 хүн бөмбөг тэсрэлтэд амь үрэгдэж, халдлагыг Исламын улс бүлэглэл гүйцэтгэснээ хүлээсэн юм.

Өчигдөр Лондон хотын Трафалгарын талбайд цуглаан болж халдлагад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн байна.

Лхагва гарагт Уэстминстерийн гүүрэн дээр явсан машин явган хүмүүсийг мөргөж явсаар парламентын ордны дэргэд хашлага мөргөж зогссон. Түүний дараа машиныг жолоодож байсан этгээд хутгаар зэвсэглэн парламентын ордон руу гүйх замдаа нэг цагдаагийн амийг хөнөөж, дараа нь өөрөө буудуулж алагдсан юм.

 

Эх сурвалж: South China Morning Post