Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Путиныг шүүмжлэгч Киев хотод алагдлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжлэгчдийн нэг Денис Вороненков өчигдөр буюу Пүрэв гарагт Украины нийслэл Киев хотын төвд буудуулж амиа алджээ.

Вороненков Оросын парламентын гишүүн байсан бөгөөд эхнэр Мария Максаковагийн хамт өнгөрсөн жил Оросоос дүрвэсэн юм. Түүний эхнэр бас парламентын гишүүн байжээ.

Путины холбоотон бөгөөд Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийн эсрэг хэрэгт Вороненков гэрч болж байсан юм. Сүүлийн өдрүүдэд тэрээр Кремлийг шүүмжилсэн ярилцлага гадаад, дотоодын хэвлэлүүдэд удаа дараа өгч, тэр ч байтугай Оросын улс төр, шүүх засаглалыг Нацист Германы үеийнхтэй зүйрлэж байсан удаатай.

Хэдийгээр түүнийг Путины ойрын хүн байсан, Крымийг Орост нэгтгэхийн төлөө санал өгч байсан зэрэг шүүмжлэлүүд дэгдэж байсан ч Киев Вороненковыг Украины иргэн болгосон юм. Түүний үхлийг Кремлийн захиалга байсан гэх сэжиг таамаг хүчтэй байна.

Вороненков амь нас нь аюулын ирмэг дээр байгаагаа ч мэдэж, энэ талаар ярьж байсан гэнэ. Тухайлбал тэр “Аюулгүй байдлын улмаас бид хаана амьдарч байгаагаа хэлэх боломжгүй байна” гэж Вашингтон Пост сонинд ярьж байсан бол Оросын дэглэмийн талаар “Энэ бол бүхэлдээ ямар ч ёс зүйгүй систем. Тэд дургүй нь хүрвэл ямар ч аюултай алхам хийж магадгүй. Бидэнд юу тохиолдохыг хэлж чадахгүй нь” гэж байжээ.

Өнгөрсөн сард тэр Украины Гордон мэдээллийн сувагт ярихдаа “Оросын телевизийн нэвтрүүлгээр хүмүүс ‘Вороненковыг Роман Сушенкогоор (Орост хоригдож байгаа Украины улс төрийн хоригдол) солих хэрэгтэй, хэрвээ чадахгүй бол түүнийг Бандера шиг (Украины үндсэрхэг үзэлтэн) алах хэрэгтэй’ хэмээн орилж байна. Орос хүмүүс галзуурчээ, тэдэнд ямар ч эрүүл ухаан алга” гэж ярьж байсан юм.

 

Эх сурвалж: Quartz