Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын хуучин удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар болжээ

Р.Саруул
2017 оны 3 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн сараас эхэлж хотын дарга С.Батболд Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах үүднээс хотын хаа сайгүй эгнэн байршсан ТҮЦ-үүдийг буулгах их ажлыг эхлүүлсэн ч энэ нь зогсонги байдалд орсон. Энэхүү ажил зогсох болсон шалтгаан хотын өмнөх удирдлагуудын замбараагүй, ямар ч төлөвлөлтгүйгээр нэг дор олноор нь зөвшөөрөл өгснөөс болж өдгөө ТҮЦ буулгах ажил зогсчихоод буй юм.

Тухайлбал, одоогийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 1,500 орчим ТҮЦ байдаг гэнэ. Эдгээрийн тоог цөөлж цэгцлэх гэсэн боловч иргэд хэл ам гаргаж асуудал үүсгээд байгаа юм. Тэгвэл яагаад иргэд хэл ам гаргах болов оо. Тэд энэхүү ТҮЦ-ийг ажиллуулахын тулд хотын өмнөх удирдлагуудад хэдийнэ хэрийн шан харамж өгч, хэн гэгч этгээдийн бизнесийг дэмжиж, ямар нууц хуйвалдаан болоод байгааг бид сонирхсон юм.

Дашрамд дурдахад, нийслэл хотын стандартад нийцсэн гээд байгаа эдгээр ТҮЦ-үүдийн 90 гаруй хувийг хотын дарга асан Э.Бат-Үүл, Нийслэлийн ерөнхий менежер асан Б.Бадрал нарын хүмүүс “Киг” ХХК-ийн захирал Д.Мөнхбатыг дэмжиж байршуулсан аж.

“Киг” ХХК дангаараа монополь байсан

Энэ асуудлаар "Олон нийт иргэний хяналт ТББ-ын тэргүүн А.Батзориг дараах зүйлсийг ярьсан юм. Тэрбээр “Киг” ХХК-ийн захирал Д.Мөнхбат хотын өмнөх удирдлагуудын тусламж дэмжлэгтэйгээр 10-11 сая төгрөгийн үнэ бүхий 300 орчим ТҮЦ-ийг иргэдэд худалдсан. Тэрбээр өөрийнх нь компаниас ТҮЦ худалдаж авсан иргэдийн бичиг баримт болон газрын зөвшөөрөл зэргийг маш хурдан хугацаанд гаргаж өгч байсан.

Уг нь тэдний өндөр үнэтэй зарсан ТҮЦ-ийг яг ижил загвараар хувь хүн болон барилгын компаниуд дөрвөн сая төгрөгөөр хийж өгөхөө хотын удирдлагуудад мэдэгдэж байсан. Гэвч тэд хүлээж аваагүй. Хэрвээ тухайн үед Э.Бат-Үүл, Б.Бадрал дээрх хүсэлтийг хүлээн авсан бол хотын одоогийн удирдлагуудын хийхээр зэхэж буй ажил цаашаа явах боломжтой байсан. Учир нь иргэд 10-11 сая төгрөгийн үнэтэй ТҮЦ худалдаж аваад жил ч болоогүй байж яаж амьжиргаанаасаа салж өрнөөсөө гарах юм бэ гэдэг асуудал үүсэх болсон юм.

Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн тус компани иргэдэд 300 орчим ТҮЦ зарсан бол нийслэлд байгаа 1,500 ТҮЦ-ний 1,200 ширхгийг нь ганцхан “Киг” компани эзэмшиж түрээслүүлдэг. Тэд энэхүү түрээсээрээ маш их орлого олдог.

Тухайлбал нэг ТҮЦ-ийн сарын хөлс нь 850,000-1,000,000 төгрөг байдаг байна. ТҮЦ-ийн түрээсийн дундаж үнэ 850,000 төгрөг. Үүнийг тооцож үзвэл “КИГ” ХХК нь сардаа нэг тэрбум төгрөг жилдээ 12 тэрбум 24 сая төгрөгийг ТҮЦ түрээслэгч иргэдээс шулж байна гэсэн үг. Түүнчлэн ТҮЦ эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Дамба 36 ашигтай байрлалд нэг ТҮЦ-ийг сарын 1 сая төгрөгөөр түрээслүүлж, жилд 432 сая төгрөг олдог бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1.728 тэрбум төгрөг олсон байна.

Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл, Б.Бадрал нар тэдэнтэй хамтарч хамгийн багадаа 71,988,000,000 төгрөгийг олчихоод байна гэсэн үг. Тиймээс бид дээрх нэр бүхий хоёр хүнийг АТГ-т шалгуулахаар хандах гэж байна" гэлээ. Ямартай ч иргэд өндөр үнээр ТҮЦ худалдан авснаас болж ийнхүү хохироод байгаа аж. Тиймээс л хотын удирдлагуудын хийхээр төлөвлөөд байгаа хотын өнгө үзэмжийг сайжруулах ажил зогсох болсон энэ гэж иргэд үзэж буй аж.

ТҮЦ-ийн зөвшөөрөл авахад 5-15 сая төгрөгийн хахууль өгч байсан

Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түмэн холбооны тэргүүн Д.Тогтмаа “Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл болон хотын Ерөнхий менежер асан Б.Бадрал нарын хувьд хэдхэн аж ахуйн нэгжид давуу эрх олгож ТҮЦ эрхлэгч гэх нэрийн дор томоохон мөнгөний ажлыг хийх боломжийг хэсэг бүлэг этгээдэд өгчихсөн. Тухайлбал хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа нэрийн дор төмөр ТҮЦ-ийг нураах ажлыг дөрвөн жилийн өмнө хийсэн.

Оронд нь “Киг” ХХК-ийн үйлдвэрлэсэн гэх ТҮЦ-ийг хотын гудамжинд байршуулах болсон. А.Батзориг гуай тодорхой ярьсан учраас дахин нуршмааргүй байна. Өнгөрсөн жил засаг захиргааны шийдвэрээр ТҮЦ-т стандарт тогтоож нийтдээ таван удаа сольсон. Тухайлбал, 2014-2016 оны хүртэл иргэдэд нэг ТҮЦ-ийг 8-25 сая төгрөгийн үнэтэй шахсан. ТҮЦ эрхлэгчид өр зээл тавьж, засаг захиргаанаас тогтоож өгсөн журмын дагуу тендерт ялсан компаниас зээлээр авч худалдаа эрхлэх болсон.

Өр зээл тавин байж ТҮЦ худалдан авахаар 25 сая төгрөг төлсөн боловч өнөөдрийг хүртэл ТҮЦ-ээ авч чадалгүй гэмт хэрэгтэн болчихсон хүн ч олон байна. Хотын удирдлагуудын хамгийн алдаатай шийдвэр бол ТҮЦ эрхлэх зөвшөөрлийг дүүргийн харьяанд өгсөн явдал. Бид ТҮЦ эрхлэх зөвшөөрлөө дүүргээс хүсэхэд тэд ашиг сонирхлын зөрчил гаргаж 5-15 сая төгрөгийг хахуульд авч, ТҮЦ-ийн тусгай зөвшөөрлийн бичиг баримтыг бидэнд өгч байсан. Түүнчлэн газрын актыг газрын албанаас олгодог байхад худалдаа үйлчилгээнийхэн олгож байх жишээтэй.

Угтаа бол ТҮЦ-ийн зөвшөөрөл дүүрэгт очсоноор бизнес болон хувирсан гэсэн үг. Хотын өмнөх удирдлагуудын буруутай үйлдлээс болж өнөөдөр ийм асуудал үүсчихээд байхад хариуцлага тооцохгүй байна. Яг үнэндээ ТҮЦ эрхлэгчид бүгд өөрийн хүчээр баялаг бүтээж улс эх орныхоо төсвийн ачаанаас үүрэлцэж явахад ийм шийдвэр гаргасан хүмүүст нь хариуцлага тооцохгүй байгаад гайхаж байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхгүй бол бид тэмцлийн ямар ч хэлбэрийг сонгон тэмцэхэд бэлэн байна. Учир нь бидэнд одоо алдах зүйл байхгүй” хэмээлээ.

Ямартай ч ТҮЦ эрхлэх эрх өвөртөлсөн "КИГ" ХХК болон Б.Дамба тэргүүтэй “ТҮЦ эрхлэгчдийн холбоо” гэгчийн өвөр, түрийндээ орсон бизнес иргэдийг маш ихээр хохироож зөвхөн өөрсдийнхөө халаасыг хэдэн тэрбумаар түнтийлгэж байгаа нь хуульд яасан ч нийцэхгүй нь ойлгомжтой.

Хэрвээ дээрх хүмүүсийн ярьсан зүйл үнэхээр үнэн бол тэд өнгөрсөн хугацаанд 71 тэрбум 988 сая төгрөгийн түрээсийн орлоготой ажиллаж байсан бол улсад хэдэн төгрөгийн татвар төлөв гэдэг нь бас л анхаарал татах асуудлын нэг. Хэрвээ энэ асуудлыг хууль хяналтынхан шалгаад үнэн худлыг нь дэнсэлбэл хотын удирдлагуудын хийж хэрэгжүүлэхээр зэхсэн олон ажлын нэг нь ч гэсэн урагшлах биз ээ.

Зураг