Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Медалийн давалгаа

ikon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN

Өвлийн тусгай олимпод оролцохоор мордсон манай охид, хөвүүд медалийн ургац арвинтай байна.

Цасны гуталтай гүйлтийн эрэгтэй 25м төрлөөр С.Тэмүүлэн мөнгө, Цасны гуталтай гүйлтийн эмэгтэй 100, 200м зайнаас Б.Оюунбилэг тус бүр нэг мөнгөн медаль, Гүйлтийн цанын эрэгтэй 50м, 100м төрөлд М.Гантөмөр хүрэл, алт, Гүйлтийн цанын эмэгтэй 50м, 100м төрөлд Н.Уянга алт, мөнгөн медаль хүртэж Монголын шигшээ баг нийт 7 медаль хүртээд байна. 

Өнөөдөр Монголын цагаар 22:00 цагаас Цасны гуталтай гүйлтийн эрэгтэй 50м-т С.Тэмүүлэн медалийн төлөө, мөн 22:00 цагаас манай Бөмбөгтэй хоккейн хөвүүд хүрлийн төлөө тоглох юм байна.

Алтын төлөөх тоглолтын эрхээс мултрав

Хэсгийн таван тоглолтдоо 3 хожиж, 2 хожигдон медалийн төлөө өгсөж тоглохоор болсон манай Бөмбөгтэй хоккейн баг өчигдөр буюу 3-р сарын 22-нд тэмцээн явагдаж байсан спортын зааланд уран гавшгай өрсөлдөөн үзүүлж шуугиан тарилаа.

Үдээс өмнөх тоглолтод Энэтэхэгийн багийг 10:5 харьцаагаар бут ниргэсэн монголчууд үдээс хойш Кот д’Ивуарын ширүүхэн багтай оноолт таарсан юм. Хоёр өдрийн өмнө мөн оноолт таарч 8:3-аар Монголын баг хожигдсон. Ийнхүү нэг нь хожлоо бататгахаар, нөгөө нь хариугаа авахаар хоёр баг тулсан юм. 

Тоглолт эхлэхэд Кот д’Ивуарчууд илт давамгайлан оноогоор тэргүүлж, манайхан 2 онооны зөрүүтэй араас нь нэхэж байлаа. Гэвч сүүлийн агшинд монголчууд хоёр гоол хийж 4:4 харьцаагаар тоглолт дуусав. Асар том зааланд дөрвөн тоглолт зэрэг явагдаж байсан ч бүх үзэгчид эл тоглолтыг үзэхээр хошуурч, телевизийн хөтлөгч нар ч онцолж эхэлсэн юм. 

Шүүгч нар цаг сунган тоглуулсан ч багууд мөн л 0:0-ээр тэнцэв. “Тусгай олимпийн бөмбөгтэй хоккейн төрлийн дүрэм энэ хүрээд дуусчихлаа” хэмээн албаныхан мэдэгдэж, шуурхай хуралдсанаар торгуулийн цохилтоор хожлыг шийдэхээр боллоо. Ийнхүү заал дүүрэн орилоон, дэмжихээр ирсэн монголчууд уухай, шүглийн дуу, бөмбөрийн нүргээн доор багууд шилдэг гурав гурван хүнээ гаргалаа.

Гэвч манайхан нэг гоол хийж, хоёр гоол алдаж харамсалтай ялагдал хүлээв. Энэ олимпийн хамгийн хүчтэй багтай эн тэнцүү тоглож, хожих шахсан хөвүүдийнхээ харуусал, нулимсыг харсан монголчууд ч нулимс унагаж байлаа.

Хөвүүд маань өнөөдөр хүрэл медалийн төлөө Намибийн багтай тоглож тэмцээнээ өндөрлөнө. 

Грацын монголчууд

Грац хотын монголчууд тамирчдаа дэмжиж тоглолт бүр дээр олноороо цугларч байна. Улсынхаа далбааг гаргаж зохион байгуулалттайгаар дэмжих тэд хүүхдүүдэд урмын үг хэлж, тэвэрч, тун ч халуун дотно байгаа билээ. Грацын монголчууд багийн хүүхдүүдийг Макдональлдст дайлж, гэртээ урьцгаалаа. Мөн буцахад нь бэлэг өгөхөөр төлөвлөж буйгаа ярив. Монголын баг ирж Тусгай олимпод оролцож байгаад тэд тун ч баяртай байгаа бөгөөд Кот д’Ивуартай өчигдөр хийсэн халуухан тоглолтыг тэд “сүүлийн арван жил” үзээгүй сэтгэл хөдөлгөсөн үйл явдал боллоо гэв.