Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хэтрүүлж идэхгүйн тулд ТАРХИА УДИРДАХ аргууд

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Жингээ барихын тулд хоолоо хасах, элдэв дэглэм барихаасаа өмнө энгийн аргуудаар тархи оюун, сэтгэл санаагаа хуурч сурах хэрэгтэйг судлаачид зөвлөж байна.

Профессор Чарьлз Спэнс, мастер тогооч Жозеф Юсуф нарын санал болгож байгаа дөрвөн аргатай танилцана уу.

 

Том тавгийг жижиг тавгаар солих

Судалгаагаар хүн жижиг хэмжээтэй аяга, тавагтай хоол идэхэд их идэж байна гэсэн мэдрэмж төрдөг нь харагджээ. Харин том тавганд энэ хоолоо хийгээд идвэл бага идсэн мэт сэтгэгдэл төрнө. Ижил хэмжээтэй хоолыг том тавганд хийх, жижиг тавганд хийхэд өөр өөр мэдрэмж төрдөг. Хэдийгээр бид үүнийг ялгаагүй гэж мэдэж байгаа ч бидний тархи хууртдаг гэнэ.

Үүнээс гадна хүнд жинтэй аяга таваг, халбага сэрээ ашиглавал амархан цаддаг болох нь судалгаагаар батлагджээ.

Тиймээс жижиг хэмжээтэй ч хүнд жинтэй аяга, тавганд хоолоо хийж идвэл амархан цадна.

 

Идэхэд хэцүү байлга

Хоолыг идэхдээ зориудаар амархан биш байлгахад бага иддэг. Тухайлбал солгой гараараа халбага, сэрээгээ барьж идвэл их идэхгүй. Мөн шөлийг зориуд жижиг халбагаар идэх, хоолоо савх ашиглан зоогловол цадахад нөлөөлдөг. Нэг үгээр хэлбэл ам руугаа ихээр цутгах боломжийг ямар нэг аргаар багасгах хэрэгтэй юм.

 

Телевиз үзэхгүй байх

Телевиз үзэх зэрэг өөр үйлдэл хийнгээ хоол идэхэд ердийнхээс 30 хувь илүү иддэг гэсэн судалгаа бий. Олон хүн хоолны ширээний ард суухгүй, харин телевизийн өмнө сууж хоолоо иддэг. Телевизээс гадна гар утас гэсэн шинэ дайсан гарч ирээд байгаа. Өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлж идэхэд хоолны таашаах мэдрэмж тархинд бага очих тул цадсан гэх сэтгэгдэл мөд төрөхгүй гэсэн үг юм. Ингэснээр хэтрүүлж идэхэд хүрдэг.

Тиймээс телевизээ унтрааж, утсаа өөр өрөөнд цэнэглэж орхиод хоолны ширээний ард суухыг бодоорой.

 

Бүх мэдрэмжээрээ ид

Харах, үнэрлэх, хүрэх, сонсох гээд бүх мэдрэмжээ ашиглаж хоол идвэл амархан цаддаг. Олон судлаачид хоолны амтны багагүй хувь нь үнэрээр хүнд мэдрэгддэг гэж үздэг байна. Мөн халуун аяга барьж, сайн зажлан, зажилж, тамшаалж байгаагаа сонсон идэх нь маш чухал. Бас ямар хоол идэж байгаагаа харж таашаах хэрэгтэй. Энэ бүх мэдрэмжүүд бүгд тархинд дохио болж хүрснээр эргээд хоолондоо цадах шийдвэр амархан гарна гэсэн үг.

 

Эх сурвалж: The Guardian