Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Камбож эхчүүдийн хөхний сүүг Америкт зарж байгааг НҮБ шүүмжилжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Камбож эхчүүдийн хөхний сүүг АНУ-ын эхчүүдэд зардаг компанийн үйл ажиллагааг НҮБ-ын хүүхдийн сан хатуу шүүмжилжээ.

AНУ-ын Юта мужийн Амбросиа Лабс компани Камбожид ийм бизнес хийж байсан гэнэ. Шүүмжлэлийн дараа Камбожийн сангийн сайд хөхний сүүний экспортыг түр зогсоожээ. Яриа хэлэлцээрийн дараа экспортыг үргэлжүүлэх эсэхийг шийднэ гэж засгийн газрын эх сурвалж мэдээлсэн байна.

Хөхний сүүгээр хүүхдээ хооллож чаддаггүй Америк эмэгтэйчүүдийн хувьд энэ нь эрэлттэй бүтээгдэхүүнд тооцогддог гэнэ.

Гэвч энэхүү эрэлтийг хөгжиж байгаа орнуудын хүүхдүүдийг золиослох замаар хангаж болохгүй гэж ЮНИСЕФ үзсэн байна. “Ядуу, эмзэг бүлгийн эхчүүд хөхний сүүгээ мөнгө олох хэрэгсэл болгож хэзээ ч болохгүй” хэмээн Камбож дахь ЮНИСЕФ-ийн суурин төлөөлөгч Иман Морока мэдэгджээ.

Тэр “Хөхний сүү бол цустай адилхан хүний биеийн эд эсэд тооцогдох тул бизнес болгохыг хориглоно. Хүүхдийн хоол тэжээл дутагдалтай Камбожид хөхөөр хооллох нь хүүхдийг эрүүл өсгөх нэг гол хүчин зүйл юм” гэсэн байна.

ЮНИСЕФ-ийн зөвлөмжинд хүүхдийг хоёр нас хүртэл өдөрт доод тал нь таван удаа хөхөөр хоолллох шаардлагатайг заасан байдаг гэнэ.

Амбросиа компани Камбожоос оруулж ирдэг сүүгээ ариутгадаг, эхээс нь цусны шинжилгээ авдаг, тээвэрлэхдээ хөлдөөдөг тул эрүүл ахуйн шаардлага хангасан гэж хариу мэдэгдэл хийжээ. Компанийг үүсгэн байгуулагчдын нэг нь болох Бронзон Вүүдс Камбожид Мормоны шашны элчээр ажиллаж байхдаа ийм бизнес сэдэж олжээ.

Вүүдсийн хамтрагч Райан Нюэлл зургаан сар хүртэл ойтой хүүхдийн эхээс сүү авдаггүй гээд энэ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гаргасан зөвлөмж гэж тайлбарласан байна. Тэр Камбожид 30 орчим эхийг сүүний донороор ажиллуулдгаа яриад хэрвээ энэ бизнес нь зогсвол тэд ажилгүй болно гэжээ.

Камбожийн засгийн газар уг асуудлыг талуудтай хэлэлцэж байж шийдтэлээ экспортыг түр зогсоосон байна.

 

Эх сурвалж: The Guardian