Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын Кебек мужид Монгол Улсын Өргөмжит консулын газартай боллоо

ikon.mn
2017 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Канад Улсын Кебек мужид ажиллах Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлт 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Монреал хотноо боллоо.

Ёслолын үеэр Элчин сайд Р.Алтангэрэл, дэд сайд Жонн Стефан Бернар, Монреал хотын захиргааны гадаад хамтын ажиллагааны дарга Хенри Паул Нормандан, Өргөмжит консул Поль Лемей нар үг хэлж, Элчин сайд Р.Алтангэрэл Өргөмжит консул Поль Лемейд Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, Монгол Улсын төрийн далбаа, өргөмжит консулын тамга, Канадын Гадаад хэргийн яамнаас олгосон зөвшөөрлийн үнэмлэх зэргийг гардуулав.

Элчин сайд Р.Алтангэрэл хэлсэн үгэндээ шинээр томилогдсон Өргөмжит консулын үндсэн үүрэг нь Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудал хэмээн онцоллоо.

Монгол, Канадын өргөн хүрээтэй түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлан таниулах, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг тэмдэглэн Өргөмжит консул Поль Лемей ажлын амжилт хүслээ.

 

Кебек мужийн Олон улсын харилцаа, франкофоны дэд сайд Жонн Стефан Бернар, Монреал хотын захиргааны гадаад хамтын ажиллагааны дарга Хенри Паул нар худалдаа, эдийн засаг, соёл урлагийн нөлөө бүхий Кебек мужид Монгол Улсын Өргөмжит консулын газар ийнхүү нээгдэж буй нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа мөн илэрхийлж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Канадын Кебек мужид Монгол Улсын 500 орчим иргэн аж төрдөг. Монреал хотын Монголчуудын холбоо, Монгол-Канадын боловсрол, соёлын төв, Монгол хэл бичгийн дугуйлан зэрэг байгууллага энэ мужид үйл ажиллагаа явуулж байгаа аж.

 

Эх сурвалж: ГХЯ